Д.Мөнхзул: Туул-1 бохирын шугам угсралтын ажил 2028 он гэхэд бүрэн дуусна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
3 минут 33 секунд

-Улаанбаатар хотын бохир усны шугам сүлжээний ачааллыг бууруулах “Туул-1” коллекторын угсралтын ажил үргэлжилж байна. 2007 оноос эхэлсэн ч бүрэн ашиглалтад ороогүй тус шугамын үлдсэн хэсгийг УСУГ-аас гүйцэтгэж байгаа юм. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагаа, техник ашиглалтын хэлтсийн дарга Д.Мөнхзулаас тодрууллаа-

-“Туул-1” коллекторын ажлыг УСУГ-аас хэзээнээс гүйцэтгэж эхэлсэн бэ, Одоогоор ажлын явц ямар түвшинд байна вэ

-2024 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Туул-1” коллекторын хийгдээгүй үлдсэн 10.4 км хэсгийг УСУГ-аар гүйцэтгүүлэхээр болсон. “Туул-1” коллекторын угсралтын ажил 2007 оноос эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад ороогүй. 2025 оны наймдугаар сард шугамын трассын зураг батлагдаж, магадлалаар ороод УСУГ-т ирсэн. Ингээд 2025 оны аравдугаар сард угсралтын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 45-50 хувьтай явж байна. Энэ жил зургаан км шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2028 он гэхэд ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээж авахаар төлөвлөж байна.

-2007 оноос эхэлсэн энэ ажил яагаад өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжиж дуусаагүй юм. Ажлыг өнгөрсөн 17 жилийн хугацаанд гүйцэтгээгүй шалтгаан нь

-Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар 2007 онд эхэлж байсан. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн хоёр компани хоёр удаагийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч чанарын шаардлага хангахгүй материалаар хийгдсэн, хөрсний усны нэвчилт ихтэй байсан. Мөн газар чөлөөлөлтийн асуудал, санхүүжилт зэрэг шалтгаанаас үүдэн ажил удаашралтай байсан.

-Одоогоор Улаанбаатар хотын бохир усны шугам сүлжээ ямар ачаалалтай ажиллаж байна вэ “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулах шаардлага хэр тулгамдсан байна вэ

Улаанбаатар хотын хэмжээнд манай байгууллага 253 км шугам сүлжээг хариуцан ажиллаж байна. Төв коллектор шугамуудын ачаалал ханасан, 80-90 хувийн ачаалалтай ажиллаж байна. Туул-1” коллектор нь Монголд анх удаа 1200-1500 мм-ийн диаметртэй бохирын шугам сүлжээ баригдаж байгаагаараа онцлог. Энэхүү төсөлд УСУГ-аас нийт зургаан бригад буюу 30 орчим инженер, техникийн ажилтан, 50 орчим туслах ажилчин, алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шугам сүлжээг ашиглан ажлыг хийж гүйцэтгэж байгаа.

-“Туул-1” коллектор бүрэн ашиглалтад орсноор нийслэлд ямар өөрчлөлт гарах вэ

-Хотын төвд тууш дагуу байрлах энэ шугам ашиглалтад орсноор Улаанбаатар хотод одоо ашиглагдаж байгаа шугам сүлжээний ачааллыг 50 хувиар бууруулна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, Сэлбэ, Толгойт, Шархад, Баянхошуу зэрэг дэд төвүүдийн барилгажилтаас үүсэх бүх бохир усыг хүлээн авах гол шугам болох юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын дэд бүтцийн асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой шугам сүлжээ юм.

Kharkhorum Festival-ийн тайзнаа — Ronan Keating
Kharkhorum Festival-ийн тайзнаа — Ronan Keating
 
MC BEATZ: Фэйсбүүкийг ядаж 3 жил хааж үзэх зайлшгүй шаардлага үүссэн байна
MC BEATZ: Фэйсбүүкийг ядаж 3 жил хааж үзэх зайлшгүй шаардлага үүссэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!