Өнгөрөгч наймдугаар сард өрх толгойлсон 30 настай нэгэн эмэгтэй автомашины осолд орж, амь насаа алдсан. Улмаар талийгаачийн цогцосноос зарим эд, эрхтнийг нь авахыг гэр бүлийн гишүүд нь зөвшөөрсөн болов ч зөвшөөрснөөс бусад эрхтнийг нь авсан байсан талаар мөн талийгаачийн амь насыг хохироосон жолооч оршуулгын зардал хийгээд бусад мөнгөн тусламжийг үзүүлээгүй гэж ар гэрийнхэн нь Zarig.mn сайтад хандсан байдаг.
Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон Zarig.mn сайтын хамт олон талийгаачийн 3 хүүхдийг байртай болгохоор хандивын аян зохион байгуулсан бөгөөд өнөөдөр албан ёсоор хандивын аянаа зогсоож буйгаа мэдэгдлээ. Тодруулбал,
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг, "Хандивын аянаа ар гэрийнхэнтэй нь яриад зогсоож байна, хүлээн авна уу.
Заригийн пэйж, миний фэйсбүүк хаягийг репортлоод, фэйсбүүк компаниас хамрах хүрээг хумьж, хязгаарлалт тогтоосон байгаа билээ. Энэ хязгаарлалтын хугацаа 10 хоногийн дараа дуусна.
Миний охин машинд дайруулаад нас барчихлаа, хэрэг нь хаагдаж байна. Эд эрхтэнг нь буян санаад өгтөл бидэнд хэлэлгүй илүү авчээ гээд хөөрхий ар гэрийнхэн хандсан.
Хэдийгээр хязгаарлагдмал байгаа ч олон нийтийнхээ хүчээр мэдээллийг ил болгож, хуулийн байгууллагад шилжүүллээ.
“Эмнэлгээс хурдан сэрээд ирээрэй” гээд залбирах 3 тэрсхэн хүүд 2-3 өрөө байр авч өгөх 202 сая төгрөг 17 цагийн дотор цуглалаа. Олны хүч оломгүй далай гэж үнэхээр сайхан байна. Та бүхэндээ ахин дахин баярлалаа. Хандивын аянаа ингээд зогсоож байна, бид гаднаас орлого орохгүй байх үйлчилгээг авахаар хүсэлт тавьлаа.
Байрыг 3 хүүхэд, эмээгийн нэр дээр зарж борлуулах, барьцаанд тавих эрхгүй нөхцөлтэйгээр гэрчилгээн дээр бичүүлнээ.
Миний ардын сэтгэл цагаан, та бүхнийнхээ энэ их итгэлээр зүтгэлээр хариулнаа, баярлалаа.
Нэг нь нийтийн төлөө
Нийт нь нэгийн төлөө гэдгийг яг сайхан биеээрээ мэдэрлээ.
Төр нь 3,5 сая төгрөг өгчихөж чадахгүй хорголоо тоолж байхад Монголын ард түмэн тэд нараас гуйж яадаг юм бэ гээд энэ гурван хүүгийн нийгмийн асуудлыг ингээд шийдээд өглөө, үнэхээр их баярлаж байна" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.