УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай, Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай, хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай, Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Түүнчлэн шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсоно. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу мэдээллийг үдээс хойш 15.00 цагт сонсох юм.