VISUAL TOIM: 110 сая тонн нүүрсийг тн тутамд 68.0 ам.доллароор тооцож экспортлон, эдийн засгийн өсөлтийг 5.8 хувьтай байхаар тооцжээ

Ангилал
Visual toim Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 43 секунд

Засгийн газраас хоёр хоногийн өмнө 2027 оны Төсвийн тухай хуулийг өргөн барьсан билээ. Ингэснээр үүний өмнөхөн өргөн барьсан 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн хэлэлцүүлэг зэрэгцэн үргэлжлэхээр болж байна. Тэгвэл "Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэсэн" гэх Н.Учралын Засгийн газрын өргөн барьсан төсвөөс зарим онцлог заалтыг VISUAL TOIM буландаа онцолж байна

-41 их наядыг олж, 43 их наядыг зарлагадана-

2026 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32,2 хувь байхаар, зарлагаа 32.9 их наядаар баталж байв. Харин ирэх оны төсвийг өргөн барихдаа төсвийн орлого болон зарлагыг 40 гаруй их наядаар тооцоолж оруулж ирлээ. Тодруулбал, Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 40.7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.3 хувь, нийт зарлагын хэмжээг 43.0 их наяд төгрөг буюу 37.3 хувь байхаар төлөвлөсөн юм.

Харин алдагдлыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тооцож оруулж ирсэн ба үүнийг Засгийн газрын гадаад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр болон дотоод үнэт цаасны эх үүсвэрээр бүрэн санхүүжүүлэхээр байгаа аж.

-Ирэх онд татварын орлого 33 их наядад хүрнэ-

Засгийн газраас ирэх онд татварын орлого 33 их наядад төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 3,939.5 тэрбум төгрөгөөр буюу 13.6 хувиар өсөхөөр байгааг дурджээ. Тодруулбал, татварын орлогын 10,117.6 тэрбум төгрөг буюу 30.7 хувийг орлогын албан татварын орлого, 7,918.0 тэрбум төгрөг буюу 24.0 хувийг нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, 8,104.2 тэрбум төгрөг буюу 24.6 хувийг нэмэгдсэн өртгийн албан татварын орлого, 2,006.9 тэрбум төгрөг буюу 6.1 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 1,357.9 тэрбум төгрөг буюу 4.1 хувийг онцгой албан татварын орлого, үлдэх хэсгийг бусад татварын орлого тус тус бүрдүүлэхээр байгаа юм.

-ТТБЗ эдийн засгийн өсөлтийг 5.6 хувь гэж таамагласан ч ЗГ 5.8 хувийн төсөөлөл дээр "барив"

Засгийн газраас макро эдийн засгийн зарим төсөөлөл тэр дундаа эдийн засгийн өсөлтийг 2027 онд 5.8 хувь орчимд байна гэж төсөөлжээ. Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2027 онд 5.6 хувь, 2028 онд 5.0 хувь, 2029 онд 5.15 хувь байхаар төсөөлөгдөж байгаа гэх таамаглалыг гаргажээ.

Ингэхдээ тус зөвлөлийн зүгээс Монгол Улсын эдийн засаг тогтворгүй бөгөөд хэврэг, хүртээмжтэй бус байгаа бөгөөд 2025 оны эдийн засгийн өсөлт өндөр гарсан хэдий ч энэхүү өсөлт нь дунд хугацаанд үргэлжлэх баталгаа багатай байна гэж дүгнэжээ.

-115 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж, үнийг тонн тутамд 125 ам.доллароор тооцоолжээ-

Манай улс энэ онд 90 сая тонн нүүрс олборлох зорилт тавьсан. Тэгвэл ирэх оны төсвийн хуульд 2027 онд нүүрсний экспортыг 110.0 сая тоннд, зэсийн баяжмалын экспортыг 2.1 сая тоннд хүргэхээр тооцжээ. Оюутолгойн ордоос олборлох зэсийн баяжмал болон түүнд агуулагдах цэвэр зэс, дагалдах үнэт металлын хэмжээ өсөхөөр байгааг ч дурдсан байна. Ингэхдээ олон улсын зах зээлийн төлөв байдалд үндэслэн нүүрсний зах зээлийн дундаж үнийг тонн тутамд 68.0 ам.доллар, зэсийн үнийг тонн тутамд 12,700.0 ам.доллар байхаар тус тус төсөөлөв.

-"Шинэ хоршоо"-д 75.9 тэрбумын дэмжлэг үзүүлэх бол "Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд НЭМЖ ЗЭЭЛ ГАРГАХГҮЙ-

Олон нийтийн зүгээс “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөн хамгийн их шүүмжлэлд өртөх нь бий. Тэгвэл тус хөдөлгөөний хүрээнд 2024, 2025 онд олгосон 841.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 26,138 зээлдэгчийн 677.3 тэрбум төгрөг байгаа бөгөөд ирэх оны хүүгийн дэмжлэгт зориулж 75.9 тэрбум төгрөгийг тус тус төрөөс хариуцан төлөхөөр төсөвт тусгажээ.

Түүнчлэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023, 2024 онд олгосон 1.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэл 2026 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар 622 зээлдэгчийн 361.5 тэрбум төгрөг байна. Ирэх онд шинээр нэмж зээл олгохгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд олгогдсон зээлийн хүүгийн дэмжлэгт зориулж 58.9 тэрбум төгрөгийг олгохоор тусгаад байна.

-Газрын тос боловсруулах үйлдвэрт 2 их наядыг ӨГНӨ-

Ирэх онд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд дундаас олон нийтийн анхаарлын төвд зүй ёсоор багтаж буй гурван төслийг бид сонгов. Тодруулбал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд хэрэгжиж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөлд ирэх онд 181.3 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулна. Түүнчлэн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан соёлын өвийг хамгаалах, нуур үүсгэх талбайг чөлөөлөх, байгаль орчны аудит болон мониторингийн зардалд нийт 3.0 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Түүнчлэн Монгол Улсын газрын тосны боловсруулах үйлдвэрийг байгуулах төслийн хүрээнд 2.3 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгоно. Тус үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүрдэж, дотоодын шатахууны хэрэгцээний 55 орчим хувийг хангах боломжтой болох билээ.

Мөн барилгажилттай холбоотой хэд хэдэн төсөл олны анхаарлыг татаж буй бөгөөд тэдгээрээс Солонго 1, 2 орон сууцны хороолол барих төсөл 67 хувьтай үргэлжилж буй юм. Тус төсөлд ирэх онд 217.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнг тусгажээ.

-Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг шинэчилнэ-

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2027 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 5,773,839.8 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны үргэлжилж буй төслүүдийг дуусгахад санхүүжилтийг төвлөрүүлж, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг шинэчилнэ гэж ЗГ төсвийн төсөлдөө тусгасан байх аж.

-Оюутолгойн ногдол ашиг-

“Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний хүрээнд санхүүжилтийн зардлыг бууруулах, ногдол ашиг хуваарилах хугацааг наашлуулах чиглэлээр харилцан тохиролцоонд хүрсэн. Энэ утгаараа ирэх онд төрийн өмчит хуулийн этгээдүүдээс улсын төсөвт нийт 3,544.8 тэрбум төгрөг, орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдээс орон нутгийн төсөвт 162.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Мөн үүнээс гадна Оюу толгой төслөөс Монгол Улсын төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 2,000.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

-Хамгийн их ба бага орлого төвлөрүүлэх сайдууд-

Ирэх онд 23 төсвийн ерөнхийлөн захирагч нар төсөвт орлого төвлөрүүлнэ. Үүнээс зөвхөн ЗГ-ын сайд нараас авч үзвэл, Сангийн сайд 21.05 их наяд төгрөг буюу хамгийн их орлого төвлөрүүлэх бол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд хамгийн бага буюу 284 сая төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Энэ дүн хоорондоо ойролцоогоор 74,124 дахин зөрүүтэй байгаа юм.

-ТӨК-иудын орлого төрд төвлөрнө-

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд дагуу АМНАТ-ийн орлогоос Төсвийн тогтворжуулалтын сан болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилсны дараа үлдэх орлогын 65 хувь буюу 2,930.8 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 468.0 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд тус тус төвлөрүүлэхээр ЗГ төсөвт тусгажээ.

-Дундаж тэтгэвэр 380 мянгаар нэмэгдэнэ-

Нийгмийн даатгалын санд 2026 онд 7.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, давхардсан тоогоор 804.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт 6.6 их наяд төгрөг зарцуулж байна. Тэгвэл Засгийн газраас ирэх онд цалин, тэтгэвэртэй холбоотой шинэчлэлийг хийх гэж буйгаа зарласан. Тодруулбал, нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Үүнд 750 тэрбум төгрөг шаардагдах ба 236.2 мянган тэтгэвэр авагч хамрагдах юм.

Ингэснээр 955 мянга байгаа одоогийн дундаж тэтгэврийн хэмжээ 380 мянган төгрөгөөр өсөж, 1 сая 335 мянган төгрөг болно. Мөн үүнд энэ онд баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт ч хамаатах юм. Тус хэрэгжилтэд 561 мянган хүн хамрагдах ба нийт 1.9 их наяд төгрөг шаардагдах аж.

-Төрийн гурван өндөрлөг дундаас Ерөнхий сайд хамгийн их буюу 424 тэрбум төгрөгийн ТӨСӨВ зарцуулна-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын буюу Монгол Улсын Ерөнхийлөгчид хамаарах төсвийг 34.3 тэрбум төгрөг байхаар баталжээ. Үүний 34 тэрбум нь урсгал зардлын төсөв бол үлдсэн 250 сая нь хөрөнгийн зардал байхаар тусгасан байх аж.

Харин УИХ-ын даргын хувьд 177.9 тэрбум төгрөгийн төсөвтэй байна. Үүний 170.2 тэрбум нь урсгал зардалд зарцуулахаар тусгасан бол 7.6 тэрбум нь хөрөнгийн зардал юм.

Ерөнхий сайдын хувьд эдгээр гурван эрхмээс хамгийн өндөр буюу 424.1 тэрбум төгрөгийг ирэх онд зарцуулна. Эл 424 тэрбум төгрөгийн 347.6 тэрбум нь урсгал зардалд зарцуулагдах аж.

Харин эдгээр төсөвт тусгагдсан дүнг өнгөрсөн жилийн төсөвтэй харьцуулахад, Ерөнхийлөгчийн төсөв 3.8 тэрбумаар, УИХ-ын даргын төсөв 32.4 тэрбумаар, Ерөнхий сайдын төсөв 61.7 тэрбумаар нэмэгджээ.

-Боловсролын сайдын төсөв хамгийн өндөр буюу өмнөх оны батлагдсан төсвөөс 2.6 их наядаар НЭМЭГДЖЭЭ-

Үүнээс харахад, Боловсролын сайд Л.Энх-Амгалан хамгийн өндөр төсвийн зарцуулалтыг хийж байна. Харин хамгийн бага зардлыг Шадар сайд Т.Доржхандад хуваарилсан байх бөгөөд тэрбээр 8.3 тэрбум төгрөгийн төсвийг бүгдийг нь урсгал зардалд зарцуулахаар тусгажээ.

Харин 2026 оны төсөвтэй харьцуулахад, Л.Энх-Амгалан сайдын төсөв хамгийн өндөр буюу 2.6 их наядаар нэмэгдсэн бол Т.Аубакир, З.Мэндсайхан сайдын төсөв 1.1-1.3 их наядаар нэмэгджээ. Харин Сангийн сайдын төсвөөс 1.5 их наяд нь зээлийн хүүгийн төлбөрт зарцуулагдах бол гадаад зээл, тусламжаас санхүүжих зардалд 1.7 их наяд нь зарцуулагдах юм.

Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсөв өнгөрсөн жил 385 тэрбумаар батлагдсан бол 2027 онд 288 тэрбум буюу 96 тэрбумаар хасагдаж орж иржээ. Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын төсөв өнгөрсөн жил 85 тэрбумаар батлагдаж байсан бол 2027 онд 82 тэрбум буюу 3 орчим тэрбумаар буурчээ. Төсвийн хувьд бууралт үзүүлсэн өөр нэг сайд бол Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд. Түүний 2026 оны төсөв 213 тэрбумаар батлагдаж байсан бол 2027 оны төсөвт 203 тэрбум буюу 10 тэрбумаар хасагджээ.

Б.Дашпүрэв: Есдүгээр сард энгийн АИ-92 бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй тул иргэд саванд нөөцлөх шаардлагагүй
Б.Дашпүрэв: Есдүгээр сард энгийн АИ-92 бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй тул иргэд саванд нөөцлөх шаардлагагүй
 
УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-ноос хуралдуулахаар бэлтгэж байна
УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-ноос хуралдуулахаар бэлтгэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!