
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан өнгөрөгч долоодугаар сард Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Тэгвэл эл хуулийн төсөлд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан эрүүл мэндийн ажилтантай холбоотой орсон заалтын талаар тэрбээр танилцууллаа.
Тэрбээр энэ талаар "Эрүүл мэндийн ажилтнууд өдөр бүр хүний амь нас, эрүүл мэндийн төлөө өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Тиймээс тэдний ажил үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэнд, амь насанд нь учирсан хохирлыг бодитоор хамгаалах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай.
Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөлд энэ асуудлыг тусгайлан зохицуулж байна.
Ажил үүргээ гүйцэтгэх явцад халдвар авсан, хүчирхийлэлд өртсөн, химийн бодис болон цацрагийн нөлөөнд орсон, механик гэмтэл авсан, зам тээврийн осолд өртсөн зэрэг тохиолдолд нөхөн төлбөрөөс гадна эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, эмийн зардлыг улсын зардлаар бүрэн хариуцна.
Ажлын ачаалал, мэргэжлийн халшрал, хоёрдогч сэтгэл зүйн гэмтлийн улмаас сэтгэцийн эмгэг үүссэн нь тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн хамгаалалтад хамруулна.
Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан эрүүл мэндийн ажилтны ар гэрт 5 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгоно.
Нас барсан ажилтны асрамжид байсан хүүхдийг ажилласан жилийн болзол үл харгалзан төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулна.
Эрүүл мэндийн ажилтан бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалдаг шиг төр, ажил олгогч тэдний амь нас, эрүүл мэнд, ар гэрийн нийгмийн баталгааг хамгаалах ёстой.
Энэ бол халамж биш хөдөлмөрийн шударга хамгаалалт юм" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!