
“MC Collection” хамтлагийн 20 жилийн ой есдүгээр сарын 5-нд тохиох гэж байна. Бид хамтлагийн гишүүн С.Цэрэнлхамтай ойн тоглолт болон хамтлагийнх нь талаар ярилцлаа.
-“MC Collection”-той анх хэрхэн холбогдож байсан түүхээ хуваалцаач?
-“MC Collection”-ий MB ах надтай нэг байрны, бүр нэг орцны ах байсан. Багаасаа л нэгнээ мэднэ дээ. Ахтайгаа найзлаад хорь гаруй жил болж байна. Хамтлагийн ахлагч Бука ахтай 2008 онд танилцаж байлаа. Танилцсаныхаа дараа хоёр дахь цомог дээр нь хамтарч уран бүтээл хийж эхэлсэн. Цомгоо дуусгаад урагшаа сургуульд явахаар болсон. Сургуулиа төгсөж ирээд шинэ цомогт хамтрахаар шийдсэн.
-Хэсэг хугацаанд завсарлаж байгаад уран бүтээл хийх мэдрэмж хэр байсан бэ?
-Хэсэг завсарлаж байгаад уран бүтээл хийх мэдрэмж нэлээн хөндий байсан. Дууны үгээ бичих, студид хоолойгоо бичүүлэхээс авхуулаад сандрал их байсан. Гэхдээ “Аливаа зүйлийг арван мянган цаг хийвэл мэргэшнэ” гэдэг шиг сайн давтаж бэлдсэн. Маш сайн бэлдсэний эцэст дуугаа дуулахад айх айдасгүй болсон доо. Санаж бодсон уран бүтээлээ гаргаж чадсан болохоор урамшаад үргэлжлүүлсэн байх.
-MC Collection бусад хамтлаг дуучдаас юугаараа онцлог вэ?
-Манай хамтлаг олон талын үзэл бодолтой, өөр өөр хүмүүс байгаа ч нэг зүйл дээр нэгдэж чаддаг. Цагийг чанд баримтална. Цагтаа цуглаж, хоолойн бичлэгтээ орно. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагддаг.
-Үндсэн мэргэжил нь юу вэ?
-Би хууль эрх зүйч мэргэжилтэй. Хуулийн салбарын хүн. Одоогоор Сүхбаатар дүүрэгт ажиллаж, амьдарч байна.
-Хамтлагийнхаа хамгийн, хамгийнаас дурдвал?
-Манай хамтлаг яг л “Avengers” шиг. Бүгд л тал бүрийн авьяастай. Жаргалан хөгжилтэй, Бука ах мэдрэмжтэй, MB ах авьяастай, Амараа ах аливаа зүйлсийг суурь шинжилгээтэй бодож төлөвлөдөг.
-20 жилийн ойн тоглолтод юу бэлдсэн байгаа вэ?
-Урлаг соёл гэдэг нь аливаа улс үндэстний өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зүйл юм болов уу. Бид монголчуудын мэндийн ёс “Амар байна уу” гэх хүчтэй энергитэй үгийг аялгуу дуу болгон хүргэсэн. Монголчуудын өв уламжлалын нэг нь ардын бүжиг шүү дээ. Тиймдээ ч “Welcome to Mongolia” уран бүтээлд ардын бүжгийг багтаасан. “Uuree Dance”-тай хамтраад ЕБС-ийн хүүхдүүдийг дууны клипэндээ оролцуулсан. Цаашдаа ч өв уламжлал соёлыг шингээсэн уран бүтээл хийх тал дээр анхаарах болно. Тоглолт дээрээ “Welcome to Mongolia” дуугаараа гэнэтийн бэлэг барихаар бэлдэж байна.
Р.УУГАНБАЯР
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!