- БНХАУ-д үг хэлэх эрх чөлөөг шаардаж, олон зуун хүний гарын үсгийг цуглуулаад байна.
- Эрх чөлөө хүсэгчид Бүх Ард Түмний Их Хуралд 5 шаардлага тавьж байна.
- Коронавирусийн халдварын талаар олон нийтэд сэрэмжлүүлэхийг хүссэн эмч Ли Вэнлианы өөд болсон 2 дугаар сарын 6-ны өдрийг Үндэсний үг хэлэх эрх чөлөөний өдөр болгохыг шаардаж байна.
- Тэмцлийг зохион байгуулагчдыг цензурдаж эхэлжээ.
Коронавирусийн халдвар дэгдэлтийн талаар олон нийтэд сэрэмжлүүлэхийг хүссэн ч үг хэлэх эрх чөлөөгөө хязгаарлуулж, халдвараар нас барсан эмч Ли Вэнлианий дурдсгалыг хүндэтгэх ёслолын үеэр. Зургийн эх сурвалж: FT
БНХАУ-д эрдэмтдээр удирдуулсан олон зуун хүн үг хэлэх эрх чөлөөг шаардаж байна. Тэд үндэсний хуулийн байгууллагыг иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахыг шаардаж, хүмүүсийг онлайн өргөдөлд нэгдэхийг уриалж байгаа юм. Энэхүү шаардлага нь шинэ коронавирусийн (цаашид COVID-19 гэж нэрлэхээр тогтсон) халдварыг олон нийтэд сэрэмжлүүлэхийг хүссэн эмч Ли Вэнлианий үхэлтэй холбоотой аж. Ли Вэнлиань COVID-19-ийн дэгдэлтийн тухай өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтэд сэрэмжлүүлэхийг хүссэн ч төрийн зүгээс түүнийг худал цуу тараасан хэмээн буруутгаж байсан юм.
-
Ард иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах
-
Үг хэлэх эрх чөлөөг хангах асуудлыг энэ оны Бүх Ард Түмний Их Хурлаар хэлэлцэж шийдэх
-
Ли Вэньлиан эмч нас барсан хоёрдугаар сарын 6-ны өдрийг Үндэсний үг хэлэх эрх чөлөөний өдөр болгон зарлах
-
Үзэл бодлоо илэрхийлсний төлөө хэнийг ч шийтгэх, заналхийлэх, байцаах, захидал, харилцааг нь цензурдахгүй байх
-
Халдвар дэгдсэн Ухань хот, Хубэй мужийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүргэх
Онлайн өргөдөл Хятадын нийгмийн сүлжээ Weibo, WeChat-д олны дэмжлэгийг ихээхэн хүртэж байгаа ч зохион байгуулагчдыг дарамталж эхэлсэн хэмээн бичицгээж байна. Тухайлбал, Цинхуа Их Сургуулийн социологич Гуо Юухуа болон түүний хамтрагч хуулийн профессор Шу Зангрун нарын WeChat хаягийг блоклосон байна.
Профессор Шу Зангрун өнгөрсөн 7 хоногт Бээжинг үг хэлэх эрхийг хязгаарласнаас болж COVID-19 вирусийн талаар олон нийтэд эрт сэрэмжлүүлж чадаагүй хэмээн буруутгаж захидал бичсэн юм. Хэрвээ олон нийтэд эрт сэрэмжлүүлсэн бол халдвар ийм түвшинд хүртлээ тархахгүй байсан хэмээн буруутгаж байгаа билээ.
COVID-19-өөр халдварласан 34 настай эмч Ли Вэнлиань өнгөрсөн 7 хоногт Ухань хотын төв эмнэлэгт нас барсан юм. Ли Вэнлиань БНХАУ халдварт өвчний талаар мэдээлэхээс өмнө буюу өнгөрсөн 12 дугаар сард сошиал медиад аймшигт халдвар нүүрлэсэн тухай анх мэдээлсэн билээ. Тэрээр сошиал медиад эх оронд нь Sars шиг халдварт вирус тархаж эхэлсэн бөгөөд 7 хүн халдварласан хэмээн мэдээлж, эмч нарыг өөрсдийгөө халдвараас хамгаалахыг уриалж байсан юм. Хятадын цагдаа Ли Вэнлианийг худал мэдээлэл тараасан хэмээн буруутгаж, мэдэгдлээс хойш 4 хоногийн дараа баривчилсан ч тэрээр халдварын улмаас амиа алдсан байна.
Энэхүү явдалд Хятадын олон нийтэд ихээхэн бухимдалтай байсан бөгөөд түүнийг өөд болсноос хойш 7 хоногийн дараа дээрх шаардлага бичгийг хүргүүлэхээр тэмцэж эхэлжээ.
Д.Идэр