
Такси барих гэж замын хажууд зогсоод гараа өргөөд удаагүй байтал энгийн таксинуудын дундаас өнгө өнгийн жижиг тоглоом, наалтаар дүүрсэн CAMRY маркийн машин зогсов. Сониуч зангаа дагаад хаалгыг нь нээж суутал, гаднаас харагдсанаасаа ч илүү сонирхолтой ертөнц угтсан юм. Машины араас эхлээд зөв талын урд суудал хүртэл хүүхэлдэйн киноны баатрууд, анимэ дүрүүд эгнээтэй байлаа. Харин жолооны ард суусан залуу их найрсаг, элгэмсүү хүн байв.

Тэгээд л “Яагаад” гэсэн хамгийн энгийн асуултаас энэ удаагийн сурвалжилга эхэлсэн юм. Учир нь энэ машин такси гэхээсээ илүү ямар нэг үзвэр, үйлчилгээний газар шиг санагдсан юм. Энэ машины жолоочийг Ж.Дамдиндорж гэдэг. Тэрбээр сургалтын төвд сургагч багшаар ажилладаг бөгөөд ажлынхаа чөлөө заваар таксинд явдаг. Харин машиныг бусдаас ялгаруулдаг зүйл нь түүний олон жилийн турш үргэлжилсэн хобби нь.
2015 оноос эхлэн машинаа чимэглэж, өөрийн дуртай хүүхэлдэйн кино, анимэ, тоглоомын дүрүүдийг цуглуулсаар иржээ. Түүний хүү одоо хоёрдугаар ангийн сурагч. Аавтайгаа адилхан сонирхолтой учраас аав Ж.Дамдиндорж нь хүүдээ бэлэг барихаар машиндаа илүү олон чимэглэлүүдийг нэмж авчээ.
Ж.Дамдиндоржийн машинд суусан цагаас эхлэн хүүхэд насаараа аялж байгаа мэт байлаа. Ингээд бид хүрэх газраа очих замдаа түүний хоббины талаар хэсэг ярилцсан юм.

“Аав, ээж ажилтай учраас багадаа гэртээ түгжигдээд үлддэг байсан. Тэр үед хүүхэд бүрийн л сонирхдог ногоон усан цэрэг, морин тоглоомын баримлаар тоглодог байсан. Тэгээд томрох тусам энэ маань миний сонирхол болж анхны машиндаа бага багаар дуртай баримлуудаа тавьж эхэлсэн. Энэ миний гуравдах машин. Машинаа солих үедээ CROWN авъя гэж бодсон ч өөрийн сонирхолдоо зориулж CAMRY авсан.
Учир нь CAMRY машины салон энгийн “уйтгартай”.Тэгэхээр өөрийн баримал, пигурэнүүдээрээ тохижуулахад тохиромжтой санагдсан.
Анх машиндаа баримлуудаа тавьчихаад хүмүүсээс их санаа зовж байсан. Хүмүүс намайг юу гэж бодох бол, энэ залуу дутуугийн комплекстой юм байхдаа, шоолох байх гэж бодож байсан. Гэхдээ нэгэнт л юмнуудаа авчихсан юм чинь хоббигоо дагаад тохижуулаад үзье гэж бодсон. Тэгээд хүүдээ харуулахад “хөөх ямар гоё юм бэ, миний аав хамгийн мундаг нь” гээд их баярлаж байсан.
-Ж.Дамдиндорж: Миний таксинд явах шалтгаан үйлчлүүлэгчдийн маань сэтгэгдэл-

"Би таксинд байнга явдаггүй байсан. Хэдэн сарын өмнө нэг эмэгтэй гараа өргөөд зогсож байхаар нь аваад явтал надад маш их сэтгэгдэл үлдээсэн. “Ахаа та байнга таксинд явж байвал гоё юм байна. Ямар гоё юм бэ” гээд л надад маш их урам хайрласан. Үүнээс хойш ажлын хажуугаар таксинд явдаг болсон. Ер нь миний машинд суусан хүн бүрийн хамгийн их хэлдэг үг бол “WOW” гэдэг үг” гэв.
-Таксиндаа тоглоомоос гадна уух ус, тавагтай чихэр, сэтгэгдэл үлдээх цаас ч байрлуулжээ-
Ж.Дамдиндоржийн машинд байсан онцгой зүйлсийг дурдаад байвал дуусахгүй. Naruto, Luffy, Goku зэрэг анимэ дүрүүд, Zootopia-гийн баатрууд, Spider-Man, Batman зэрэг супер баатруудын баримал, хүүхэлдэйн киноны дүрүүдийн тоглоом, төрөл бүрийн наалт, чимэглэлээр дүүрэн. Нэг жилийн дотор түүний цуглуулга нь 300 гаруй болжээ. Үүгээр ч дуусахгүй үйлчлүүлэгчдэд зориулсан яаралтай үед уух ус, тавагтай чихэр, сэтгэгдэл бичих цаас гэх мэт зүйлсийг ч үнэгүй бэлдэж тавьжээ. Таксины орлогоо хоббиндоо зарцуулсаар ойролцоогоор 1,500,000 төгрөгийн цуглуулгатай болсон байна.
Таксинд суухдаа хүн бүр өөр өөрийг яаруу амьдралтай орж ирдэг. Ажилдаа ядарсан, нөгөө нэг нь хэн нэгэнтэй маргалдсан бүр зарим нь сэтгэл санаа тавгүй бухимдалтай явах нэгэн ч байхад өнөөдөр хамгийн сайхан өдөр нь, эсвэл зүгээр л амар тайван нэгэн ч бий.
Тэгвэл түүний машинд суусан хүн бүр эерэг сэтгэгдэлтэй буудаг түүний яриа бүрээс нь мэдэгдэж байлаа. Ж.Дамдиндоржийн хэлснээр "Хэдэн сарын өмнө нэг эгч миний машинд нөхөртэйгөө утсаар хэрэлдээд суусан юм. Орж ирээд төд удалгүй эргэн тойрноо анзаарч “За чи байж бай, би энд гоё юм харчихлаа” гээд утсаа тасалж, ямар гоё юм бэ эгчийн дүү “эгч нь бичлэг хийе болох уу” гээд уур амьсгал өөрчлөгдөж бид хэсэг эерэг зүйлсийн талаар ярьж байгаад эгч буусан.
Тэр эгч цааш явахдаа үргэлжлүүлэн утсаар яриад хэрэлдээд явсан ч түүний уур бухимдал хэсэг хугацаанд ч гэсэн байхгүй болсон нь сайхан байсан” хэмээв.
Нэг залуу ч мөн ялгаагүй бага зэрэг сэтгэлээр унасан байдалтай Ж.Дамдиндоржийн машинд суугаад баяр хөөрөөр дүүрэн буужээ. Ингэхдээ “Ахаа дүү нь ажлынхантайгаа жаахан маргалдаад сэтгэл санаа тавгүй байсан чинь сайхан болчихлоо, та илүү олон тоглоом аваарай гээд таксины төлбөрөө нэмж өгсөн гэнэ. Иймэрхүү тохиолдлоор үйлчлүүлэгчид нь түүнд тоглоом, нэмэлт төлбөр өгсөн удаа цөөнгүй.

Тэрбээр түүний машинаар гадаад жуулчид, хүүхдийн баяраар эцэг эхчүүд хүүхдээ суулгах гэж дуудлага өгөх, онгоцны буудлаас тосуулах, гадны орноос цуглуулгад нь нэмэх тоглоом авчирч өгдөг гэнэ.
Ж.Дамдиндорж хэлэхдээ "Хүмүүс төлбөрөө нэмж өгөхийг ашиг гэж харахаас илүүтэй миний сонирхлыг хүндэлж байгаа нь хамгийн сайхан байдаг. Би хүний хэлсэн хэдхэн урмын үгээр тэтгэгдэж явдаг хүн. Нэг ёсондоо “сумлуулж” байж хоббигоо нэмдэг хүн. Эхнэр маань үргэлж л намайг дэмжиж байдаг. Тийм ч учраас дэлгүүр орох бүртээ л нэг тоглоом нэмж аваад байдаг юм.
-Инээмсэглэл халдварладаг шүү дээ-
Нэг удаа өөрийн дуртай Наруто, Гоку хоёрыг авах гээд мөнгө дутчихсан зогсож байтал дэлгүүрийн эзэн надад үнэгүй бэлэглэсэн.Тэр үед үнэхээр их баярлаж билээ. Тиймээс энэ их сөрөг стресстэй нийгэмд хүмүүс бие биедээ бага ч гэсэн эерэг энерги түгээж байгаа нь сайхан. Инээмсэглэл халдварладаг шүү дээ” гэнэ.
Ингээд бидний аялал хүрэх газраа ирснээр өндөрлөж, би өнгө өнгийн тоглоом, дүрүүдээр дүүрсэн таксигаас буулаа.
Магадгүй таксины жолооч хүн бүрийг хүрэх газарт нь хүргэж өгдөг байх. Харин Ж.Дамдиндоржийн хувьд зорчигчдоо зөвхөн нэг газраас нөгөө рүү биш, хэдхэн минут ч болов хүүхэд нас руу нь хүргэж өгөөд буцаадаг ажээ.
Түүний таксины хаалга хаагдаж, машин цааш хөдөлнө. Харин арын суудалд үлдсэн өнгө өнгийн ертөнц дараагийн зорчигчидод хэсэг хугацаанд өнөөдрийн бухимдлаа мартан, хүүхэд байхдаа ямар зүйлд хамгийн их баярладаг байснаа санах биз.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!