2027 ОНД: Инфляцыг 7 хувь дээр барьж, төрийн бүтээмжийг 33 байраар, засаглалын үзүүлэлтийг 7 байраар урагшлуулж, ГХО-ыг 5 тэрбум ам.долларт хүргэнэ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 39 секунд

Цагалбар ёсоор өнгөрөгч долоо хоногийн төгсгөлд Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Мөн өдөр 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг ч хамтатган өргөн барьсан байдаг. Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тодотгол дор оруулж ирсэн энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдэл болон хөгжлийн төлөвлөгөөгөөр энэ Засгийн газар ямар "амлалт" өгснийг харцгаая.

-2027 ОНД: Төрийн бүтээмжийг 2024 онтой харьцуулахад 33 байраар урагшлуулна-

Төр хэдийнээсээ цомхон бүтэц, чадварлаг хүний нөөцөөр багаа бүрдүүлж ажиллах зорилт тавьж ирсэн. Гэвч бодит байдал дээр төрийн бүтээмж сул байгаг иргэд олон нийт шүүмжилдэг. Тэгвэл төрийн албанд чадварлаг хүний нөөц бүрдүүлэх замаар төрийн бүтээмж 2024 онд 141-р байрт эрэмбэлэгдсэнийг ирэх 2027 онд 108-д хүргэхээр зорино гэж хөгжлийн төлөвлөгөөндөө тусгажээ.

-Ирэх онд гадаадын хөрөнгө оруулалтыг 5 тэрбум ам.долларт хүргэнэ-

Н.Учрал Ерөнхий сайдын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийлж байв. Энэ утгаараа хөгжлийн төлөвлөгөөнд "Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг ирэх онд 5 тэрбум ам.долларт хүргэнэ" гэж тусгажээ. Харин үүний тулд тэдний эрх ашгийг хамгаалах тогтолцоог илүү боловсронгуй болгох чиглэлд хууль эрх зүйн өөрчлөлт чухал болохыг онцолсоор байна.

-ХУУЛИЙН ЗАСАГЛАЛЫН ЭРЭМБИЙГ УРАГШЛУУЛНА-

Сүүлийн жилүүдэд шүүх, хууль хяналтын байгууллагад итгэх иргэдийн итгэлтэй холбоотой асуудал хурцаар хөндөгдөх болсон. Үүний тулд цахимжилт, ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж салбарынхан нь үзэж буй аж. Энэ утгаараа ЗГ-аас оруулж ирсэн хөгжлийн төлөвлөгөөнд Дэлхийн банкны засаглалын дундаж үзүүлэлт болох хуулийн засаглалын эрэмбийг ахиулж, 2024 онд 120-д эрэмбэлэгдэж байгааг 2027 онд 113 дугаар байранд эрэмблэгдэх хүртэл ажиллахаар тусгажээ. Ямартай ч дэвшүүлсэн эл зорилтынх нь үр дүнг бид ирэх онд харах нь.

-ИНФЛЯЦЫГ 2029 ОНД 5 ХУВЬ ДЭЭР БАРИНА-

Инфляц 2026 оны гуравдугаар сард 7.4 хувьтай гарч, төв банкны зорилтот түвшинд байна. Гэвч энэ оны эхний хагас хүнсний инфляц өндөр хэвээр хадгалагдаж, нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн нөлөө давамгайлахын зэрэгцээ шатахууны үнэ нэмэгдэх, дам нөлөөгөөр бусад бараа үйлчилгээний өсөлтийг эрчимжүүлэх эрсдэл нэмэгдэж байгаа гэж албаныхан дурджээ. Энэ утгаараа Төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцыг 2027 онд 7.0 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 5.0 хувьд хадгалагдахаар тооцоолжээ.

Инэгхдээ инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх аж.

-Засаглалын үзүүлэлтийг 7 байраар, мэдлэгийн индексийн оноог 11-ээр нэмэгдүүлнэ-

Монгол Улсад авлига, хүнд суртал, төрийн бүтээмж, засаглалын чиглэлээр тулгарч буй асуудлаас үүдэж, энэ чиглэлийн үзүүлэлтээр дэлхийд таагүй дүн мэдээ авч үнэлэгдэх болсон нь нууц биш. Тэгвэл ирэх онд хууль давсан журмуудыг үе шаттайгаар бууруулж, шүгэл үлээгчийн орчинг сайжруулах, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах замаар засаглалын үзүүлэлт 2025 онд 114 дүгээр байрт байгааг 2027 онд 7 байраар ахиулна гэж Засгийн газар үзжээ. Түүнчлэн дэлхийн мэдлэгийн индекс 39.2 оноог 50-д хүргэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ

-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ: 2029 онд 6.3 хувьд ХҮРГЭНЭ-

Эдийн засгийн өсөлт 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд ойролцоогоор 6.3 хувийн түвшинд хүрнэ гэж төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ. Ингэхдээ дэлхийн зах зээл дээрх нүүрснээс бусад түүхий эдийн үнэ өсөх, экспорт тогтвортой нэмэгдэх төлөвтэй байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг дэмжихээр байна гэж үзсэн аж. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг ч салбарын өсөлтөд эергээр нөлөөлөх хүлээлттэй байгааг дурджээ.

-2027 онд авлигын төсөөллийн индексийн оноогоо сайжруулж, байраа 10-20 байраар урагшлуулна-

Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 2024 онд 33 оноо авч, 114 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Харин 2025 онд 31 оноо авч 124 дүгээрт эрэмбэлэгдсэн байдаг. Тэгвэл хөгжлийн төлөвлөгөөнд авлигын төсөөллийн индексийн оноогоо сайжруулах буюу 35-д хүргэж, ойролцоогоор одоо хадгалагдаж буй байраа 10-20 байраар урагшлуулах боломжтой болох юм.

-ТӨСӨӨЛӨЛ: Төсвийн орлогын доод хэмжээ 34-39 ИХ НАЯД-

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 2027-2029 оны хооронд 34-39 их наяд төгрөг байхаар тусгажээ. Үүнийг ДНБ-д эзлэх хувиар нь харвал 28.1-30.4 хувьтай байхаар үзүүлэлт юм.

Ийнхүү орлогыг тооцохдоо гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан тооцоолсон гэж хууль санаачлагчид мэдээлсэн байдаг.

-ТӨСӨӨЛӨЛ: Төсвийн зарлагын дээд хэмжээ 36-40 ИХ НАЯД-

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн зарлагын дээд хэмжээг 2027-2029 оны хооронд 36-40 их наяд төгрөг байхаар тусгажээ. Үүнийг ДНБ-д эзлэх хувиар нь харвал 28.6-31.9 хувьтай байхаар үзүүлэлт юм.

-ГХО-ын гомдол шийдвэрлэлтийг 50 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ-

Гадаадын хөрөнгө оруулалтыг 2027 онд 5 тэрбум ам.долларт хүргэхээр хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан. Гэхдээ үүний тулд тэдний эрх ашгийг хамгаалах асуудал нэн тэргүүнд яригдана. Тэр дундаа манай улсын хувьд маргаан шийдвэрлэлт удаашралтай байдаг нь эргээд хөрөнгө оруулагчдын итгэл алдах шалтгаануудын нэг болдог нь нууц биш. Өнгөрөгч 2025 оны байдлаар гэхэд гадаадын хөрөнгө оруулагчдын госдлыг шийдвэрлэсэн байдал 10 хувьтай байгаа аж. Харин хөгжлийн төлөвлөгөөндөө энэ байдлыг 60 хувьд хүргэх төсөөллийг тавьжээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД Улаанбаатарт 11 хэм ДУЛААН
ӨГЛӨӨНИЙ МЭНД Улаанбаатарт 11 хэм ДУЛААН
 
ХХБ-ны “Хариултаа хадгалъя“ үйлчилгээг сонгож хүүхдийн 100k + 100k урамшуулал аваарай
ХХБ-ны “Хариултаа хадгалъя“ үйлчилгээг сонгож хүүхдийн 100k + 100k урамшуулал аваарай
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!