Үндсэн Хуулийн цэц давхар дээлний асуудлаар хуралдах гэж байгаа талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр /2021.12.24/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр "2019 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-аар батлагдсан. Гэтэл Үндсэн хуулийн цэц дээр хэсэг иргэд хүсэлт гаргаж, маргаан үүссэн. Үндсэн хуулийн 39.1 дүгээр зүйлд "Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүний албан тушаалтыг хавсарч болно" хэмээн заасан байдаг. Энэ заалт нь холбогдох бусад заалттайгаа зөрчилдөж байгаа гэж үзсэнээс маргаан үүссэн. Миний хувьд тухайн заалтыг бусад заалтуудтай зөрчилдөж байна хэмээн харахгүй байна. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хүлээж авах ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл, ҮХЦ нь Үндсэн хуулийг хамгаалж, өөр бусад хуулиуд зөрчилдөж байгаа эсэхийг тогтоох ёстой. Түүнээс биш Үндсэн хуулийг шүүх эрх ҮХЦ-д байхгүй. Энэ байдал нь Үндсэн хуулийн хямрал руу явахад хүргэнэ.
Нөгөөтэйгүүр улс төрийн асуудал байна. МАН 2015 оноос хойш давхар дээлгүй байх ёстой гэж гаргаж ирсэн. 2019 оны Үндсэн хуулийг МАН олонхоороо баталсан" гэлээ.