СУРВАЛЖИЛГА: Ах дүүс маань “Хоолны махгүй байж ийм өндөр төлбөрөөр сургаж яах юм” гэж хэлдэг болсон...

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 45 секунд

“Хэдэн сая вэ" гэх энэ асуултын хариулт хичээл эхлэхийн өмнөх өдрүүдэд оюутан бүрт хамгийн их хүлээлтийг үүсгэдэг. Ингэхдээ шинэ эсвэл дээд курсэд орсон эсэхээс үл хамаарч жилийн жилд нэмэгдэж, "гэнэтийн бэлэг" барьдаг сургалтын төлбөрийн асуудал нь тэдний санаа зовних асуудлуудын нэгдүгээрт зүй ёсоор бичигдэнэ. Нэг ёсондоо, өнөөдрийн нөхцөлд бүхий л оюутнуудын хүсэл зорилго, мөрөөдлийнх нь өмнө төлбөрийн нэхэмжлэл тавигдаж байна. Үүнээс шалтгаалж, шинэ оюутан болж буй хүүхэд залуус сурах сургуулиа сонгохын тулд гэр бүлийнхээ санхүүгийн боломжийг давхар тооцох шаардлагатай нүүр тулж байгаа нь нууц биш. Тэгвэл бид энэ удаа 2026-2027 оны хичээлийн жилд их сургуулиудын сургалтын төлбөр хэрхэн өсөлт үзүүлсэн талаар сурвалжиллаа.

-Төлбөрийн нэхэмжлэлийг хараад л урам хугарсан. Амралтаараа тасралтгүй ажиллаад хуримтлуулсан цалин маань ч хүрэлцэхээргүй болтлоо нэмэгдсэн байна-

Нэг жилийн төлбөр зургаан сая төгрөг давахад оюутнууд зээл авах, ажил хийх, жил өнжих эсвэл төлбөр багатай сургууль руу шилжих зэрэг хүнд сонголтуудын өмнө зогсож байна. Эл асуудалтай холбоотой санал гомдлоо оюутан залуус ч сошиал хуудаснаа нэгэн дуугаар илэрхийлж байгаа боловч сургуулиуд үүнийг инфляцтай холбон тайлбарлаж байна. Тэгвэл бид энэ асуудлын эргэн тойронд зарим оюутан залуусын байр суурийг сонирхлоо.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 2-р дамжааны оюутан Г “Сургалтын төлбөрөө олохын тулд амралтаараа тасралтгүй ажилласан. Гэвч энэ жил төлбөр нэмэгдсэнээр хуримтлуулсан цалин минь хүрэлцхээргүй болчихлоо. Өмнө нь жилийн төлбөрөө тав хувааж төлдөг байсан бол шинэчлэлт хийгдсэнээр хоёр хувааж төлөх болсон. Энэ нь ч надад санхүүгийн хувьд гэнэтийн хүндрэл боллоо. Төлбөр төлөхөөс тавхан хоногийн өмнө төлбөрийн өсөлт болоод төлөх нөхцөлийг зарласан. Дөрөв орчим сая төгрөгийг шууд гаргаж өгөх боломжтой айл ховор шүү дээ. Төлбөрийн нэхэмжлэлийг хараад урам хугарсан. Манай ам бүл зургаа. Ганц хүний цалингаар гэр бүлээ тэжээдэг. Тийм ч боломжтой айл биш. Миний хувьд жилийн чөлөө авч ажил хийх эсвэл төлбөр багатай сургууль руу шилжихээс өөр аргагүй болж байсан. Над шиг асуудалтай олон оюутан нэгдэж сургуулийн захиргаанд гомдол гаргасны үр дүнд төлбөрийг дөрөв хувааж төлөх боломжтой болж байсан. Манай сургуулийн оюутны байрны жилийн төлбөр сургалтын төлбөртэй бараг тэнцүү” гэж бухимдлаа илэрхийлэв.

-Ах дүүс маань “Хоолны махгүй байж ийм өндөр төлбөрөөр сургаж яах юм” гэж хэлдэг болсон-

Харин эцэг, эхийн төлөөллийн зүгээс сургалтын төлбөрийн өсөлттэй холбоотой асуудалд дараах байр суурийг илэрхийлж байлаа. Иргэн М ярихдаа “Цалингийнхаа дийлэнх хувийг байр, машины зээлд өгдөг. Хүүхдээ мэдлэг, мэргэжилтэй болгохын тулд цалингийн зээлээ тулгаж авдаг. Зарим үед хүн амьтнаас зээлж, урд хормойгоо хойд хормойгоороо нөхдөг. Төлбөр дахиад нэмэгдлээ л гэх юм. Ах дүүс маань “Хоолны махгүй байж ийм өндөр төлбөрөөр сургаж яах юм” гэж хэлдэг болсон. Хоолоо олж идэх мэргэжилтэй болгочих гэж их зүйл үзэж байна. Төлж дийлэхгүй бол хүүхдээ ажил л хийлгэх байх даа” гэж санаа алдав.

Энэ мэт байр сууринаас иргэдийн амьдрал нөгөө талдаа сургалтын төлбөрийн өсөлт тэдэнд санхүүгийн хувьд ямар ачаалал өгдгийг мэдэж болох биз ээ. Зээлээ төлөхийн тулд ажиллаж амьдардаг гэр бүлүүд олон. Ажил эрхэлж өөрөө төлбөрөө олдог оюутнууд ч цөөнгүй. Тэгвэл төрийн өмчит их дээд сургуулийн оюутантай ярилцахад ч ижил төстэй зүйл ажиглагдлаа.

-Сургалтын төлбөр түүний өсөлтөөс болж амралт гэдэг зүйлийг мартсан-

Монгол Улсын Их Сургуулийн 3-р дамжааны оюутан А.Билэгт “Жил бүр төлбөр өсөхийн хирээр оюутны байрны үнэ ч нэмэгддэг. Амралтаараа боломжийн цалинтайг нь бодолцож барилгын талбайд ажилладаг. Оюутан болсноос хойш ганц л удаа гэр рүүгээ явсан. Сургалтын төлбөр түүний өсөлтөөс болж амралт гэдэг зүйлийг мартсан" гэж байв.

Харин өөр нэг оюутан ярихдаа "Ээж, аав маань малчин учраас малчны зээлээр төлбөрийг маань төлдөг. Хичээлийн хажуугаар цагийн ажил хийдэг боловч цалин бага тул өдөр тутмын хэрэглээнээс цаашгүй. Амьдралынхаа боломж бололцоог хархаар зүгээр л ажилламаар байдаг. Харин гэр бүлээ зээл авхуулж сурч байгаа учраас итгэлийг нь алдахгүйн тулд сурангаа ажиллаж байгаад төгсөхөөс өөр аргагүй” гэж ярилаа.

-Төрийн өмчит их, дээд сургуулийн жилийн төлбөр 3.5 сая ба түүнээс дээш байгаа бол хувийн сургуулиудын төлбөр ч нэмэгджээ-

Тэгвэл төлбөр хаана, хэд болов гэдгийг харъя.

МУИС шинэ элсэгчдэд нэг кредитийг 203,700 төгрөгөөр тооцож байгаа ба тухайн жилд оюутан 30 багц кредит судална гэж бодвол жилийн төлбөр нь 6.1 сая төгрөг болж байна. ШУТИС-ийн хувьд суурь хичээлийн нэг кредитийг 209,000 төгрөгөөр харин архитектур, программ хангамжийн инженерчлэл, хиймэл оюун ухаан зэрэг эрэлттэй мэргэжлийн нэг кредитийг 218,500 төгрөгөөр тогтоосон байна. АШУҮИС-ийн төлбөр мэргэжлээс хамаарч 3.5–6.8 сая төгрөг байна.

Харин МУБИС-ийн тухайд жилийн төлбөр 3.7–4.2 сая төгрөг байгаа бол ХААИС жилийн төлбөрөө 4.7–5.2 сая төгрөгөөр тооцож байна. Мөн хувийн их дээд сургуулиуд ч төлбөрөө багагүй нэмэгдүүлжээ. Тухайлбал, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нэг кредитийг 310,000 төгрөгөөр тогтоож, жилийн нийт төлбөр 9.3 сая төгрөгт хүрчээ. СЭЗИС-ийн хувьд нэг кредитийг 310,000 төгрөг тооцож байна.

Боловсролын чанарыг сайжруулахын тулд төлбөр нэмэгдэх шаардлага байж болох ч энэ өсөлт оюутныг сургуулиас шахах хэмжээнд хүргэх ёсгүй.

Төлбөрийн нэмэгдлийг урьдчилан мэдээлэх, хуваан төлөх боломжийг өргөжүүлэх, зорилтот тэтгэлэг, хөнгөлөлт болон орлоготой уялдсан санхүүгийн дэмжлэгийг бодитоор хэрэгжүүлэх шаардлага үүсч байна. Төлбөрөө төлөх боломжгүй болсон оюутан залуус сургуулиа орхих үед улс орны ирээдүйн хүний нөөцийн нэг хэсэг алдагдаж байгааг эргэцүүлэх шаардлага иржээ.

О.ХЭРЛЭН

Улаанбаатарт “Зөөврийн саванд шатахуун өгөхгүй байх“ шийдвэр цуцлагдсан
Улаанбаатарт “Зөөврийн саванд шатахуун өгөхгүй байх“ шийдвэр цуцлагдсан
 
Өнөөдөр “Өнөр“ хорооллын 34-р байрны автозамыг 22:00 цагаас хаана
Өнөөдөр “Өнөр“ хорооллын 34-р байрны автозамыг 22:00 цагаас хаана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!