“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсаас 31 төрөлд 303 тамирчин өрсөлдөнө

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 42 секунд

Япон Улсын Айчи муж, Нагояа хотноо энэ сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсаас спортын 31 төрөлд нийтдээ 303 тамирчин оролцохоор болжээ.

Энэ удаагийн Азийн наадам “Imagine One Asia” уриан дор зохион байгуулагдах бөгөөд 45 Үндэсний олимпын хорооны 15 мянга орчим тамирчин болон албаны төлөөлөгч оролцож, 469 багц медалийн төлөө өрсөлдөх аж.

Монгол Улсыг төлөөлөн таеквондогийн төрөлд зургаан тамирчин өрсөлдөхөөр эрхээ аваад байна юм. Тодруулбал, тулааны төрөлд Б.Учрал, Б.Мөнхжин, Г.Энхчимэг, Ё.Пүрэвдаш, Г.Энхбаяр нар, харин пүмсэ төрөлд Л.Бадам өрсөлдөнө.

Монголын таеквондогийн багийн дасгалжуулагчаар Хур Инёон, И Жаевон, Э.Буяншагай нар ажиллах бөгөөд тамирчид тэмцээний бэлтгэлээ эрчимжүүлээд байна.

Мөн Монголын баг тамирчид “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох албан ёсны хувцас, хэрэглэлээ гардан авчээ. Тамирчид Азийн спортын хамгийн том наадмын нэгэнд эх орноо төлөөлөн оролцож, амжилт гаргахын төлөө бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байна.

“Айчи-Нагояа 2026” нь Азийн наадмын 20 дахь удаагийн тэмцээн болж байгаа бөгөөд Япон Улс тус наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буйгаараа онцлог. Өмнө нь 1958 онд Токио, 1994 онд Хирошима хотноо Азийн наадмыг Япон улс зохиож байсан түүхтэй.

С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!