БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Хятад улс Украины дайнд зуучлагч болохын тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна" хэмээн мэдэгджээ. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Мөн барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлжээ.
Хятадын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргаж, "Ши Жиньпин Германы Канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай цахимаар холбогдох үеэрээ Украины нөхцөл байдал сэтгэл түгшээж, Европ тивд дахин дайн дэгдэж байгаад Хятад улс гүнээ гашуудаж байна. Хятад улс Франц, Герман, Европын холбоотой харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, холбогдох талуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах болно”, "хямралыг энхийн замаар зохицуулахад тустай бүх хүчин чармайлтыг дэмжих ёстой" гэжээ.
Мөн Шольц, Макрон нар энхийн хэлэлцээг дэмжихийн тулд Бээжинтэй харилцаа холбоогоо бэхжүүлэхэд хоёр улс бэлэн байна хэмээснийг мэдээлжээ.
Хятад, Орос хоёр барууныхныг эсэргүүцэх стратегийн сонирхолтой боловч Украйны түрэмгийлэл тэдний найрамдлыг сорьсон юм. Хятад улс Оросын халдлагыг шууд буруутгаагүй, Москвагийн эсрэг хориг арга хэмжээ аваагүй ч, Оросын эдийн засаг дэлхийн өнцөг булан бүрээс олон хориг арга хэмжээнд өртсөний дараа Орост туслахаар яараагүй юм. Мөн Бээжингийн боломж нь хязгаарлагдмал гэж шинжээчид үзэж байна. Шинжээчид Хятадын банк, компаниуд Оросын банкуудтай харьцвал хоёрдогч хориг арга хэмжээ авахуулахаас айж байгаа гэж үзэж байгаа аж.
Бээжин Украины дайныг Оросын түрэмгийлэл гэж нэрлэхээс байнга татгалзсаар ирсэн бөгөөд Хятадын эрх баригчид НАТО-г зүүн тийш тэлэх нь мөргөлдөөний үндсэн шалтгаан гэж байнга онцолж байна.
Ши Жиньпин энхийн хэлэлцээг дэмжих хэрэгтэйг онцлоод, "хэлэлцээг үргэлжлүүлж, энхийн үр дүнд хүрэхийг" хоёр тал дэмжсэн гэж мягмар гарагт хийсэн мэдэгдэлд дурджээ. Хүмүүнлэгийн томоохон хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд талууд "тэвчээртэй байхыг" Хятад улс дахин уриалж, Украинд цаашид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба өнгөрсөн долоо хоногт Хятадууд дайныг зогсоохын тулд дипломат хэлэлцээгээр "энхийн замаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд бэлэн" байгааг нь мэдэгджээ. Мягмар гарагт тавигдсан хоригийн үеэр Ши Жиньпин барууны хориг арга хэмжээг дахин буруушааж, "тахалд нэрвэгдсэн дэлхийн эдийн засгийг сааруулна" гэдгийг анхааруулжээ. "Энэ нь хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй. Бид нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаа бүхий, тогтвортой аюулгүй байдлын алсын харааг идэвхтэй сурталчлах хэрэгтэй" гэж Ши Жиньпин мэдэгдэлдээ дурдсан байна.
Эх сурвалж: CNN