
Apple компани жил бүрийн есдүгээр сард iPhone гар утасныхаа шинэ загварыг танилцуулдаг билээ.
Тэгвэл Apple компани есдүгээр сарын 9-нд шинэ бүтээгдэхүүний арга хэмжээ зохион байгуулахаа албан ёсоор мэдээлээд байна. Тус арга хэмжээний үеэр шинэ iPhone загваруудаа танилцуулах төлөвтэй байгаа бөгөөд анхны эвхэгддэг iPhone-оо мөн танилцуулж болзошгүй байна.
Харин энэ удаагийн арга хэмжээнд энгийн iPhone 18 загвар багтахгүй, iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max-ийг танилцуулах төлөвтэй талаар гадаадын технологийн хэвлэлүүд мэдээлжээ.
Энгийн iPhone 18, iPhone 18e болон дараагийн iPhone Air загварыг 2027 оны эхний хагаст худалдаанд гаргах төлөвтэй байна.
Reuters агентлагийн мэдээлснээр Apple энэ жилийн шинэчлэлээр өндөр зэрэглэлийн загварууддаа түлхүү анхаарч, анхны эвхэгддэг iPhone-оо зах зээлд гаргах боломжтой байна. Гэхдээ эвхэгддэг загварын үйлдвэрлэлд техникийн хүндрэл гарч, нийлүүлэлт хойшлох эрсдэлтэй талаар өмнө нь мэдээлж байсан. Apple одоогоор iPhone 18-ийн нэр, техникийн үзүүлэлт, үнэ зэрэг мэдээллийг албан ёсоор зарлаагүй байгаа тул камер, чип, дэлгэц болон бусад үзүүлэлттэй холбоотой мэдээллийг одоогоор цуу яриа, нийлүүлэлтийн сүлжээний мэдээлэл гэж үзэх шаардлагатай.
Энэ жилийн арга хэмжээ есдүгээр сарын 9-ний Лхагва гарагт Apple Park байгууламжийн Стив Жобсын нэрэмжит театрт зохион байгуулагдах тов гарчээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!