
Энэ оны наймдугаар сарын 20-ны байдлаар газар тариалангийн ихэнх нутгаар улаанбуудай боловсрох шатандаа орж, төмсний ургалт хэвийн үргэлжилж байгааг Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээллээ. Тариалангийн гол бүс нутаг болох Төв, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Булган аймгийн зарим нутгаар зургаа, долдугаар сард хур тунадас олон жилийн дунджаас ахиу оржээ.
Мөн агаарын температур ихэнх хугацаанд хэвийн байсан нь таримал ургамлын өсөлт, хөгжилд таатай нөхцөл бүрдүүлсэн байна. Харин есдүгээр сард цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгаа бөгөөд сарын эхэн болон сүүлээр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Зарим үед уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй аж.
Мөн шөнөдөө агаарын температур огцом буурч, хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл ердийнхөөс эрт ажиглагдах магадлалтай байна.
Иймээс тариаланчдыг цаг агаарын богино хугацааны мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, ургац хураалтын ажлаа цаг агаарын нөхцөлтэй уялдуулан төлөвлөхийг зөвлөлөө. Түүнчлэн таримлын боловсролт болон цаг агаарын нөхцөлд тохируулан боломжтой үед нь хадаж, ургац хураалтын ажлыг шуурхай зохион байгуулах, комбайн болон бусад техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тохируулгыг урьдчилан шалгаж бэлтгэх шаардлагатайг анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!