
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Газрын тос шатахуун олгоход дотооддоо хязгаартай байсан бол хоёр орны төрийн тэргүүний үр дүнд БНХАУ ямар нэгэн хязгаарлалтгүй шатахуун олгохоор боллоо.
Мөн Монгол, Хятадын худалдааны эргэлтийг ойрын таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг талууд онцолсон байна. Мөн уул уурхайгаас гадна аж үйлдвэр, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцжээ.
Түүнчлэн Монголын нүүрс, бусад экспортын гол гарц болох хил дамнасан төмөр замын төслүүдэд анхаарал хандуулсан байна. Тухайлбал, Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Ханги–Мандалын төмөр замыг үе шаттайгаар ашиглалтад оруулах талаар талууд санал солилцжээ. Монгол, Хятад, Оросын гурван талын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд “Төмөр замын төв коридор”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монголын нутгаар хийн хоолой дамжуулах асуудлыг мөн хөндсөн байна.
Үүнээс гадна Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад оруулах талаар хэлэлцжээ. Дэлхийн зах зээл дэх түлш, шатахууны нийлүүлэлтэд геополитикийн нөхцөл байдал нөлөөлж буй энэ үед Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хангамжид дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин илэрхийлсэн байна.
Талууд цаашид хоёр улсын эдийн засгийн харилцааг урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулж, томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!