УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар: Энэ удаагийн сонгуулийн хуулийн гол онцлог бол дэлхий нийтийн сонгуулийн хөгжлийн чиг хандлага руу чиглэгдсэн . Орон нутгийн сонгууль өөрийн гэсэн бие даасан хуультай болж байна. 2016 оны сонгуулийн тухай хуулиар УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн харилцааг нэгтгэн зохицуулж байсан. Бид оны өмнө 12 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталж, бие даасан хуультай болсон. Өнөөдрийн чуулганаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах, цаашид орон нутгийн сонгуулийн хууль гэж нэрлэх бие даасан хууль батлагдлаа.
-Аймаг орон нутгуудад нөхөн болон дахин санал хураалтыг аймаг орон нутгийн сонгуулийн байгууллагууд зарладаггүй. Иймд жил болгоны зургаадугаар сарын гурав дахь долоо хоногт улс орон даяар нөхөн болон дахин сонгуулийг нэгэн зэрэг явуулахаар хуульчилсан.
- Энэ удаагийн сонгууль анх удаа ирцийн босгогүй сонгууль болохоор хуульчлагдсан. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчдөө сонгох сонгуульдаа иргэд өөрсдөө идэвхитэй оролцох шаардлагатай болж байна.Мөн сонгуулийн санал хураалтын цагийг 20 цаг болгосон. Өглөө 7 цагт сонгуулийн санал хураалт эхэлж тухайн өдрийнхөө орой 20 цагт санал хураалтыг дуусгахаар хуульчилж өгсөн. Орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг хүссэн төрийн захиргааны албан хаагчид наймдугаар сарын 1-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөх ёстой.