
Түрээсийн байр гэдэг залуусын хувьд түр зуурын сонголт мэт боловч жил ирэх тусам амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг болчихдог нь өнөөгийн нийгмийн үнэн төрх гэлтэй. Цалин нэмэгдэхэд байрны түрээс дагаад өснө. Нөгөөтээгүүр байршлаас шалтгаалан үнэ дахиад хэд ч нугарна. Мэдээж хямд байр хайн хотын зах руу нүүвэл тэр хэрээр зардал, чирэгдэл нэмэгдэнэ. Гэхдээ хаана амьдрахаас үл хамаараад сарын орлогын тодорхой хэсэг нь байрны төлбөрт явдаг болсон нь бодит үнэн. Тэгвэл бид энэ удаа түрээсийн байрны үнийн өсөлт, хүртээмж болоод бидний тэр бүр анзаараад байдаггүй түрээслүүлэгчдийн дунд байдаг "тренд"-тэй холбоотой асуудлыг хөндөж байна.
"Түрээсээ төлөөд үлдсэн мөнгөөрөө хуримтлал үүсгэх нь бүү хэл дараагийн цалин хүртэл яаж тэснэ дээ л гэж боддог"

"Цалин орсон өдрөө хамгийн түрүүнд байрны мөнгөө л боддог болж дээ. Орон сууцтай болохын тулд хуримтлал үүсгэе гэж дандаа боддог ч түрээсэндээ л хамаг мөнгөө зарцуулчихдаг. Ямар түрээсээ төлөхгүй байж байгаад гудманд гаралтайн биш дээ. Цалингаас үлдсэн жаахан мөнгөөрөө хуримтлал үүсгэх нь бүү хэл тэр сараа яаж давна даа л гэж боддог болсон" гэж ярих залууг А.Билэгжаргал гэнэ.
Тэрбээр оюутан байх үеэсээ Улаанбаатарт байр түрээслэн амьдарч, цалингаас цалин түрээснээс түрээс хооронд аж төрж буй буй олон мянган залуусын л нэг. Их сургуулиа төгсөөд ажилтай болж, сар бүр тогтмол цалин авдаг болсон хэдий ч өөрийн гэсэн байртай болох нь түүний хувьд одоохондоо холын зорилго хэвээр байгааг ийн санаа алдан ярина. Учир нь анх байр хайж эхэлж байсан үетэй нь харьцуулахад өнөөдөр түрээсийн үнэ мэдэгдэхүйц нэмэгджээ. Түүний хувьд одоогоор нэг өрөө байр түрээслэн амьдардаг ба сарын түрээсэнд 1.5 сая төгрөг төлдөг. Тэрбээр "Өмнө нь арай бага үнээр байр түрээсэлж амьдраад болоод л байдаг байсан сан. Гэтэл 8 сар дөхөөд байрны эзэн маань гэрээгээ шинэчлэх нэрийдлээр түрээсээ нэмсэн байсан" гэв.
-ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧ: Бензиний үнэ хүртэл тэнгэрт хадчихаад байхад түрээсээ нэмэхээс өөр яалтай-
Харин түрээслүүлэгч иргэн шалтгаанаа “Зах зээлийн үнээ дагаад л түрээсээ нэмж байна шүү дээ. Ашиглалтын зардал өссөн. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ч нэмэгдсэн. Дээрээс нь бензиний үнэ хүртэл тэнгэрт хадчихлаа. Ах нь одоо яалтай билээ” гэж тайлбарлав.
Үүнээс харахад, асуудал аль аль талдаа аж. Нэг талдаа нэмэгдсэн зардлаа нөхөх түрээслүүлэгч нөгөө талд цалингаасаа хэтийдсэн зардлаа хаанаас олох вэ гэдэг асуудал ч түрээслэгчдид бий болж байгаа юм.
-Түрээсийн байрны үнэ хамгийн багадаа 1.2-1.8 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна-

Улаанбаатар хотод нэг өрөө байр түрээслэх үнэ, байршил, ашиглалтад орсон он, талбайн хэмжээ, тавилга, засвар зэргээс шалтгаалан 1.2-1.8 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг болжээ. Энэ зун л гэхэд нэг өрөө байрны дундаж түрээс 1.4 сая төгрөг орчимд хүрээд байна. Зарим тохиолдолд байрны түрээс 2 сая ч хүрэх тохиолдол бий.
Гэхдээ 1.2 сая төгрөгийн түрээстэй байр оллоо гээд сар бүр 1.2 сая төгрөг л байрны зардалд гарна гэсэн үг огт биш юм. Үүн дээр нэмэгдээд цахилгаан, ус, дулаан, СӨХ, интернэт гээд дагалдах төлбөрүүд мундахгүй. Мөн байрнаас гадна хүний өдөр тутмын хэрэглээ болох хоол хүнс, унаа, утас гэх мэт зардлууд үлдэнэ. Түрээсэлж буй байр нь ажил, сургуулиас хол бол энэ дүн бүр ч өөр болно. Өглөө эрт гарч, орой харих хүртлээ хэдэн цагийг түгжрэлтэй замд өнгөрөөнө. Нийтийн тээврийн зардлаас гадна өдөр бүр түгжрэлд зарцуулж буй цаг хугацаа ч нэг төрлийн “зардал” болж хувирна.
Тиймээс хямд байр сонголоо ч хэмнэсэн мөнгөө цаг хугацаагаараа төлж буй гэлтэй. Иймд байр сонгохдоо зөвхөн “Сарын түрээс хэд вэ” гэж харах бус түрээсийн мөнгө, хэрэглээний төлбөр, замын зардал, ажилдаа хүрэхэд зарцуулж байгаа хугацаа гээд бүгдийг нь хамтад нь тооцоолох нь наад захын асуудал аж.
Мөн байр хайж эхлэхэд тулгардаг хамгийн том асуудлын нэг нь сарын түрээсээс гадна байранд орох эхний ээлжийн төлбөр юм. Зарим байрны эзэд сар сардаа түрээсээ авдаг бол дийлэнх нь 3-6 сар цаашилбал бүтэн жилийн төлбөрийг урьдчилан шаардах нь бий. Энэ нь түрээслэгчдийн хувьд хүндрэлтэй нөхцөл болдог. Үүн дээр мэдээж нэг сарын түрээстэй тэнцэх хэмжээний барьцаа нэмэгдэх нь тодорхой.
Жишээ авч үзвэл, сарын түрээс нь 1.5 сая төгрөгийн байр гурван сарын төлбөрөө урьдчилан авч, нэг сарын барьцаа шаарддаг байлаа гэж бодъё. Өөрөөр хэлбэл, бидний мэддэгээр "3+1 НӨХЦӨЛ". Байранд орох хүн эхний ээлжинд 4.5 сая төгрөгийн түрээс төлөөд, дээр нь 1.5 сая төгрөгийн барьцаа гаргана. Ингээд нийт зургаан сая төгрөгийг нэг дор төлөх хүндхэн шалгууртай тулах юм.
Сар бүр 1.5 сая төгрөгийн түрээс төлөх боломжтой хүн байлаа ч зургаан сая төгрөгийг нэг дор гаргана гэдэг нь өөрөө хэцүү даваа. Ялангуяа шинээр ажилд орсон, хуримтлал багатай залуусын хувьд энэ нь бараг л боломжгүй зүйл мэт.
Барьцаа авах нь түрээслүүлэгчийн хувьд тодорхой шалтгаантай гэдэг нь дамжиггүй. Түрээслэгч төлбөрөө төлөхгүй байх, эд хөрөнгө эвдэж гэмтээх, ашиглалтын зардал үлдээх гэх мэт эрсдэлээс өөрийгөө хамгаалах шаардлагатай шүү дээ. Харин түрээслэгчийн хувьд байрнаас гарах үед барьцаагаа хэрхэн буцааж авах вэ гэдэг нь асуудалтай. Жижиг сэв, гэмтлийг хэн хариуцах, хэдий хэмжээний мөнгө суутгах зэргийг урьдчилан тодорхой тохироогүй нөхцөлд хоёр талын хооронд маргаан үүсэж түрээслэгч тал барьцаа мөнгөө өөртөө үлдээх тохиолдол ч их гардаг ажээ.
Тиймээс түрээсийн харилцааг зөвхөн амаар тохироод өнгөрөхөөс илүүтэй гэрээгээр баталгаажуулах нэн шаардлагатай. Учир нь түрээсийн үнэ, урьдчилгаа төлбөр, барьцаа, ашиглалтын зардал, эвдрэл гэмтлийг хэн хариуцах зэрэг асуудлыг эхнээсээ тодорхой болгох нь хэн хэндээ хүндрэл учруулах нөхцлийг багасгана.
Харин 1.5 сая төгрөгийн түрээсийг ганцаараа төлөхөд хэцүү болсон залуусын хувьд байр хувааж амьдрах буюу roommate-тэй болох нь нэг төрлийн гаргалгаа юм. Жишээ нь 1.5 сая төгрөгийн түрээсийг хоёр хүн хуваавал нэг хүнд үндсэн түрээсийн 750 мянган төгрөг ногдоно. Гэхдээ хамт амьдрах хүнтэй болно гэдэг ч мөн өөрийн гэсэн асуудлыг дагуулна.
-Байрны эздийн "Оюутан биш, амьтан тэжээдэггүй байх, ганц бие эмэгтэйд түрээслүүлнэ" гэх "шалгуур"-т тэнцэхгүй бол байр түрээсэлж чадахгүй-

Одоо харин байр түрээслэхэд тулгардаг бидний тэр бүр анзаараад байдаггүй "тренд" гээчийг ярья. Түрээсийн байрны цахим заруудын дийлэнх дээр нь "Оюутан бол түрээслэхгүй, ганц бие эмэгтэйд л түрээслүүлнэ" эсвэл "Гэр бүлтэй хүнд удаан хугацаагаар түрээслэнэ, амьтан тэжээдэг хүүхэдтэй айл оруулахгүй" гэх мэт нөхцөлийг дурдсан байдаг.
Тэгвэл яагаад ийм "шалгуур" тавьдаг талаар Баянгол дүүрэгт байраа түрээсэлдэг Г.Батнасангаас тодруулахад “Байраа түрээслүүлнэ гэдэг зүгээр л зар тавиад хүн оруулчихдаг зүйл биш. Байр үзэхээр бүтэх, бүтэхгүй олон хүмүүс холбогддог. Хэнтэй нь гэрээ хийх вэ гэдэг дээр нэлээд бодож сонгохгүй бол одоогийн залуус барьцгүй болсон цаг. Эцсийн эцэст өөрийн өмч учраас эвдэж гэмтээлгүй, түрээсээ хугацаанд нь төлдөг, айл хөршдөө асуудалгүй хүн олох гэж л хичээдэг.
Ялангуяа ганцаараа амьдрах эрэгтэй хүн байр сонирхож ирэхээр өмнө нь ямар хүнтэй гэрээ хийж байсан, хаана ажилладаг, хэдүүлээ суух вэ гэдгийг нь арай дэлгэрэнгүй асуудаг. Учир нь ганцаараа орно гэж хэлчихээд дараа нь найз нөхдөө байнга дуудаж авчраад хажуу хавиарх айлуудаас утасдах нь олонтой. Гэхдээ ах нь эрэгтэй, эмэгтэй гэдгээс нь илүү тухайн хүний хариуцлагыг хардаг. Тайван амьдардаг, цэвэрхэн, гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээд явдаг хүн байвал хэн ч байсан асуудалгүй ор л гэдэг” гэлээ.
Маргааш юу болохыг хэлж мэдэхгүй ч өнөөдрийн нөхцөлд сарын цалин орсон өдөр хамгийн түрүүнд байрны мөнгөө боддог залуусын хувьд өөрийн гэсэн байртай болох мөрөөдөл түрээсийн төлбөрийн цаана үлдсээр байна. Түрээс мөн, биш эсэхээс үл шалтгаалж Улаанбаатарт амьдрахад байр хэрэгтэй. Гэхдээ 1.2, 1.5 эсвэл 1.8 сая төгрөгийн түрээс гэдэг нь зүгээр нэг сарын төлбөр биш юм. Тэр мөнгөний цаана тухайн хүний бүтэн сарын орлого, өдөр тутмын хэрэглээ, хуримтлал хийх боломж, цаашдын төлөвлөгөө хүртэл яригдана.
Орох оронтой байна гэдэг нь хүний наад захын хэрэглээ боловч монголд бараг л биелэгдэшгүй даалгавар мэт болжээ
Э.АРИУНТӨГС
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!