
-Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг өргөн бариад буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жаргалантай төсвийн тодотгол тойрсон асуудал болон улс төрийн бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа-
-Засгийн газраас төсвийн тодотголыг өргөн барьснаас хойш долоо хоногийн хугацаа өнгөрлөө. Таныг тодотголтой бүрэн танилцсан болов уу гэж бодож байна. Засгийн газраас 1.4 их наядыг хэмнэсэн шиг хэмнэнэ гэж мэдэгдсэн. Төсвийг "уншихад" энэ хэмжээний хэмнэлт хийгдсэн үү. Тодотгол хэр бодит тооцоололтой орж ирэв?
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс наймдугаар сарын 13-нд Засгийн газрыг төсвийн тодотголоо яаралтай оруулж ирэх, намрын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж тодотголыг хэлэлцэх шаардлагыг тавьсан. Үүний хүрээнд 7 хоногийн өмнө төсвийн тодотголыг өргөн барьсан. ЗГ өргөн барьсныхаа дараагаар бид 1.4 их наядыг хэмнэсэн гэж мэдэгдсэн. Гэтэл төсвийн тодотголыг "уншаад" үзэхэд хэмнэлт огт байхгүй байна. Харин ч төсвөө тэлчихсэн харагдаад байгаа шүү дээ. Төсвийн зардал талаа нэг их наядаар өсгөсөн, төсвийн алдагдлыг 1 орчим их наяд байсныг 2 их наяд болгочихсон. Тэгэхээр ямар ч хэмнэлт, таналтгүй төсвийн тодотгол оруулж ирсэн гэсэн үг.
Одоогийн нөхцөл байдал дээр хамгийн хүнд асуудал нь инфляц байна шүү дээ. Өдрөөс өдөрт амжиргааны зардал өсөж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихлаа. Ийм нөхцөлд мөнгөний бодлогын орон зай байхгүй болчихсон. Төв банк мөнгөний бодлогын хүүгээ 0.5 хувиар нэмэгдүүлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгэхээр бид төсвийн бодлогоороо л инфляцыг хумих боломжтой гэж харж байна. Хэт үрэлгэн зардлаар төсвийн алдагдлыг нэмэгдүүлээд байвал үнийн өсөлт улам л даамжирна. Бид чинь өндөр инфляцтай байх үеийн зовлонг мэднэ шүү дээ. 90-ээд оны эхэн үед ямар байлаа. Гэхдээ үнийн өсөлттэйгөө тэмцсэн зүйл огт байсангүй. Бидний хүссэн төсвийн тодотгол бол энэ биш. Гэхдээ УИХ авч хэлэлцэж, батална. Улмаар 2027 оны төсвийн асуудал ч орж ирэх гэж байна. Энд нэг зүйлийг хэлэхэд, АН-ын бүлэг яагаад төсвийн тодотголыг яаралтай оруулж ирэхийг шаардсан бэ гэвэл төсөв батлахад нарийн цагалбар бий шүү дээ. Гэтэл төсвийн тодотгол, ирэх жилийн төсөв хоёрыг нэгэн зэрэг оруулж ирээд, хэлэцээд явахад замбараагүй нөхцөл байдал үүснэ. Улмаар бидний яриад байгаа макро эдийн засгийн бодлогын чухал асуудлууд нь орхигдох вий гэдэг болгоомжлол байгаа юм. Энэ утгаараа төсвийн тодотголоо нэн даруй оруулж ирээд баталчихсан бол зөв байх байлаа. Харамсалтай нь хугацаа улам л тулаад ороод ирж байна. Ирэх есдүгээр сарын 15-нд намрын чуулган нээлтээ хийнэ.
-Төсвийн хэмнэлт хийж байгаа эх үүсвэрээ хэр оновчтой тодорхойлсон гэж харж байна вэ. Тодруулбал, урсгал зардлаас буюу сайд нарын багцаас 433,4 тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 249,5 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж байгаа шүү дээ?
-Өмнө нь хэлсэнчлэн төсвийн зардлаа бууруулалгүй, хэмнэлт хийлгүй оруулж ирсэн. Гадагш эвтэйхэн харагдах байдлаар сайд нарын багц хооронд тодорхой шилжүүлгүүдийг хийгээд түүнийгээ рекламдаад байна. Рекламаас арай наагуур, бодлогын шинж чанартай таналтууд байхгүй байна.
Бид асуудлаа оношилж чадахгүй байна. Инфляц яагаад өсөв, зах зээл маань хаана яаж доголдов зэрэгт дүн шинжилгээ хиймээр байна. Манай улс сүүлийн хэдэн жил л хүнсний хувьсгал хийгээд байсан шүү дээ. Цагаан, ногоон хувьсгал хийгээд алаад байна гэсэн салбарт нь л үнийн өсөлт бий болчихлоо. Баахан хөнгөлөлттэй зээл олгоод зах зээлийн гажуудал үүсгээд явчихсан нь үнийн өсөлтөөр илэрч байна. Түүндээ дүгнэлт хийхгүйгээр тодотголоо оруулж орж байна.
Жишээлбэл, ахиад олон салбарт татаас өгөхөөр тусгаж оруулж ирлээ. Мах, хүнсний ногоо, гурилын нөөцийг нэмэгдүүлнэ л гэнэ. Зах зээлийн гажуудал үүсгэх зүйлс рүү дахиад л татаас өгөх юм бол энэ байдал үргэлжлээд л явна. Нэг ёсондоо үндсэн асуудлаа оношлохгүйгээр хамгийн "залхуу" бодлогыг төсвийн тодотголдоо суулгаж оруулж ирсэн. Бодлогын олон сонголт байж болно шүү дээ. Хамгийн ойлгомжтой арга бол урсгал зардал тал дээр байгаа үр ашиггүй зардлуудаа хэмнээд, төсвөө алдагдалгүй болгочих хэрэгтэй. Ингэж чадвал "хэт халалт" чинь гайгүй болоод иргэдийнхээ орлогыг хамгаална. Гэхдээ иргэдийн орлогыг хамгаална гээд баахан халамжийн арга хэмжээ авах нь зохимжгүй. Харин татвар бууруулах замаар тэр дундаа НӨАТ-ыг 5 хувь болговол иргэдийн орлогод нөлөө үзүүлнэ.
-Тэгвэл төсөв талдаа "жин дарах" хэмнэлтийг юунаас, ямар эх үүсвэрээс бүрдүүлж болох вэ, та бүхний үзэж буйгаар?
-Засгийн газрынхаа бүтцийг өөрчил гэж удаа дараа хэлсэн, шаардсан. Хамгийн анх ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүн бий болж байх цагаас л АН-ын зүгээс эл шаардлагыг тавьсан. Түүн дээр ямар ч арга хэмжээ өнөөдрийг хүртэл авсан зүйл байхгүй. Төр шиг том бүтэц байхгүй болчихлоо шүү дээ. Зарим байгууллага нь хаана байгааг ч мэдэхээ байчихлаа шүү дээ. Өндөр үнэтэй оффис түрээслээд сууж байгаа, хэчнээн тэрбумын төсөвтэй газар, агентлагууд ч байна. Энэ бүгдийгээ цөөлөх хэрэгтэй. Түүний тулд энэ ЗГ улс төрийн зоригтой, шийдэмгий бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ төсвийн тодотголоос бодлого харагдахгүй байна. Бид үе үеийн ЗГ-уудад санал шүүмжээ хэлж ирсэн.
Л.Оюун-Эрдэнэ таван жил Ерөнхий сайдаар ажилласан. Үр дүнд нь төр өнөөдрийн хэмжээнд хүрч томорсон. Эдийн засаг дахь төрийн оролцоо хэт нэмэгдсэн. Олон зүйл дээрх эрх чөлөөнөөсөө ухарсан. Тийм ч учраас Л.Оюун-Эрдэнийг огцруулсан. Дараагаар нь Г.Занданшатар Ерөнхий сайд болсон. Энэ хүн ажиллах хугацаандаа дараагийнхаа дүрд бэлтгэгдсээр байгаад л ажлаа өгсөн. Ямар ч бодлогын шийдвэр гаргаагүй, манлайлал үзүүлээгүй. Одоогийн Ерөнхий сайд бол Н.Учрал. Би хувьдаа эхний 100 хоногт нь шүүмжлэл хэлэхийг хүсээгүй. Яагаад гэвэл аливаа ЗГ байгуулагдаад эхний 100 хоногтоо өөрсдийн бодлого шийдвэрийг танилцуулах нь зохистой.
Гэтэл сая өргөн барьсан төсвийн тодотголыг нь хараад өмнөх ЗГ-уудаасаа ямар ч ялгаагүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Удах тусмаа бүр л гүнзгий нүхэнд унах юм байна. Эдийн засгаа босгох зоригтой алхам хийх зүрх зориг энэ ЗГ-т алга.
-Гадаад зах зээл харьцангуй таатай байна. Гэхдээ дотооддоо эдийн засаг өдрөөс өдөрт хүндэрсээр л байна. Хэдийгээр Засгийн газраас төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж байгаа боловч энэ нь эргээд эдийн засгийн ямар үр дагавартай вэ. Магадгүй ирэх оны төсвийн зардал талдаа ачаалал болох вий гэдэг болгоомжлол байна?
-Нэг зүйлийг л ард иргэд маань сайн ойлгоосой гэж их хүсэж байна. Үнийн өсөлт, амжиргааны өртөг нэмэгдсэн явдал бол ЗГ-ын алдаатай макро эдийн засгийн бодлогын үр дүн юм. Түүнээс биш гадаад зах зээлийн дарамт мэт зүйл байхгүй. Гадаад зах зээл маань харьцангуй таатай байгаа. Экспорт нэмэгдэж байна. Эхний долоон сарын байдлаар 12 тэрбум ам.долларын экспорт хийгээд байна. Гадаад худалдаа 5-6 тэрбум ам.долларын ашигтай байна. Өмнө нь хэзээ ч ийм байгаагүй шүү дээ. Тэгэхээр нүүрс, зэснийхээ буянд валютын орлогоо олоод байна. Гэтэл дотооддоо эдийн засгийн бодлого маань буруу байгаа учраас өнөөдрийн нөхцөл байдалд хүрчхээд байна шүү дээ. Тэгэхээр буруутан нь маш ойлгомжтой. Буруу бодлого явуулсаар ирсэн ЗГ. Ялангуяа төсвийн бодлогоор дамжуулаад эдийн засаг төрийн оролцоог хэт тэлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг шахаж гаргаад, данхайсан том төртэй л болсон. Тэр нь бүх зүйлд л оролцож байна. Бүх салбар нь зах зээлийн бус зарчмаар явдаг. Энэ утгаараа бүгд маш ойлгомжгүй зах зээлтэй болчихлоо. Энэ алдаатай бодлогын үр нөлөөг богино хугацаанд таслан зогсоохын тулд маш зоригтой реформ хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн 30,40 их наядад хүрээд байгаа төсвийн зарлагаа эрс бууруулах хэрэгтэй. Төрөө эрс цомхотгоё.
Наадмын өмнөхөн бид Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барьсан ба ЗГ-аас өргөн барьсан Бизнесийн эрх чөлөөний тухай хуультай нэгтгэж, батлуулсан. Тухайн үед эдийн засгийг чөлөөлж, бизнесүүдээ дэмжье, алдаатай бодлогоо залруулья гэж байгаа юм байна гэж найдсан. Гэтэл нөгөө гараараа өргөн барьж байгаа төсөв нь бахь байдгаараа. Тэр дундаа татаасуудыг нэмээд байгаад онцгойлон дургүй байгаа. Яагаад гэдвэл өнгөрсөн хугацаанд хийсэн бүх алдаа чинь энэ татаасуудтай л холбоотой байсан шүү дээ.
МАН-ын бүх дарга нар чинь гоё, гоё нэртэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр байсан. Гэтэл одоо хүнсний бүтээгдэхүүний үнээ хар л даа. Тэгсэн хэр нь дахиад татаас өгнө гээд л оруулж ирж байна. Энэ байдлаараа 2027 оны төсөв олигтой юм орж ирэхгүй нь.
Энэ намрын чуулганаар бид нэлээн л олон зүйлийг ярих ёстой. Гадаад зах зээлийн таатай нөхцлийг бид яаж эвтэйхэн ашиглаад дотоодын эдийн засгаа босгох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Үнэндээ дотоодын ААН-үүд маш хүнд нөхцөл байдалд олон жил явж ирлээ шүү дээ. Цар тахлын үед бүгд л дампуурах шахсан. Түүнээс хойш уужраад явж байтал инфляц, шатахуун гээд асуудлууд гараад ирлээ. Бид богино хугацаанд арга хэмжээ авч чадахгүй бол цаашид эдийн засаг хүндэрнэ. Энэ нөхцөл байдал даамжрах тусам хувийн хэвшил, бизнесийн хөгжил гэж ярихад маш бэрх болно.
-Энэ байдлаараа 2027 оны төсөв чинь бараг л 40 их наядаар орж ирэх юм биш үү-

-Гэхдээ инфляц нь гүйцэгдэхгүй байгаа ийм нөхцөлд цалин, тэтгэврээ түүнтэй уялдуулаад нэмэхээс өөр аргагүй. Хамгийн гол нь энэ тал дээр ямар бодлого барих вэ гэдэг л чухал байна?
-Тийм ээ. Инфляц ингэж нэмэгдэж байгаа нөхцөлд ахмадууд тэтгэврийн асуудлыг хөндөхөөс өөр аргагүй. Гэхдээ нэмлээ гэхэд эргээд л үнийн өсөлтийг бий болгоно. Иргэдийнхээ орлогыг хамгаалахын сацуу үнийн өсөлтөд сэдэл болох бусад зүйлүүдээ хасах ёстой. Зах зээл дээр эрэлт үүсгээд байгаа төрийн хэрэгцээгүй зардлуудыг тана л гээд байгаа юм. Цалин, тэтгэврийг бүү нэм гэж хэлэхгүй. Ямар ч улстөрч тэгж хэлэхгүй байх. Гэхдээ төрийн албан хаагчдын цалинг энэ жил тодорхой хувиар нэмэгдүүллээ. Гэтэл энэ нь хувийн хэвшилдээ ямар дарамт учруулж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Хувийн хэвшлийн орлого өдөр ирэх тусам багасаад байдаг. Нөгөө талд зардал нь нэмэгдээд байдаг. Ийм нөхцөлд цалингаа хэрхэн нэмэх вэ гэдэг асуудал хувийн хэвшлийнхэнд тулгарна.
Тэгэхээр бидний санал болгож буй бодлогын шийдэл бол татвараа буулга гэдэг л шаардлага. Ялангуяа НӨАТ-ыг буулгах нь үнийн өсөлтийг бууруулах нэг арга зам. Мөн бизнес эрхлэгчдэд ирж байгаа татварын дарамтыг бууруулах оновчтой бодлогын суваг мөн. Гэтэл Засгийн газар энэ шийдлийг сонсохыг хүсэхгүй байна.
Уул уурхайн салбараас орж ирж байгаа орлого өсөж байгаа учраас түүнийгээ цалин, тэтгэврийн нэмэгдлээр иргэдэд амсуулж байна. Бодит хөшүүрэг нь татвар бууруулах замаар явах ёстой. Тэгж байж ЗГ сахилга баттай байна. Үнэндээ төр ажлын байр бий болгож байгаа ААН-үүд нь яаж орлого, зарлагаа зохицуулж байна вэ гэдэгт санаа зовохоо ч больчихлоо шүү дээ.
Дараагийн асуудал бол шатахууны асуудал. Үнэ нэмэгдээд л байна. Энэ байдлаараа иргэдийг бэлдсээр байгаад бензин үнэд хүрэхээс өөр аргагүй гэдэг нөхцөлд байдалд авааччихлаа. Шатахуун бүх зүйлийн суурь. Дахиад л нэг давалгаа явах нь. Энэ нөхцөлд шийдэмгий арга хэмжээ авахаас өөр гаргалгаа байхгүй.
НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг Б.Пүрэвдорж гишүүн өргөн бариад удаж байгаа. Эрх баригчид хэлэлцэхгүй өнөөдрийг хүрсэн. Нэг ёсондоо шийдлүүд нь бэлэн байгаа. Хол яваад ч юм уу их зүйл судлаад байх шаардлагагүй. НӨАТ-аа буулгачих. Урсгал зардлуудаа хас. Хэрэгтэй, хэрэггүй яам, газруудаа цөөлчих. Харин хөрөнгө оруулалтаа үлдээе. Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зардлуудаа үлдээе. Бусдаар төрийн хүнд суртлыг нэмэгдүүлж байгаа захиргааны шинж чанартай зардлуудаа хасъя. Цаашид төсвийнхөө нийт хэмжээг бууруулъя. Энэ байдлаараа 2027 оны төсөв чинь бараг л 40 их наядын төсөв орж ирэх юм биш үү дээ. Зэс, нүүрснийхээ үнийг хэдээр ч тооцох юм. Бодлогын хувьд энэ хэвээр үргэлжилбэл хувийн хэвшлийн орон зай гэхээр зүйл байхгүй болно. ААН компаниуд маань дампуураад эхэлбэл ажлын байрууд байхгүй болно.
Одоогийн нөхцөлд ЗГ 230 мянган төрийн албан хаагчаа л бодоод байна. Гэтэл нэг сая орчим иргэн хувийн хэвшилд ажиллаж байна шүү дээ. Тэндээс ажлын байрууд алга болоод эхэлбэл яах вэ.
Мэдээж ахмадуудын асуудал тусдаа. Тэтгэвэртэй холбоотой асуудлыг бид шийдээд явахаас өөр замгүй.
-Засгийн газар тэтгэврийн нэмэгдэл тал дээр ахмадуудын амьдрал хүнд байгаа учраас 2027 оныг хүлээхгүйгээр 11 дүгээр сарын 1-нээс нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Үүн дээр ямар байр суурьтай байна?
-ЗГ-т бодлого байна уу гэж бодоход хүргэсэн зүйл бол энэ. Хоёрхон сарын өмнө УИХ-аар нийгмийн даатгалын тухай багц хуулийг батлуулсан. Эл хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирсэн. УИХ нийгмийн даатгалын хуулийн төсөл дээр олон асуудал байсан ч богино хугацаанд ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх шийдэл гэж харсан учраас зарим зүйл дээр нь нүдээ аниад батлаад өгсөн. Эл хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэж оруулж ирсэн юм. Тухайн үед би "Үнийн өсөлт зэрэгтэй холбоотойгоор нөхцөл байдал ийм хүнд байхад яагаад заавал нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гээд байгаа юм бэ" гэж асууж л байсан. Хариуд нь "Болно, бүтнэ. Бид тооцооллоо хийчихсэн" гэсэн. Гэтэл нийгмийн даатгалын тухай хуульд суусан суурь тэтгэврээ 11 дүгээр сарын 1-нээс нэмье гээд оруулаад ирсэн. Хоёр сарын өмнө үүнийгээ харж чадаагүй юм уу.
Хоёрхон сарын цаадхыг харж чадахгүйгээр ажиллаж байгаа Засгийн газраас юу хүлээх юм бэ. Ер нь бид төсвийн тодотголыг өнгөрсөн хавар хийчих ёстой байсан юм. Эсвэл наадмын үеэр ч юм уу.
Түүнээс биш "Зугаалцгаа. Наадацгаа" гээд салбарын сайдууд нь бид нарыг тайтгаруулаад байсан биз дээ. Гэтэл үүнээс хойш нэг сарын дотор л хүнд нөхцөл байдалд орчихоод сууж байна. Тэгэхээр ямар ч урт хугацааны мэдрэмж алга. Бодлого алга.
-Ч.Лодойсамбуу гишүүнийг туршлагагүй, буруу бодож байна гэж харж байна-

-Намрын улс төр ерөнхийдөө эхэлчихэв үү дээ л гэж харж байна. Танай намын бүлэг тодорхой асуудлууд дээр хэр эв нэгдэлтэй, нэгдмэл байр суурьтайгаар оролцож байгаа вэ гэдгийг асуумаар байна?
-Бүлгийн түвшинд тодорхой ажлын хэсгүүд гараад ажиллаж байгаа. Ерөнхийдөө мөрийн хөтөлбөрийн ажил руугаа л орчихсон яваа. Яагаад гэвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн байна. Гол өөрчлөлт эдгээр сонгуулиудаар гарна гэж харж байгаа. Олонх солигдож байж л өөрчлөлт гарна гэсэн хатуу итгэл үнэмшилтэй болчихоод байна. Бид урт хугацааны бодлого тал руугаа анхаарч, ажиллаж байна. Бодлогын зөвлөлүүд маань ч энэ чиглэлээр ажиллаж байгаа.
-Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурах ёстой, ёсгүй гээд янз бүрийн л байр суурь хөвөрч байна. Ер нь энэ асуудал дээр танай бүлэг байр сууриа үнэхээр нэгдмэл болгосон юм уу?
-Ч.Лодойсамбуу гишүүнээс бусад нь гарын үсгээ зурчихсан гэж би ойлгож байгаа. Намын дарга ч ийм мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өгсөн. Тээр жил Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх үед Төв талбай дээр залуус жагссан. Гэтэл жагсаалын хэд дэх өдрөөс ч билээ дээ жагсаалыг "Ажлаа хий" болгоод явчихсан. Залуусын эсэргүүцлийг нэг мэдэхэд "Ажлаа хий" гэх тэмцэл болгочихсон. Надад энэ үйл явц л санаанд ороод байгаа юм. Яагаад вэ гэвэл Засгийн газар ажлаа хийх ёстой. Гэхдээ ямар ч бодлогын манлайлалгүй, шийдэлгүй ЗГ хэт удаан ажиллаад ирэхээр юу болдгийг таван жил ажилласан Ерөнхий сайдын цаг хугацаанаас харж болно. Ардчилсан намын үүрэг бол бодлогын шийдэл нэхэх. Шийдэл санал болгохгүй байгаа бол огцруулаад л байх ёстой. Л.Оюун-Эрдэнэ таван жил ажиллаж байх үед манай нам олон суудалтай ч байгаагүй. Цөөнхийн бүлэг 11 гишүүнтэй байх цаг үед л Л.Оюун-Эрдэнэ засаглаж байсан. Тиймээс одоо 42 гишүүнтэй хэр нь ингэж давраагаад байж болохгүй гэж бодож байна. Сүүлд л гэхэд шатахууны асуудал гарлаа. Үнэн хэрэгтээ шатахууны хомсдолыг сайд, дарга нар нь өөрсдөө л бий болгосон шүү дээ. Болсон, болоогүй мэдээлэл хийгээд л. Тэгэхээр ийм Засгийн газар огцрох нь зүйтэй гэж бодож байна. Энэ утгаараа Ч.Лодойсамбуу гишүүнийг туршлагагүй байна гэж харж байна. Буруу бодож байна гэж харж байна.
-Хэрэв энэ шаардлага өргөжөөд явбал энэ парламентын түүхэнд дөрөв дэх ЗГ байгуулагдах нь?
-ЗГ-ыг огцруулах, томилох бүрэн эрх олонхын бүлэгт бий шүү дээ. 64 кнопоор шийдэгддэг асуудал. Цөөнхийн бүлгийн зүгээс шахалт шаардлагыг өгнө. Гэхдээ олонхын бүлэг энэ асуудлаа өөрсдөө шийднэ. Н.Учралын явж байгаа замыг харахаар хоёр дахь Л.Оюун-Эрдэнэ л гэж харагдаад байгаа. Яг л өмнөх гаргасан алдаануудыг нь давтаад, тэр замаар нь яваад байна уу даа гэсэн болгоомжлол байна.
-Ярилцлагын төгсгөлд бүлгийн даргын асуудлыг тодруулмаар байна. Хэдийгээр О.Цогтгэрэл дарга бүлгийн даргын ажлаа өгнө гэсэн боловч одоогоор намын даргын ажилтайгаа хавсраад гүйцэтгэж байна. Ийм хэдий ч энэ намрын чуулган эхэлсэн даруйд бүлгийн даргын асуудал хөндөгдөх үү. Таны хувьд бүлгийн дэд даргаар ажилладаг. Магадгүй бүлгийн даргад горилох бодол бий юу?
-Бид намын дүрмээ шинэчилсэн. Намын дотоод сонгуулиудаа ч хийсэн. Энэ долоо хоногт намын бүх шатны сонгуульт гишүүдээ цуглуулж, иргэдтэйгээ ойр ажиллая гэдэг утгаар мөрийн хөтөлбөр чиглэсэн бэлтгэл ажлууд руугаа илүү шамдаж байна. Бүлгийн даргын асуудал одоогоор хуваарьт ороогүй. Удахгүй чуулган эхэлнэ. Тухайн цаг хугацаанд хурлууд хийгдээд явах байх. Тэр үед л асуудал илүү тодорхой болно. Миний хувьд 2027,2028 оны сонгуульд л маш их ач холбогдол өгч байна. Ардчилсан нам энэ цаг мөчид ялгарлаа харуулах ёстой. АН ямагт шинийг санаачилдаг, илүү бүтээлч шийдэлтэй улс төрийн хүчин байж ирсэн. АН засагласан цөөн цаг хугацаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг өөрчилсөн түүхэн реформууд хийгдсэн байдаг. Тэгэхээр 2028 оны сонгуульд бид зайлшгүй ялалт байгуулах ёстой гэж бодож байна. Тэгж байж улс орон өөрчлөгдөнө. Үүний араас ямар реформуудыг хийх вэ гэдэг асуудал дээрээ анхааралтай ажиллана. Ирэх хоёр жил сорилт ихтэй өнгөрнө.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!