“The Voice of Mongolia 2020” шоуны ялагч Х.Ядам хэдхэн өдрийн өмнө өөрийн анхны уран бүтээл болох “Break the Silence”дуугаа олон нийтэд сонирхуулсан билээ. Тэгвэл бид өнөөдөр түүний шинэхэн уран бүтээл болон цаашдын зорилгын тухай сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
Зургийн тайлбар: “The Voice of Mongolia 2020” шоуны ялагч Х.Ядам. Тэрбээр хэдхэн өдрийн өмнө өөрийн анхны уран бүтээл болох “Break the Silence”дуугаа гаргажээ. Улаанбаатар хот. 2020.11.03. Гэрэл зургийг Б.Амарбаясгалан
- ХҮМҮҮСТ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЖ, БОДОХ ЗАЙГ БИЙ БОЛГОСОН ДУУ -
-Шинэ дуугаа гаргасанд баяр хүргэе. Сэтгэгдэл хэр байна вэ?
-Мэдээж сэтгэгдэл үнэхээр өндөр байна. “The Voice of Mongolia” шоунд орсноосоо хойш VEB entertainment productions гэх сайхан гэр бүлд орж, олон хүмүүстэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Цөөнгүй хэдэн уран бүтээл хийсэн бөгөөд эхнийхээ уран бүтээлээ өчигдөр “Youtube” сувагт байршуулсан нь хүмүүст их таалагдсан байх хэмээн найдаж байна.
-Дууны ая клиппний хувьд үнэхээр сайн болсон байсан. Энэхүү уран бүтээлээ бэлэн болгоход хэр хугацаа зарцуулсан бэ?
-Voice шоу дууссанаас хойш шууд артистынхаа гэрээний дагуу ажилдаа орсон. Дуу хөгжимнөөс гадна арьс гоо сайхан, шүд, эрүүл мэндийн асуудлаа шийдэх гэж нилээд хугацаа зарцуулсан. Энэ дуугаа гурван сар гаруйн хугацаанд хийсэн ч өөр олон уран бүтээлүүд бэлдээд авсан байгаагаа энд задлаад хэлчихмээр байна.
-Хүмүүсийн сэтгэгдэл эерэг байгаа харагдсан. Анх төсөөлж байсанд тань хүрч чадсан уу?
-Анхны минь уран бүтээл учраас хүмүүс яаж хүлээж авах бол гэж бодохоор эхэндээ айдас хүрч байлаа. Харин өнөөдөр хүмүүсийн сэтгэгдлийг уншихад сайхан байна. Илүү урам зориг орж, сайн сайн дуу гаргаж, урлагийн салбартаа өөрийн хувь нэмрээ оруулахыг маш их хүсч байна.
-Дуугаа яагаад Break the Silence гэж нэрлэх болсон бэ?
-Дууны нэрний тухайд манай продюсер өгсөн. Надад бас таалагдсан. Хүмүүст хүлээлт үүсгэж, жаахан ч гэсэн бодох орон зайг бий болгосон дуу гэж бодож байна. Миний хувьд өөр дуунууд дээр мөн ажилласан. Багийнхантайгаа ярилцаж байгаад энэ дуугаа эхлээд сонсогчиддоо хүргэхээр шийдсэн. Дууны тухайд бол бие биедээ хайртай олон хосууд байдаг ч гадны олон саад бэрхшээл, мөн бодлын хүлээснээс болоод хагацдаг гэж би боддог. Үүнийг дуундаа шингээж оруулан эдгээр олон асуудлыг хоёр үгээр тайлбарлах шаардлагатай болсон тул Break the Silence гэж нэрлэсэн. Дашрамд хүмүүс хайр сэтгэл аз жаргалынхаа төлөө тэмцэж байх хэрэгтэй гэдгийг анхны дуугаараа сануулахыг хичээсэн.
Зургийн тайлбар: “Break the Silence” дууны постер зураг
- АМЬДРАЛ ДЭЭРХ БИ, ТАЙЗАН ДЭЭРХ БИ ХОЁР ТЭНГЭР ГАЗАР ШИГ ЯЛГААТАЙ -
-Та VEB entertainment productions-ын тухай танилцуулахгүй юу?
-Өмнө жил “The Voice of Mongolia” нэгдүгээр улирлын ялагч Ц.Энгүүний хувьд “Монгол контент”-той гэрээ хийж уран бүтээлч нь болж байсан бол миний хувьд ялагчийн гэрээгээ энэхүү байгууллагатай үзэглэсэн байгаа. Манай продакшн бол гайхалтай гэр бүл. Маш олон мэргэжлийг хүмүүс ажиллаж байна. VEP – ийн тухайд артист менежент хийхээс гадна шоу тоглолтууд зохион байгуулдаг байгууллага. Миний өмнөөс уран бүтээлтэй холбоотой бүхий л асуудлыг шийдэж өгч байгаа нь олон улсын түвшинд хүрч ажиллаж байна гэж бодож байгаа. Дашрамд хэлэхэд ах эгч нартаа баярлалаа.
-Автозамын инженер мэргэжилтэй шүүдээ. Цаашид мэргэжлээрээ ажиллах төлөвлөгөө бий юу?
-Автозамын инженер бол миний өөрийн дурлаж сонгосон мэргэжил. Харин дуу хөгжим бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Нэгэнт амьдралд маань ийм том боломж ирсэн тул би мөрөөдлөө цааш үргэлжлүүлнэ. Тиймээс автозамын инженер болохоо түр хойш нь тавьчихсан байгаа.
-Анхны дугаарын үеэр дуулахдаа бүжиглэхэд тань бусдыгаа бодвол илүү нүүр хагарчихсан оролцогч шиг санагдаж байсан. Тайзан дээр байхдаа юу мэдэрдэг вэ?
-Амьдрал дээрх би, тайзан дээрх би хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Тайзан дээр гарах үедээ би 100 хувь өөрийгөө мэдэрч дуулж чаддаг. Өөрийн бүх хүчийг дайчилна гэж бодож тайзан дээр гардаг учир ямар ч ичиж сандрах мэдрэмжийг мэдэрдэггүй. Зүгээр л өөрийн бэлдсэн зүйлээ хүмүүст харуулахын тулд хичээдэг. Энгийн амьдрал дээрээ тийм ч их нүүрэмгий хүн биш ээ \инээв\.
-Анх яагаад “The Voice of Mongolia” шоунд оролцох болсон бэ?
-Би Баянбүрдийн тойрог дээр замын зураг зурж, хэмжилт хийгээд явж байх үедээ “The Voice of Mongolia”-ын хаалттай шалгаруулалтын хамгийн сүүлийн өдөр байсныг олж мэдсэн. Анх харчихаад би ороод үзвэл яах бол гэж болсон. Тухайн үед өөртөө итгэлгүй байсан ч өөрийгөө сорьж үзмээр санагдсан. “The Voice of Mongolia” бол дуулах дуртай хүн бүхний мөрөөдөл учраас тэрхүү дуртай зүйлдээ хөтлөгдөн энэхүү шоунд оролцож байсан.
Зургийн тайлбар: Финалын шатанд “Jailhouse Rock” надад маш том сорил болохыг ойлгосон хэмээн ярьж буй байдал. Улаанбаатар хот. 2020.11.03. Гэрэл зургийг Б.Амарбаясгалан
-ХҮМҮҮС ЗҮҮЛТНЭЭС БОЛЖ Д.БОЛД АХЫГ СОНГОЛОО ГЭЖ ШУУГИСАН БОЛОВЧ ҮНЭНДЭЭ ХЭЛСЭН ҮГС НЬ ИЛҮҮ ҮНЭТЭЙ БАЙСАН -
-Дуучин Д.Болд танд өөрийн хүзүүний зүүлтээ бэлэглэсэн шүүдээ. Тухайн үед ямар санагдаж байсан бэ?
-Багаасаа сонсож өссөн, Монгол хүн бүрийн шүтээн болсон хамтлагийн ахлагч хүн өөрийн сахиус болсон үнэтэй зүйлээ өгөхөд авч байсан мэдрэмжээ үгээр тайлбарлаж чадахгүй байна. Миний хувьд маш том хүндлэл, урам, аз байсан байх. Хүмүүс зүүлтнээс болж Д.Болд ахыг сонголоо гэж шуугисан. Гэхдээ зүүлтнээс бус хэлсэн үгс нь илүү үнэтэй байсан. Би чиний төлөө юу ч хийж чадна гэдгээ батлахын тулд зүүлтээ өгсөн байх гэж боддог. Шүүгч дасгалжуулагчаасаа олон зүйлийг шоуныхаа явцдаа сурч мэдсэндээ. Хамгийн наад зах нь бусадтай харилцах тал дээр маань хүртэл зааж зөвлөж байсан.
-Д.Болд шүүгч тулаад харьцахад ямар зан ааштай хүн байсан бэ?
-Үнэхээр Монголын “супер стар” л гэж хэлмээр байна. Хүндлэхгүй байхын аргагүй. Зан ааш болон надад өгч байгаа мессежний хувьд ч тэр маш их хүндэлдэг. Уран бүтээлч хүн өөрийнхөө үнэ цэнийг маш сайн ойлгож мэддэг байх ёстой юм шиг санагддаг. Мөн дуулж байгаа дуундаа орж, өөрийгөө яаж хүнд танилцуулах вэ гэдгийг Болд шүүгч маань зааж зааварласан даа. Гэхдээ загнаж зандардаг хүн биш байна лээ\инээв\. Үргэлж баяр баясгалантай байж багийханд сайхан ханддаг байсан. Болдоо шүүгч багийхандаа зориулаад хувцас хүртэл авч өгдөг, бэлтгэлийн дундуур хоол унд зөөгөөстэй. Халамжтай "coach" байсан шүү.
-Сүүлчийн шатанд “Jailhouse Rock” гэдэг хоолой шаардсан хэцүү дууг сонгон дуулсан шүүдээ. Сонгоход юу нөлөөлсөн бэ?
-Дууны хувьд “The Voice of Mongolia” шоуны хамт олон болон шүүгч Д.Болд надаас энэхүү дууг чи дуулж чадах уу гэж асуусан. Би мэдээж өөрийн хамгийн сайн дуулж чаддаг дуугаа финалын шатанд дуулахыг хүссэн боловч “Jailhouse Rock” надад маш том сорил болохыг ойлгосон. Энэ хэцүү давааг амжилттай давж чадвал ялахад нэг алхам ойртоно гэж зөвлөж байсан. Иймд бид олуулаа ярилцаж тохирсоны үндсэн дээр “Jailhouse Rock” дууг сонгосон. Үнэхээр амаргүй даваа, хэцүү дуу байсан ч гэсэн амжилттай ард нь гарч чадсан. Өөрийгөө 100 хувь дайчилсан учраас одоогийн би бий болсон гэж бодож байна.
-Ямар жанрын дуу дуулах дуртай вэ?
-Төрөл жанраар нь дууг ялгалгүй өөрт таалагдсан дуугаа сонсох дуртай. Харин хамгийн дуулах дуртай, дуулахыг хүсдэг жанр гэвэл “жазз дуу” гэж хариулна.
Зургийн тайлбар: Сүүлийн шатанд үлдсэн гурван өрсөлдөгч болох Э.Дашням, Б.Оюу, Г.Эрмүүн гурав маань нэлээн “чанга” өрсөлдөгчид байсан. Бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Улаанбаатар хот. 2020.11.03. Гэрэл зургийг Б.Амарбаясгалан
- ДУУЛАХААС ӨӨР ГЭВЭЛ МАШИН, ХӨЛБӨМБӨГ ХОЁРТ ХОББИТОЙ -
-Өрсөлдөгчөөсөө суралцах гэж үг байдаг шүүдээ. “The Voice of Mongolia” шоуны хамгийн хэцүү өрсөлдөгч тань хэн байсан бэ? Юу сурч авсан бэ?
-“The Voice of Mongolia” бол тэр чигтээ маш том урлагийн сургууль. Өрсөлдөгчийн хувьд тэр энэ гэж хэлэхэд маш хэцүү. Гэхдээ финалын шатанд үлдсэн гурван өрсөлдөгч болох Э.Дашням, Б.Оюу, Г.Эрмүүн гурав маань нэлээн “чанга” өрсөлдөгчид байсан. Бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Б.Оюу бол “дива” хэмжээний хоолойтой. Э.Дашнямын хувьд монгол ард түмний хайрыг маш ихээр татлаа шүүдээ. Миний хувьд , Г.Эрмүүнийг зүгээр л тайзан байх ёстой хүн гэж боддог. Ингээд бодохоор энэ гурав маань үнэхээр чанга хатуу өрсөлдөгч байжээ. Гэхдээ бид өрсөлдөж байна гээд бие биедээ муу санаа өвөрлөж байгаагүй. Маш сайн найзууд болж цирк дээр өнгөрүүлсэн финалын шатны 7 хоног бол бидний хувьд урт аялалын бэлтгэл сургууль шиг санагдаж, бие биедээ туслаж өнгөрүүлсэн хугацаа байсан. “The Voice of Mongolia” бол маш том гэр бүл.
-Одоог хүртэл бусад оролцогчидтой холбоотой байдаг уу?
-Тиймээ бүгд нэгнийхээ уран бүтээлд туслах тал дээр үргэлж нээлттэй байдаг. Саяхан л гэхэд миний уран бүтээл дээр туслах хэрэгтэй зүйл байна уу гээд хүрээд ирсэн. Түрүүн хэлсэнчлэн бид гэр бүл шиг байдаг. Дуу хөгжим өөрөө ийм сайхан холбоосыг бидэнд өгсөн байх. Удахгүй бас манай шоуны шилдэг оролцогчид ар араасаа дуугаа цацаад эхлэх байх аа.
-“Чанга охид уйлдаггүй” дуугаа клипжүүлэх бодол байгаа юу?
-Энэхүү дуунд ямар нэг клип хийх байх. Гэхдээ яг хэзээ цацагдахыг сайн хэлж мэдэхгүй байна. Хийсэн олон уран бүтээл байгаа учраас продакшныхаа төлөвлөгөөг дагаж ажиллана.
-Цаашид хамтран дуу хийх хүсэлтэй уран бүтээлч бий юу?
-Монголд хамтарч дуу хийхийг хүсдэг маш олон хүн байна. Гэхдээ хамгийн ихээр Д.Болд ахтайгаа хамтарч дуу хийхийг хүсдэг.
-Таны амьдралын хамгийн дурсамжтай үеээсээ хуваалцаач?
- Миний амьдралын хамгийн дурсамжтай үе бол “The Voice of Mongolia” болоод үлдчихлээ. Хамгийн тодоор дурсагдах байх. Миний хувьд автозамын инженерээс дуучин болох болсон маш хурдан хэрнээ үнэ цэнэтэй цаг хугацаа энэ шоутай салшгүй холбоотой. Алга урвуулсан мэт амьдрал маань өөрчлөгдөж, хүсэл мөрөөдлөөрөө амьдарч байгаа минь одоог хүртэл тохиолдож байгаа хамгийн том дурсамж байхаа гэж бодож байна.
-Танд дуулахаас өөр хобби бий юу?
-Дуулахаас өөр гэвэл машин, хөлбөмбөг хоёрт хоббитой. Бас хаяж чаддаггүй. Хөлбөмбөгийг багаар нь Английн баг Челсиг дэмждэг. Тоглогчын хувиар Кристиано Роналдог дэмжих дуртай. Бараг 2005 оноос хойш үнэнч фанат нь болсон.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Намайг дэмжиж буй бүх хүмүүстээ шинэ хамгийн чанартай уран бүтээл хүргэх зорилготой. Түүнчлэн ийм сайхан хамт олонтой болсон тул өүх хүчээ дайчилна гэсэн бодолтой байна. Анхны уран бүтээл маань гарсан тул намайг дэмжиж буй бүх хүмүүстээ баярлалаа. Цаашид ч бас чанартай уран бүтээл хийх болно оо.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
С.Хонгорзул
Гэрэл зургийг: Б.Амарбаясгалан