
МҮЭХ-оос боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тэмцэл хөдөлгөөний үр дүн, гарсан шийдвэр, тохиролцооны хэрэгжилт, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөвт тусгах шаардлагатай асуудлуудын талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хурлын үеээр Монголын Үндэсний үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас салбарын ажилчдын эрх ашиг, хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд холбогдох яам, байгууллагуудтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах асуудлыг тавьж байна. Тухайлбал, Зам, тээврийн яаманд салбар хоорондын хэлэлцээр байгуулах асуудлаар удаа дараа албан бичиг хүргүүлсэн бөгөөд хамгийн сүүлд зургадугаар сарын 14-нд холбогдох саналаа хүргүүлсэн . Гэвч өнөөдрийн байдлаар тус яамнаас эцэслэн шийдвэрлэсэн хариу ирээгүй байгаа аж. Харин 2027 оны улсын төсвийг боловсруулж байгаа энэ үед салбарын хамтын ажиллагааны хэлэлцээртэй холбоотой санхүүжилт, шаардлагатай зардлыг төсөвт тусгах боломж бүрдэхгүй нөхцөл үүсээд байгааг үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас онцоллоо.

Тиймээс хэлэлцээрийн асуудлыг хойшлуулахгүйгээр яаралтай шийдвэрлэж, 2027 оны улсын төсөвт салбарын ажилчдын эрх ашигтай холбоотой шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг тусгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрийг тодорхой хугацаанд бэлтгэн, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 5-ны хооронд эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж мэдэгдлээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс энэ асуудлыг зөвхөн нэг байгууллагын хүрээнд авч үзэх бус, Монгол Улсад ажиллаж буй иргэдийн хөдөлмөрлөх эрх, ажлын нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах нийтлэг зорилгын хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. “Бидний гол зорилго бол тэмцэл хийхийн төлөө тэмцэх бус, ажилчдын эрх ашгийг хамгаалж, бодит асуудлыг шийдвэрлэх явдал” гэдгийг онцоллоо. 2027 оны төсөвт салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрийг тусгахыг шаардаж байна гэв.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!