Сингапурын иргэн Селин Нг-Чан өнгөрсөн гуравдугаар сард жирэмсний эхэн үедээ Covid-19 өвчний халдвар авчээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт шинэ хүнээ өлгийдөж авсан бөгөөд хүүхэд нь халдваргүйгээр барахгүй Covid-19-ийн эсрэг биеттэй төрсөн байна.
Сингапурт жирэмсэн байхдаа халдвар авсан эхээс халдваргүй, эсрэг биеттэй хүүхэд төрсөн талаар нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. “Эмч нар намайг жирэмсэн байхдаа халдвар авсан учир хүүхэд маань халдвартай төрнө хэмээн ярьцгааж байсан” хэмээн Селин ярьжээ. Тэрбээр халдвар авсныхаа дараа харьцангуй хөнгөн өвчилсөн бөгөөд 20 орчим хоног эмнэлэгт хэвтээд, гэртээ харьсан байна.
ДЭМБ-ын зүгээс одоогийн байдлаар халдвартай эхээс урагт жирэмсний үед, эсвэл төрөх үеэр халдвар дамжих эрсдэлтэй эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа юм.
Өмнө нь энэ оны аравдугаар сард Хятадын эрдэмтэд халдвартай эхээс эсрэг биетэй хүүхэд төрөх боломжтойг баталсан билээ. Түүнээс гадна энэ сарын эхээр Австралид нэг айлын гурван хүүхдэд шинжилгээгээр Covid-19 илэрч байгаагүй ч эсрэг бие үүссэн байсныг нутгийн хэвлэлүүд онцолж байв. Австралийн "Мурдох" хүүхдийн эмнэлэг, судалгааны төвийн мэдээлснээр тэд хүүхдүүдээ орхин хуримд очихдоо халдвар авчээ. Тэдний биед хэд хэдэн шинж тэмдэг илэрч байсан ч хүүхдүүдээс шинжилгээ авахад Covid-19 илрээгүй аж. Хожим дахин шинжилгээ хийж үзэхэд эдгэрсэн аав ээжээс гадна гурван хүүхдэд нь эсрэг биет үүссэн байжээ.