Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар ирэх оны улсын төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. 2027 оны улсын төсвийг сөрөг хүчний гишүүд хүчтэй эсэргүүцэж эхэлсэн.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл цахим хуудаснаа "Н.Учрал МАН-ын даргын хувиар бол “сайн”, Ерөнхий сайдын хувиар бол “аймшигтай” төсөв боловсруулжээ.
Н.Учралд МАН-ын дарга, Ерөнхий сайд гэсэн давхар статус бий. МАН-ын даргын хувиар тэр 2027 оны төсвийг сайн хийжээ. Айсуй ирж буй сонгуулиудад МАН ахмадууд, төрийн албан хаагчдын саналыг бүрэн аваад ялъя гэж зорьжээ. Ингэснээрээ тэр энэхүү төсвөөрөө залуучуудад “салаавч” өгчихлөө. 200, 300 мянгаараа дайжсан залуучуудынхаа араас "Та нар Монголоос зайл” гээд эелдэгээр хэллээ. Өдөр бүр дампуурч үүдээ барьж буй бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн, аж ахуйн нэгжүүдэд “шанаа” өгч, та нар маньд хамаагүй шүү гэдгээ ил тод хэллээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн, төрийн албаны цалин өссөнийг дагаад цалин хөлсөө нэмэх, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх сорилт ААН-үүдийн өмнө ирлээ. Малчид, хувийн хэвшлийн ажилчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ч “хуцацгаа” гэж хэлжээ.
Тооцоо нь маш энгийн. Монгол 2.2 сая сонгогчтой. Тэдэнд ирц 50+ хувь байхад хангалттай. Ихдээ 1.2 сая сонгогч саналаа өгнө. Ялахад 600-аас дээш мянган санал хэрэгтэй. Монголын хүн амыг бүлэг, ангиллаар тавьж байгаад хамгийн амархан авч болох хэсэг рүүгээ тэгвэл төсвөө чиглүүлчихжээ. Түүнийгээ 500 мянган тэтгвэр, тэтгэмж авагч, 220.000 төрийн албан хаагчдын саналаар “босгох” нь. Ялалт л чухал гэж тооцож, онилсон хэсгийнхэндээ сонсголонтой “амтат чихэр” өгөхөөр шийджээ.
Улсын Ерөнхий сайдын хувьд бол урхаг ихтэй, гутамшигтай төсөв хийжээ. Энэ намартаа Ерөнхий сайдын албанаас уначихгүй, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихгүйн тулд инфляц, бараа бүтээгдэхүүний үнэ яаж өсөх, өр зээл яах, салбарын болон бүтээгдэхүүний төрөлжилт, бүтээмж хэрхэх нь хамаагүй гэж тэр боджээ. 70 жилийн өмнөх Аргентины Пэрон шиг “амтат чихрийг” ард түмэндээ амсуулъя гэжээ. Нийт төсвийг 10 их наядаар тэлсний 80 хувь нь урсгал зардал. Үүнийгээ хэзээ орох нь тодорхойгүй, авах эсэх нь ч эргэлзээтэй Оюу толгойн ногдол ашиг, ТӨХК-иудын ногдол ашиг, гадаад дотоод зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Ойрын 2, 3 жилдээ орлого олдог нүүрс, зэсийн үнэ өндөр байх юм байна, Монголд цаашид уул уурхай, төрийн өмчит компаниуд л үлдэж хоцорно, бусад нь хамаагүй шүү гэж Засгийн газраас хатуухан хэлж байна. Тэндээс олсон мөнгөө төрийн алба, тэтгэврийнхэн рүү тэгшитгэж хуваана, дутвал зээлнэ.
Урсгал зардлыг тэлж, тэтгэвэр, цалинг нэмж бололгүй л яахав. Гол нь ардах эх үүсвэр нь, орлого нь найдвартай байх ёстой. Нэг удаагийн орлого, нэмээд өр зээл тавьж ингэж дураараа дургиж боломгүй л баймаар. “Өөхөнд зүү боож” ард түмэндээ, улс орондоо өгч болохгүй. ОУ-ын зах зээл дээрх үнэ, эрэлт өндөр байгаа цикл дуусахад төрийн эрхэнд МАН ч байхгүй, Н.Учрал байхгүй. Дараагийн засаг бүрдэхэд арай ч ийм байгаагүй улсыг ингэж самарлаа гээд дараагийн популизм, PR-аа хийнэ гэж тооцжээ. Харин тэр цаг ирэхэд монголчууд, үнэнтэй нүүр тулсан ард түмэн яах вэ" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!