Оросын армийн ахмад, хөлсний цэрэг Игорь Мангушев Украины эзлэгдсэн бүсэд толгойдоо ойрын зайнаас буудуулжээ. Тэрээр эмнэлэгт хүргэгдсэн боловч хэд хоноод нас баржээ. Мангушевийн эхнэр “түүнийг цаазалсан” гээд “хэн ч мөрдлөгө явуулахыг хүсэхгүй байна” гэсэн байна. Мангушев нь Луганск хотод нисгэгчгүй онгоцыг устгах ангийн удирдагч, хөлсний цэргийн үүсгэн байгуулагчдын нэг байсан юм.
Мангушев өнгөрсөн наймдугаар сард олон нийтийн сүлжээнд тавигдсан нэгэн бичлэгт гавлын яс барин тайзан дээр гарчээ. Тэр нь Мариуполь боомтын Азовсталь гангийн үйлдвэрийг хамгаалж байгаад амь үрэгдсэн Украин дайчных байжээ. Харин Мангушев "Орос жирийн иргэдтэй дайтаагүй, Орос улсын эсрэг үзэлтэй хүмүүстэй дайтаж байна. Харин ийм үзэлтэй хэдэн ч украин амиа алдах нь хамаагүй” гэж хэлж байжээ.
Мангушев неонацист хөдөлгөөнөөс тодорч гарч ирсэн бөгөөд хувийн хөлсний цэргийн “элбэнх” бүлгийг байгуулсан. Тэрээр Оросын өөр нэг хөлсний цэргийн Вагнер группын Евгений Пригожинтэй хамтран ажилладаг байсан гэдгээ дурдаж байсан юм.
Украины эзлэгдсэн Кадиевка хотын шалган нэвтрүүлэх цэгт, ойрын зайнаас толгой руу нь буудсан гэж таамаглаж байгаа. Оросын эрх баригчид хэргийг шалгаж байгаа бөгөөд одоогоор нөхцөл байдлын талаар тайлбар өгөөгүй байна. Түүнийг нас барахын өмнөх эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа зургууд дэлгэгджээ.
Мангушевийн буудуулсан талаар хэт үндсэрхэг үзэлтэн Павел Губарев хэлэхдээ, “хэн буудсаныг бүгд мэдэж байсан, ажиглаж байсан ч Пригожин үг дуугараагүй” гэжээ. Халдлагын дараа Оросын шинжээч Марк Галеотти, “энэ явдал бол Орос 1990-ээд оны нэгнээ хөнөөдөг байсан үе рүүгээ ухарч байгааг харуулсан” гэсэн байна.