Австрали улс ойн түймэртэй тэмцэж буй үеэр тус улсын Ерөнхий Сайд Скотт Моррисон Хавайд амарч явсан нь ил болсноор түүнийг огцруулах уриалга цахим орчинд тархаад байна. Тэрээр амралтаа зогсоож буцаж ирсэн ч шүүмжлэлийг намжааж чадсангүй.
Австралийн томоохон хэвлэлүүд, цахим сүлжээгээр Моррисоныг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой даацтай үйлдэл хийхгүй байгааг шүүмжилж, хямралын үеийн удирлагыг шаардаад байна.
Ойн түймрийн улмаас дөрвөн сая гаруй га газар шатаж, есөн хүн нас бараад байгаа. Австралийн өмнөд хэсгээр шатаж байгаа галыг одоо хүртэл хяналтандаа авч чадахгүй байна. Энэ сард Сиднейг хэдэн өдрийн турш утаа бүрхсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, засгийн газарт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах улс төрийн шахалт үзүүлээд байна.
Хавайн аяллаасаа ирснийхээ дараа Моррисон уур амьсгалын бодлогод өөрчлөлт оруулахгүй гэж хэлсэн нь шүүмжлэлийг улам хурцатгаад байгаа.
Австрали улс дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч улс. Уур амьсгал, эрчим хүчний бодлого олон жилийн турш улс төрийн гол асуудлын нэг байсаар ирсэн.