
Зээлийн мэдээллийн сан буюу “Хар жагсаалт”-тай холбоотой асуудлаар Монголбанкнаас мэдээлэл өгч байна. Энэ үеэр Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын Зээлийн мэдээллийн хэлтсийн дарга Л.Дөлгөөн "Зээлийн мэдээллийг хуулийн дагуу хугацаанд нь нийлүүлж байгаад хяналт шалгалт хийх ажил явагдаж байна. Үүний хүрээнд нэн түрүүнд зээлийн мэдээллийг шивж байгаа ББСБ-уудад хяналт шалгалт хийгээд эхэлсэн. Үүний араас банкуудад хяналт шалгалт хийнэ.
Зээлийн мэдээллийг хүлээж авсан даруйд зээлжих зэрэглэлийн оноонд өөрчлөлт оруулдаг болох ажлыг хийж байсан. Улмаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлж буй этгээдүүдэд үүрэг даалгавар хүргүүлээд, зээлийн мэдээллийг хүлээж авсан даруйд зээлжих зэрэглэлийн оноонд шууд өөрчлөлт оруулдаг болсон. Мөн зээлийн мэдээлэлтэй холбоотой ирдэг гомдлыг нэг шугамаар явцыг нь иргэндээ мэдээлдэг цахим өөрчлөлт хийсэн. Ингэснээр тухайн гомдлыг ямар байгууллага хариуцах, эсвэл Монголбанк талаасаа шийдэх үү зэрэг олон давуу талтай. Энэ өөрчлөлт есдүгээр сарын дундуур ашиглалтад орно. Мөн зээлийн мэдээллийг илгээж байгаа санхүүгийн байгууллагуудтай засвар оруулах хүсэлтийг албан бичгээр хийдэг. Үүнийг цахимжуулах ажлыг хийгээд ирэх сарын 20-ноос ашиглана.
Зээлжих зэрэглэлийн оноонд үүрэн телефоны төлбөр, хэрэглээний төлбөрийн мэдээлэл нөлөөлөхгүй" гэлээ.
Мөн тэрбээр "Иргэд зээлжих зэрэглэлийн оноо болон зээлийн мэдээллийн лавлагааг дотор нь хольж ойлгоод байгаа. Зээлийн мэдээллийн лавлагаа нь тухайн иргэн, ААН-ийн нийт авсан зээлийн түүх. Харин зээлжих зэрэглэлийн оноо нь тухайн иргэний зээлээ хэрхэн төлж байна, зээлийн түүхэн дээр нь суурилаад тухайн зээлдэгчийн зээл төлөлтийн зан төлөв, санхүүгийн сахилга батыг харуулж буй оноо юм. Өмнө нь зээлээ нэг л хоцроосон бол автоматаар зээл олгохоос татгалздаг байсан. Зээлийн оноо харин үүнийг яаж шийдэж өгч байгаа вэ гэхээр тодорхой босго оноо тавиад, жишээ нь 560 оноо байлаа гэхэд энэ онооноосоо дээш байвал зээлийн судалгаа хийгдэнэ. Доош байвал зээл олгохгүй гэдэг хариуг тухайн санхүүгийн байгууллага өгнө. Гэхдээ мэдээж босго онооноос доош байсан ч зээл өгнө гэсэн санхүүгийн байгууллага байдаг. Тэр байгууллагуудыг олоод зээлээ судлуулаад явна. Зээлийн оноо нь зээлээ сайн төлдөг, өндөр оноотой хүмүүст бага хүүтэй болон өндөр зээл олгох давуу тал үүсгэнэ. Зээлээ хугацаанд нь төлбөл оноо аажим аажмаар өсөөд явна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!