Р.Нямдаваа: Зарим улсад нэг автомашинд зарцуулах шатахууны хэмжээг хязгаарлах, шатахууны хэрэглээг илүү оновчтой болгох зэрэг зохицуулалт хийж байна

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 28 секунд

АҮЭБ-ийн яамнаас өнөөдөр шатахууны асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа олон улсын шатахууны талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Монгол Улсад үүсээд байгаа шатахууны нөхцөл байдлыг зөвхөн дотоодын зах зээлийн асуудал гэж харах боломжгүй. Дэлхийн улс орнуудын туршлагыг харахад шатахууны хэрэглээг бууруулах, нийлүүлэлтийг тогтвортой байлгах, хомсдолын эрсдэлийг урьдчилан тооцох чиглэлээр олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, БНСУ энэ оны гуравдугаар сараас төрийн болон төрийн өмчит байгууллагуудын албан автомашины хэрэглээг бууруулах арга хэмжээ авч эхэлсэн. Эхний үед долоо хоногийн тодорхой нэг өдөр автомашины хэрэглээг хязгаарлаж байсан бол сүүлийн саруудад уг зохицуулалтыг төрийн өмчит байгууллагуудын албан автомашинд түлхүү хэрэгжүүлж байна.

Харин Бангладеш, Лаос зэрэг улс нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр зорчихыг дэмжих замаар хувийн автомашины хэрэглээ болон шатахууны эрэлтийг бууруулах бодлого хэрэгжүүлж байгаа. Мөн Япон, Чили, Перу зэрэг улс шатахууны зарцуулалтыг багасгах чиглэлээр жолоодлогын зөв дадлыг сурталчлах, хэмнэлттэй жолоодлогын сургалт, зөвлөмж хэрэгжүүлж байна. Зарим улс нэг автомашинд зарцуулах шатахууны хэмжээг хязгаарлах, шатахууны хэрэглээг илүү оновчтой болгох зэрэг зохицуулалт ч хийсэн байна. Эндээс харахад улс орнууд шатахууны хомсдол үүссэн үед түр арга хэмжээ авахын зэрэгцээ дунд болон урт хугацаанд эрчим хүчний аюулгүй байдлаа хангах бодлогод анхаарч байна. Өөрөөр хэлбэл, шатахууны хэрэглээг зохистой түвшинд барих, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, гадаад зах зээлээс хэт хамаарах эрсдэлийг бууруулах нь нийтлэг чиг хандлага болжээ.

Монгол Улсын хувьд ч энэ асуудал онцгой ач холбогдолтой. Манай улс шатахууны хэрэглээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж чаддаггүй, импортын нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай учраас олон улсын зах зээл болон геополитикийн нөхцөл байдал дотоодын шатахууны хангамжид шууд нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цаашид дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх шаардлага бий.

Энэ хүрээнд Монгол Улс ОХУ, БНХАУ, БНСУ болон Европын зарим улстай шатахууны нийлүүлэлт, хангамжийн асуудлаар харилцаж, хамтын ажиллагааны боломжийг судалж байгаа. Мөн шатахууныг дотооддоо үйлдвэрлэх болон нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой хэлэлцээ хийж байна. Гэхдээ зарим асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа тул үр дүнг нь одоогоор тодорхой хэлэхэд эрт байна. Нөгөө талаас, Монгол Улсын шатахууны нөхцөл байдлыг ойлгохын тулд дэлхийн түүхий газрын тосны зах зээлийг мөн авч үзэх шаардлагатай. Олон улсын зах зээл дээр түүхий газрын тосны үнэ тогтворгүй хэлбэлзэж байгаа бөгөөд энэ нь газрын тос боловсруулах, тээвэрлэх, улмаар эцсийн шатахууны үнэд нөлөөлдөг. Гэхдээ шатахууны үнэ зөвхөн түүхий газрын тосны үнээс хамаардаггүй. Нийлүүлэлт, эрэлт, боловсруулах зардал, тээвэрлэлт болон тухайн улсын дотоодын зах зээлийн нөхцөл зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлнө. Иймээс Монгол Улсад үүсээд байгаа шатахууны асуудлыг зөвхөн өнөөдрийн нийлүүлэлтийн хүндрэлээр хязгаарлах бус, дэлхийн зах зээлийн өөрчлөлт, геополитикийн нөхцөл байдал, импортын хамааралтай нь хамтад нь авч үзэх шаардлагатай. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад шатахууны хэрэглээг хэмнэх, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхийн зэрэгцээ урт хугацаанд дотоодын үйлдвэрлэл, нөөцийн тогтолцоог бий болгох нь хамгийн чухал асуудал болж байна" гэв.

Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана
Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана
 
Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!