СУРВАЛЖИЛГА: Монгол инженерүүд 15 давхар барилгатай дүйцэх гүнд төмөр замаа “угсарч“ байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
13 минут 54 секунд

Таны хувьд нэг жил гэдэг хэр урт хугацаа вэ. Зарим хүнд нүд ирмэхийн зуур өнгөрөх богино хугацаа. Харин заримд нь амьдралаа өөрчлөх, санасан сэдсэнээ эхлүүлж, бас "дуусгахад" хангалттай хугацаа. Хувь хүний амьдралд урт, богино мэт санагдах энэ хугацаа бүтээн байгуулалтын хувьд тийм ч хангалттай хугацаа биш. Ялангуяа хэдэн зуун километр үргэлжлэх төмөр замын тухайд. Тэгвэл бидний чамлаж буй энэ хугацаанд монгол инженерүүд төмөр зам барьж чаддаг гэдгээ батлан харуулахаар ажиллаж байна.

Энэ бол Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 километр төмөр замын бүтээн байгуулалт юм. Таныг энэхүү нийтлэлийг уншиж буй өдөр, шөнө хоногийн аль ч цаг мөчид 95 аж ахуйн нэгжийн 4000 гаруй инженер, техникийн ажилчид ирэх есдүгээр сард өөрсдийн гар бие оролцсон эл төмөр замаа ашиглалтад бүрэн оруулахаар төслийн талбай дээрээ ажиллаж зогсоно.

Ердөө нэг жил хагасын өмнө энд төмөр зам байгаагүй. Харин өнөөдөр...

127 километр үргэлжлэх энэ төмөр зам Улаанбаатар хотын Багахангай дүүрэг дэх Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутгаар дамжин Эмээлт өртөөнд холбогдоно. Ингэхдээ хоёр үе шаттайгаар хэрэгжиж буй эл төслийн нэгдүгээр үе шат буюу Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 87.8 км хэсгийн үндсэн ажлууд дуусжээ. Харин одоо энд ашиглалтад бэлтгэх, чанар стандартын шаардлагыг хангах эцсийн шатны ажлууд үргэлжилж буй юм.

Харин Хөшигийн хөндийгөөс цааш Эмээлт хүртэл үргэлжлэх хэсэгт сонирхолтой олон бүтээн байгуулалт өрнөж буйг хэлэх нь зүй байх. Жишээлбэл, Туул гол дээгүүр 476 метр урттай гүүрийг барьж байна. Энэ нь монголын хамгийн урт төмөр замын гүүрэн байгууламж гэдгийг инженерүүд онцолж буй юм.

-15 ДАВХАР БАРИЛГАТАЙ ДҮЙЦЭХ ГҮНД ТӨМӨР ЗАМАА УГСАРЧ БАЙНА-

Харин одоо уншигч таныг төлөвлөлт дээр туссан дөрвөн өртөө, гурван зөрлөгийн нэг хэсэгт аваачъя. Энэ бол 33 метрийн гүн ухмалын талбай юм.

Таны харж буй гүн ухмалын энэ цэгт газар шорооны ажил үндсэндээ дуусаж, төмөр зам барих, угсрах ажил ид дундаа өрнөж буй. Хамгийн сонирхолтой нь энэ хэсгийг барилгатай зүйрлэвэл, 15 давхар барилгатай дүйцэхүйц гүн аж.

-Зуны сар цөөн шүү дээ. Цаг хугацаатай уралдаж буйн хувьд өдөр, шөнөгүй л ажилласан-

Тэгвэл энэ хэсгийн газар шорооны ажлыг гүйцэтгэхэд ямар хүндрэл гарсан хийгээд их ажлын ард гарсан сэтгэгдлээ "Жинжи майнинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Тогтохбаяр ярихдаа "Манай хамт олон дөрвөн сая мкуб уулын цулын ажлыг хийж гүйцэтгэлээ. Төмөр замын түүхэнд хангай газарт 54 метрийн гүнзгий уулын цулын ажил анх удаа хийгдэж байна. Манай 20 гаруй инженер, техникийн ажилчид мэргэжлийн ур чадвараа дайчлан богино хугацаанд амжилттай хийж гүйцэтгээд, хүлээлгэн өгөөд байна. Бид ажлаа төлөвлөсөн цаг хугацаандаа багтаан хүлээлгэж өгсөн. "Монголын төмөр зам" ТӨХК-иас баталсан зураг төслийн дагуу бид ажлыг хийж гүйцэтгэсэн.

Өнгөрсөн жил бороо хур элбэг байсан. Энэ жил бороо хураас гадна түлш болон тэсрэх материалын тасалдал үүсэх эрсдэл байсан. Мөн наадмын олон хоногийн амралттай холбоотой зохицуулалт хийх шаардлага гарсан. Энэ утгаараа бидэнд цаг хугацаатай уралдах сорилт байлаа. Тиймээс бид наадмын олон хоногийн амралтаар ч тасралтгүй ажилласан. Ер нь үүсэж болох тодорхой эрсдлүүдийг тооцоолж, тэсрэх материал болон түлшний нөөцөө хангалттай бэлдсэн учраас инженер техникийн ажилчид маань холбогдох стандартын дагуу цаг хугацаандаа ажлаа хийсэн.

Зуны буюу бүтээн байгуулалтын сар цөөн шүү дээ. Цаг хугацаатай уралдаж буйн хувьд өдөр, шөнөгүй л ажилласан. Энэ төсөлд 90 гаруй ААН, 4 мянга орчим инженер, техникийн ажилчид гар бие оролцсон. Үндэсний ААН-үүдээ ажлын байраар хангаж, монгол инженерүүд маань дэд бүтцийн чанартай мега төслүүдийг хийж чаддаг юм шүү гэдгийг нотлон харуулах, өөрсдийгөө сорих чухал үйл явдал боллоо " гэв.

-Монгол инженерүүд төмөр зам тавьж чаддаг юм шүү гэдгийг харуулах бүтээн байгуулалтад гар бие оролцож буйдаа баяртай байна-

Гүн ухмалын газар шорооны ажил өнгөрөгч наймдугаар сарын 1-нд дуусчээ. Яг одоо энд төмөр зам угсрах, холбох ажил үргэлжилж байна. Тиймдээ ч төслийн талбайд завтай хүн үгүй. Бүгд эрвийх дэрвийхээрээ цаг хугацаатай уралдаж ажиллаж буй нь илт.

Энэ үеэр бид төмөр зам угсрах тавих ажлыг гүйцэтгэж буй "Эзэнт гүрний зам" ХХК-ийн Ерөнхий инженер Ц.Батмөнхтэй ярилцахад "Ажлын явц 80 хувьтай байна. Манай компани 70 гаруй ажилчин, 20 гаруй техниктэйгээр ажиллаж байна. Бид зураг төслийн дагуу бэлтгэл ажлаа хангасны хүчинд богино хугацаанд ажлуудаа хийж гүйцэтгэж байна. Төлөвлөсөн хугацаанд ажлаа хүлээлгэх өгөхийн тулд өдөр тутмын хуваариа боловсруулаад явж байна. Монгол инженерүүд төмөр зам тавьж чаддаг юм шүү гэдгийг харуулах энэхүү бүтээн байгуулалтад гар бие оролцож буйдаа баяртай байна" гэж байлаа.

-Эхний 87 км-ийг энэ сарын 25 гэхэд бүрэн холбож, 80 км цаг хүртэлх хурдтай галт тэрэг аялуулах боломжтой болгоно-

Гүн ухмалын энэ хэсэг нь газрын тогтоц, инженерийн нөхцөлийн хувьд онцлог шийдэл шаардсан хэсгүүдийн нэг байсныг инженерүүд хэлж байлаа.

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн төсөл хөтөлбөр, судалгаа, зураг төслийн төвийн төслийн нэгжийн дарга Л.Идэрбат ярихдаа "Энэхүү бүтээн байгуулалт нь өнгөрөгч 2025 оны тавдугаар сараас хойш үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар эхний 87.8 км төмөр замын газар шорооны ажил 100 хувь дуусаж, дээд бүтцийн ажил 85 хувьтай байна. Гүн ухмалын ажил наймдугаар сарын 1-нд дууссан. Үүнээс хойш дээд бүтцийн ажил хийгдээд өнөөдөр холбогдож байна. Эхний 87 км-ийг наймдугаар сарын 25-н гэхэд бүрэн холбож, ашиглалтад оруулах ба 80 км цаг хүртэлх хурдтай галт тэрэг аялуулах боломжтой болгоно гэсэн үг. Энэхүү бүтээн байгуулалт дээр үндэсний компаниуд маань ажилласан ба маш сайн гүйцэтгэл үзүүлсэн гэж харж байна.

Үр өгөөж талаасаа хоёр зүйлийг онцолмоор байна. Нэгдүгээрт, энэ төмөр зам ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулна. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын төвөөр тээвэрлэж байгаа аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх боломжтой болно.

Уншигч таныг төмөр замын бүтээн байгуулалтын нэг хэсэг аваачлаа. Харин дашрамд дурдахад, Хөшигийн хөндийгөөс цааш үргэлжлэх Эмээлт, Шувуун фабрик орчмын трасст холбох хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буйг энд дурдая. Улмаар эхний 87.8 км-ийг ашиглалтад бэлтгэх ажилтай зэрэгцэн хоёрдугаар үе шатны холболтын ажлыг эрчимжүүлж, нийт 127.1 км төмөр замыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах юм.

-Н.Учрал: Монголчууд өөрсдөө бүтээж босгож чаддаг болжээ-

Төслийн явцтай Ерөнхий сайд Н.Учрал биечлэн танилцсан юм. Энэ үеэрээ тэрбээр "Монголчууд өөрсдөө бүтээж босгож чаддаг болжээ. Зарим газраа доошоо 54 метр ухаж, зарим газраа уул толгодыг нүхэлж, 476 метр төмөр бетонон гүүрийн ажлыг та бид нүдээрээ харлаа. 2024 онд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, олон хүний аминд хүрэх шахсан харамсалтай осол гарч байсан.

Энэхүү цагираг хэлбэрээр баригдаж буй төмөр замаар тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй, химийн аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх юм. Засгийн газар шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжиж ажиллана” гэлээ.

-ТӨМӨР ЗАМААС ИРЭХ ДӨРВӨН ӨГӨӨЖ: 1000 АЖЛЫН БАЙР, 1.3 ИХ НАЯДЫН ҮР АШИГ, ИЛҮҮ АЮУЛГҮЙ, ТҮГЖРЭЛГҮЙ ХОТ-

Хэрэв энэ эрчээрээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орж чадвал, богино хугацаанд том ажлын ард гарч болдгийн жишээ болно. Гэхдээ нэг болзол бий. Тэр бол үр дүн. Ашиглалтад орсон төмөр замын үнэ цэн нь дайран өнгөрөх галт тэргээр хэмжигдэхгүй. Харин түүгээр бий болох өөрчлөлт, боломжоор хэмжигдэнэ.

Тэгвэл эл бүтээн байгуулалтад өгч буй үр дүн агуулсан "амлалт, ач холбогдол" нь юу вэ.

ХОТЫН ТӨВӨӨРӨӨ АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХЭЭ БОЛИНО

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ дэлбэрсэн осол болсон. Ослын улмаас долоон хүний амь эрсдсэнээс гадна 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө сүйдсэн харамсалтай явдлыг энд сануулъя. Учир нь энэ бол хотын төвөөрөө аюултай ачаа буюу тэсэрч, дэлбэрэх эрсдэлтэй ачааг тээвэрлэх явцад гарсан осол билээ.

Тэгвэл энэхүү төмөр замыг ашиглалтад оруулснаар эхний үед жилд 3.5 сая тонн, цаашдаа 20 сая тонн хүртэл ачааг Улаанбаатарын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэнэ гэдгийг албаныхан хэлж байна. Тэр дундаа түлш, шатахуун, тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй 34 төрлийн ачааг хотоос гадуур тээвэрлэх нөхцөл ийн бүрдэх аж.

ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ ДЭЭР ТҮГЖИРДЭГ БАЙДЛАА 90 ХУВЬ БУУРУУЛНА

Нийслэлчүүдийн толгойн өвчин болсон түгжрэлийн асуудал дээр ч энэ төмөр зам шийдэл болж чадна гэнэ. Учир нь төмөр зам ашиглалтад орсноор өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах юм. Нөгөөтээгүүр төмөр замын хөдөлгөөнөөс шалтгаалан хоногт дунджаар 144 минут хаагддаг авто замын хөдөлгөөнийг 21-120 минутаар бууруулах гэнэ.

УРТ ХУГАЦААНДАА 1.3 ИХ НАЯДЫН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАНА

Тэгвэл эдийн засгийн үр өгөөжийг бид хэрхэн хүртэх вэ. Мэдээж төмөр замын маршрут Хөшигийн хөндийг дайран өнгөрч буй гэдэг утгаараа Хөшгийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс биш, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болно.

Түүнчлэн 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ төсөл нь урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоотой байна.

1000 ОРЧИМ АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО

Зам дагаж хөгжил гэдэг. Хөгжил дундаа хүн рүүгээ чиглэсэн бодлого, үр дүн тун чухал. Тэгвэл төмөр замыг ашиглалтад оруулснаар 976 байнгын ажлын байр шинээр бий болох бөгөөд тэдгээрийн 30 хүртэл хувийг орон нутгаас сонгон авч, мэргэжлийн сургалтад хамруулан ажиллуулах боломжтой аж. Түүнчлэн барилга угсралтын үе шатанд 3000 орчим түр ажлын байр бий болохоор тооцоолжээ.

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан жил хагасын хугацаанд төмөр замын бүтээн байгуулалтын ард гарна гэдэг амаргүй. Ямартай ч Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам "хөдөлж" байна. Харин одоо бид түүнээс давсан үр дүн, боломжид хүлээлт тавих үлдлээ...

Улаанбаатарт 20 хэм дулаан, бороотой
Улаанбаатарт 20 хэм дулаан, бороотой
 
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!