Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн ял онооох шийдвэрийг Давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн сард хэвээр үлдээсэн билээ. Түүнийг Хорих 461 дүгээр ангиас, эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги руу шилжүүлсэн байна.
Харин Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчид эс зөвшөөрсөн тул Улсын дээд шүүхэд өнгөрөгч долоо хоногт гомдол гаргасан юм. Энэ оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хуралдаж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ял оноосон билээ. Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өнөрцэцэгийг,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд нуусан”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон байна.
Улмаар Давж заалдах шатны шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!