Р.Даваадорж: ЗГ инфляц дээр нэг их наядын “бензин“ асгаж түймэр тавих бодлогогүй тодотгол оруулж ирлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
16 минут 40 секунд

Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг өргөн бариад буй. Тэгвэл төсвийн тодотголын эргэн тойронд эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа

-ЗГ-аас 2026 оны төсвийн тодотголын 1.4 их наядын хэмнэлт бүхий тодотгол гэж онцолсон. Харин таны зүгээс сүүлийн арав гаруй жилийн хугацаанд өргөн баригдсан төсвийн тодотголууд дундаас хамгийн "муу" тодотгол гэж дүгнэсэн байсан. Ямар үндэслэл дээрээс ийм дүгнэлт хийхэд хүрэв?

-Өөрийн туршлагаас хараад үзэхэд, энэ удаагийн төсвийн тодотгол маш хариуцлагагүй бөгөөд ард иргэдэд худал зүйлийг гоё сайхнаар тайлбарласан тодотгол байна. Төсвийн тухай хуулийн 34.5 дугаар зүйлд төсвийн тодотголыг хийхтэй холбоотой үндсэн таван заалт тусгагдсан байдаг. Ер нь эдийн засгийн нөхцөл байдал муудсан үед л төсвөө тодотгож ирсэн. Гэтэл өнөөдрийн нөхцөлд макро эдийн засгийн үзүүлэлтээ аваад үзвэл Монгол Улс сүүлийн 36 жилд бид өнөөдрийнх шиг их хэмжээний валюттай болж байсан түүх үгүй. Социализмын үед ч тэр. Гэтэл яагаад ийм үед төсвийн тодотголыг өргөн барьж байна вэ гэдэг асуулт урган гарч буй юм. Эдийн засгийн нөхцөл байдлыг харуулах хэдхэн тоог хэлье. ДНБ 7.7 хувийн өсөлттэй гарсан ба экспортоор 12.2 тэрбум ам.доллар олоод байна. Мөн гадаад худалдааны ашиг 5 тэрбум ам.доллар гарсан. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний ашгийг бид олчхоод байна. Мөн төлбөрийн тэнцэл 500-600 сая ам.долларын ашигтай байна.

ЗГ-ын зүгээс үнийн өсөлтөөс ард иргэдээ хамгаалж, цалин тэтгэврийг нэмэгдүүлж, 1.4 их наядаар хэрэглээгээ хэмнэж байна зэргээр худлаа хэлээд байна. Судлаач хүний хувьд, төсөв доторх тоог харахад ярьсан хэлснийх нь эсрэг зүйл л харагдаж байна. Монгол Улсын эдийн засаг ийм боломжийн хэмжээнд байхад төсвийн тодотгол өргөн барьж байгаа хамгийн анхны тохиолдол гэж би харж байна. Төсвийн тухай хуульд ерөнхий утгаараа эдийн засаг муудсан үед тодотгол хийнэ гэж заасан байдаг. Тухайлбал, гадаад төлбөр тооцоогоо хийж чадахгүй, төсвийн алдагдал ДНБ-ий 3 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрсэн, төсвийн хөрөнгө оруулалтуудаа хийж чадхааргүй болсон зэрэг нөхцөлд тодотгол хийдэг болохоос эдийн засаг ийм боломжийн үед тодотгол хийж байсан анхны тохиолдол.

-Таны хэлсэнчлэн 1.4 их наядаар зардлаа танаж буй талаар мэдэгдсэн. Хэмнэлт гаргаж буй эх үүсвэрүүдийг хэр оновчтой тодорхойлсон гэж харж байгаа вэ. Тухайлбал, сөрөг хүчний зүгээс тодотголд ямар ч бодит хэмнэлт гэхээр зүйл алга гэж дүгнээд байгаа?

-1.4 их наядыг хэмнэж байгаа зүйл биш. Бид чинь 2026 оны төсвийг батлахдаа 1 их наяд 50 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Тодотголоор үүнийг 2 их наяд болгох гэж байна. Өөрөөр хэлбэл, алдагдлаа 1 их наядаар нэмэгдүүлж, төсвөө улам л данхайлгаж байна. 33 их наядын зарлага нь 34 их наяд болж байна шүү дээ. Тэгэхээр үүнийг бүсээ чангалсан төсөв гэж хэлж болохгүй. Үүн дээр гурван тоо хэлэхэд л олон нийтэд ойлгомжтой болно.

Нэгдүгээрт, энэ бол зүгээр л улс төр. Н.Учралын ЗГ ард иргэдийн толгойг хэсэгхэн хугацаанд эргүүлэх арга барилаар ажиллаж байгаа нь харамсалтай. 1.4 их наядын 674 тэрбум нь боловсролын салбарын багш ажилчдын цалинг нэмэхэд зарцуулагдана. 2026 оны төсөв батлах үедээ л энэ төсвөө суулгаж батлах байсныг ор тас мартаад орхигдуулж баталсан. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголын цаана өөрсдийнх нь хариуцлагагүй байдал харагдаж байна. Нэг ёсондоо 1.4 их наядынх нь тал хувь нь алдсан хариуцлагаа засаж байна гэж ойлгож болно.

Хоёрдугаарт, ахмадуудын тэтгэвэр, төрийн үйлчилгээний алба хаагчдын цалинг 50 хувь нэмнэ. Тэтгэвэрт 190 тэрбум, цалингийн нэмэгдэлд 160 тэрбум төгрөгийг зарцуулна. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төсөв дээр 1 их наядаар тогтмол зардал болж нэмэгдэнэ. Цалин, тэтгэврийг хасаж болохгүй шүү дээ. Үнэндээ ард иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалж байна, цалин тэтгэврийг нэмж байна гэж гоё сайхнаар хэлж байгаа боловч үүнд нь монголын 3.6 сая хүний маш бага хувь нь хамрагдана. Аливааг тооцоо, судалгаатайгаар нэмэхгүй бол болохгүй. Нийслэлийн үнэт цааснаас аваад цалин тэтгэврээ нэмэх гээд байна. Ирэх жилүүдээс яах юм. Хаанаас энэ мөнгөө олж нэмэх юм. Нэг удаагийн зардлаар тогтмол зардлыг нэмэх гэж байгаа нь маш тооцоо судалгаагүй харагдаж байна. Хариуцлагагүй, тооцоо судалгаагүй тодотгол.

Гуравдугаарт, 107 тэрбум төгрөгөөр цахилгааны үнийг хөнгөлөх гэж байна. Энэ бол шийдэл биш. Нэг халааснаасаа аваад нөгөө халаас руугаа хийж байгаа л үйл явдал. 1.4 их наядыг задлаад харвал бүгд л хариуцлагагүйн асуудлууд. Саяхан Монголбанкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 12.5 болгосон. Өөрөөр хэлбэл, энэ нь хэт тэлсэн төсвийг замбараатай болго гэсэн ЗГ-т өгсөн дохио юм. Гэтэл нөхдүүд эсрэгээрээ төсвөө нэмэгдүүлээд оруулаад ирж байна. Үүнийгээ ард түмэнд буруу тайлбарлаж байна. Дараа юу болохыг тооцоолохгүйгээр өнөө маргаашаа харсан тодотгол оруулж ирсэн л гэж харж байна.

-Он дуустал инфляц хоёр оронтой тоонд хэвээр хадгалагдсаар байх уу гэсэн болгоомжлол байна. Тэгвэл ЗГ-аас авч буй дээрх шийдлүүд нь эргээд эдийн засагт ямар үр дагаврыг дагуулах вэ?

-Өмнө хэлсэнчлэн 1 их наяд байсан төсвийн алдагдлыг 2 их наяд болгож байна. Өөрөөр хэлбэл, алдагдлаа их хэмжээгээр нэмэгдүүлж, хэрэглээ рүү 1.4 их наядыг цутгана. Энэ нь маш хортой үр дагавартай. Ахмадуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр ч гэсэн нэмж, төрийн зарим алба хаагчдын цалинг тодорхой дүнгээр нэмэгдүүлж байгаа нь гадна талдаа аятайхан харагдаж байж болох юм. Гэхдээ Монгол Улс зөвхөн энэ хоёр салбараас хамаардаг биш шүү дээ. Цаана нь 220 мянган хувийн ААН байна. Эдгээр татвар төлөгчид хохирно. Учир нь хувийн хэвшилд ажиллаж байгаа 1 сая гаруй ажилчдын цалин нэмэгдэхгүй. Харин тэдний ачаалал улам л нэмэгдэнэ. 220 мянган компанид ажиллаж буй 1 сая ажилчны татварыг нэмж байна гэсэн үг. Ирэх онуудад татвараа нэмэхгүй бол цалин, тэтгэвэр нэмэх мөнгөө хаанаас гараж ирэх юм. Энэ чинь татвар төлөгчдийн мөнгөөр нэмж буй л зүйл. Татвар төлж байгаа, төрөөс нэг ч төгрөг нэхээгүй хувийн хэвшлийнхний эсрэг бодлогын маш том алдаа хийж байна. Үүнд маш их эмзэглэж байна. Хувийн хэвшлийн үйл ажиллагаа яагаад доголдоод байна вэ гэдгийг статистик тоо харалгүйгээр төсвийн тодотголд суусан тоог харахад л мэдэгдэнэ. ААНОАТ бараг 260-аад тэрбум төгрөгөөр дутуу. Өөрөөр хэлбэл, татвар төлдөг ААН-үүд чинь хөл дээрээ сөхрөөд унаж байна. Хувийн хэвшилд ажилладаг, төрөөс нэг ч төгрөг горьддоггүй нэг сая иргэд чинь ихэнх нь ажилгүй болж байна. 2027 оноос хойш энэ данхайсан төсвийг чинь авч явах хүн байна уу гэдэг асуудал ч хөндөгдөхөд хүрч байна. Иймд инфляц дээр нэг их наядын "бензин" асгаж түймэр тавих бодлогогүй тодотгол оруулж ирлээ.

-Төсвийн тодотгол нэг ёсны "өвчин" болчихлоо. Жилд 1-2 удаа хийгээд сурчихлаа шүү дээ-

-Гадаад зах зээл маань таатай байгааг та яриандаа дурдаж байна. Гэхдээ он дуусах хүртэл энэ таатай байдал хэвээр үргэлжлээд явах уу, бид зорьсон хэмжээндээ эдийн засгаа барьж чадах уу гэдэг асуулт байна?

-Гадаад худалдааны тоог харахад маш тодорхой байгаа юм. Монгол Улс гадаадаас олдог 10 ам.доллар тутмынх 8 ам.долларыг нь зэс, нүүрснээс олдог. Энэ хоёр бүтээгдэхүүний зах зээл маань азаар нэн таатай байгаа. Үнэ болон биет хэмжээний хувьд боломжийн хэмжээнд борлуулж байна. Зэсийн хувьд ногоон эдийн засаг, хиймэл оюун ухаан, цахилгаан машин гэх мэт шинэ үйлдвэрлэлд нэвтэрсэнтэй холбоотойгоор 14-15 мянган ам.долларт хүрээд байна. Нүүрсний хувьд, өнгөрөгч тавдугаар сард Хятадын уурхайд том дэлбэрэлт болж 50 гаруй уурхайчин нас барсан. Үүнтэй холбоотойгоор Хятадад өөрсдийн дотоодын томоохон уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо. Энэ нь МУ-ын хувьд аз болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, их хэмжээний нүүрсийг боломжийн үнээр борлуулах нөхцөл бүрдсэн үе гэж хэлж болно. Гэхдээ үргэлж ийм байхгүй. Тиймээс бид бодлоготой хандах ёстой. Нүүрсний үнэ өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд боломжийн хэмжээнд байсан. Тухайн үед төсвөө асар их данхайлгасан. Энэ байдал нь хувийн хэвшлээ татаж унагаагаад байдаг. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх нөгөө талдаа ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх нь төрийн үүрэг. Гэхдээ бусад салбараа татаж унагааж, хөлдөө чирнэ гэдэг бол бодлогын хувьд яав ч эрүүл бодлого биш.

-Төсвийн тодотгол хийх тал дээр эдийн засагчид тийм ч таатай ханддаггүй шүү дээ. Үүний цаана төсөв дээр олон нүх бий болдог асуудал ч байна. Энэ утгаараа төсвийн төлөвлөлт тал дээр бид анхнаасаа яаж анхааарах ёстой юм бэ. Тун удахгүй 2027 оны төсвийг өргөн барих гэж байна шүү дээ?

-Төсвийн тодотголтой залгуулаад төсвөө өргөн барина. Төсвийн тухай хуулийг харвал эдийн засаг эрс муудсан үед төсвөө тодотгодог. Ер нь бид их алсын хараагүй, төсвийн тодотголыг жилд 1-2 удаа хийгээд сурчихлаа шүү дээ. Угтаа бол тодотгол хийх ёсгүй. Нэг жилийн хугацаанд төсвөө зөв зүйтэй тооцоолчихвол толгой эргээд байх зүйлгүй. Манай улс бол маш ойлгомжтой эдийн засагтай улс. Толгой эргээд, их том тоо бодоод байх зүйлгүй. Харамсалтай нь төсвөө муутгаад, буруу тооцоолж тодотгол хийдэг байсан бол өнөөдөр түүхэндээ байгаагүй валют олж байхад тодотголоо хийдэг боллоо. Тодотгол нэг ёсны "өвчин" болчихлоо. Хуулиараа бол эдийн засаг муудаж, зэс нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасан үед л хийх ёстой. Гэтэл эсрэгээрээ боломжийн түвшинд байхад төсвийн тодотгол хийдэг, орж ирсэн мөнгийг нь хаа хамаагүй зарцуулдаг болчихлоо.

Энэ удаагийн төсвийн тодотгол дээр сөрөг хүчний зүгээс нэлээн хариуцлагатай хандах байх гэж харж байна. Энэ бол улс төр хийх асуудал биш. Үүний цаана ард түмний болоод татвар төлөгч ААН-үүдийн амьдрал харагдаж байна. Аливаа улсыг хоёр бодлогоор авч явдаг. Нэг нь төсвийн бодлого. Нөгөө нь мөнгөний бодлого. Гэтэл төсвийн бодлого нь зардлаа замбараагүйгээр тэлээд байдаг, мөнгөний бодлого нь "тоормоз" гишгээд байдаг. Ийм л дүр төрх харагдаж байна. Үүний хохирогч нь эцсийн эцэст ард түмэн, хувийн хэвшил байдаг. Олон жил ийм буруу бодлого явуулсны гороор өнөөдөр хувийн хэвшилд ажиллах хүнгүй боллоо. Тодотгол бол хувийн хэвшлээ боддоггүйн тод жишээ.

-Энэ улсад зөвхөн төрийн албан хаагчид, тэтгэврийн ахмадууд амьдардаг юм шиг хандаж болохгүй шүү дээ-

-Ер нь олсныхоо хэрээр цацаж байна гэдэг шүүмжлэлийг эдийн засагчдын зүгээс их өгдөг шүү дээ. Тэгвэл таны бодлоор төсвийн бодлого маань хэр оновчтой, зөв явж байна вэ. Эдийн засгийн "дүрэм"-ээ эрх баригчид ойлгож байна уу?

-Цар тахлын үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 400 ам.долларт хүрсэн. Гэвч асар их орлого олох боломжийг бид алдсан. Өөрөөр хэлбэл, шатахууны нэг сав барилгүй мега төсөл гэж орилж байсан ч өнөөдөр нэг нь ч хэрэгжсэн зүйл алга. Ний нуугүй хэлэхэд экспортод гаргаж байгаа жаахан бүтээгдэхүүнээ бид үр дүнгүй, халамжинд хэт анхаарсан байдлаар зарцуулсан. Төсөв гэдэг бол тухайн улсын нэг жилийн орлого, зарлагын тухай асуудал биш юм. Тэр чигтээ бодлого байдаг. Төсвийн тодотгол дээр яриад байгаа 1.4 их наяд гэдгийн цаана хөрөнгө оруулалтаасаа хасаад цалин тэтгэврээ нэмэх гэж байна шүү дээ. Энэ нь сургууль, цэцэрлэг, үйлдвэр барья гэсэн мөнгөө цалин, тэтгэвэр болгоод тарааж байна гэсэн үг. Дараа жил юу болох вэ гэдгээ ч тооцоолж чадахгүй байна.

Иймэрхүү байдлаар төсвийг өргөн барьж байгаа нь туйлын харамсалтай. Зөвхөн төрийн албан хаагч, тэтгэврийн ахмадууд энэ улсад амьдардаг юм шиг хандаж болохгүй шүү дээ. Хүмүүс цалин, тэтгэвэр нэмэх гэж байхад яагаад эсэргүүцээд байгаа юм гэж буруугаар ойлгодог. Аливаа улс тэтгэврийн ахмадууд, багш нараас бүтдэггүй юм шүү дээ. Тэдгээрт өгөх гээд байгаа мөнгийг хувийн хэвшилд ажиллаж байгаа нэг сая ажилчид бүрдүүлнэ. Гэтэл тэдний эсрэг бодлого явуулж болохгүй. Харамсалтай нь үе үеийн ЗГ маш энгийн эдийн засгийн бодлого, дүрмийг ойлгохгүй явж байна.

-Ярилцсанд баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!