УИХ-ын гишүүн Б.Бейсен шатахууны үнийн өсөлтийн талаар өнөөдөр /2021.12.24/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор сүүлийн хоёр жилд иргэдийн өрхийн орлого буурсан. Гэтэл иргэдийн өдөр тутамд хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн огцом өссөөр байна. Эрээний хилийн хориг, импортын тэг зогсолтын хажуугаар шатахууны үнийг чөлөөлсөн нь иргэдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүллээ. Орон нутаг, ялангуяа алслагдсан аймгуудад нөхцөл байдал туйлын хүнд байна.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн хөдөө сумдад шатахууны үнэ 2800-3000 төгрөгт хүрээд байна. Шатахууны үнэ цаашид өсөхгүй гэх баталгаа байхгүй. Төр шатахууны үнийг чөлөөлөхөөс өмнө татварын болон эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ёстой байсан. Мөн тусгай зөвшөөрлийг чөлөөтэй болгож, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чөлөөт зах зээлийн нийцүүлсэн зөв зарчим юм. Монголын төр үнийн өсөлтийг бидэнд хамаагүй хэмээн орхигдуулж болохгүй. Инфляци 10.5 хувьд хүрсэн. Үүний 30 гаруй хувь нь шатахууны үнийн өсөлттэй холбоотой байна.
Өнөөдрийн нөхцөлд төрөөс авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого, тооцоо судалгаа дутуудаж байна. Тиймээс УИХ энэ асуудлыг нэн даруй анхаарлаа хандуулж, дорвитой шийдвэр гаргах хэрэгтэй" гэв.