Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө

Огноо
Унших
3 минут 22 секунд

Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшиж байсан бол тавдугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлэлцээр хийж, 55 хувийн хувьцааг шилжүүлэн авах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн. Түүнчлэн 2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталж, уг хуулийн 7 дугаар зүйлд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг оруулж баталсан байдаг. Ингэснээр сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зохицуулалт тодорхой болж, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд гэхэд 31 угсраа автобус, энэ онд 10 том оврын автобусыг худалдан авч, үйлчилгээнд явуулсан юм. Мөн нийтийн тээврийн олон төрөлт төлбөрийн системийг нэвтрүүлж, иргэд банкны картаараа ч нийтийн тээвэрт үйлчлүүлж болох хялбар хэрэглээг бий болгосон. Энэ мэтчилэн нийтийн тээврийн салбарт үе шаттай шинэчлэлт хийж, салбарын асуудлыг цогцоор нь шийдэж, нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаа билээ. Энэ бүх шинэчлэлтийн үр дүнд нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн байна. Тодруулбал, “Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар уг орлого 12.8 тэрбум төгрөг болж, нийт 2.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Мөн 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зорчилтын тоо 47,115,318 байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зорчилтын тоо 52,849,372 болж өссөн. Өөрөөр хэлбэл, 2024 оны эхний дөрвөн сарын тоон мэдээллийг 2025 оны эхний дөрвөн сарын байдалтай харьцуулахад нийтийн тээврээр зорчигчид 5,734,054-өөр нэмэгджээ.

Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 24 тэрбум гаруй төгрөг бүрдсэн үзүүлэлттэй байна. Ингэснээр дөрвөн сарын хугацаанд гэхэд нийтийн тээврийн зорчилтын нийт орлого 14 тэрбум төгрөгөөр өсжээ. Ташрамд, нийтийн тээврийн салбарт дээр дурдсан шинэчлэлүүдээс гадна 600 автобусаар парк шинэчлэлт хийж, жолоочийн цалинг 1000 ам.долларт хүргэсэн, ухаалаг дэлгэц, үнэгүй интернэт суурилуулж, мэдээ мэдээллийг нийтийн тээврээр зорчиж буй иргэдэд түгээдэг болсон. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын 100 байршилд киоск төхөөрөмж байршуулсан зэрэг үе шаттай шинэчлэлт хийсээр байгаа юм.

Лу.Гантөмөр: Бид сөрөг хүчин учраас ЗГ-ыг эх захгүй шүүмжилнэ. Тэр ойлгомжтой
Лу.Гантөмөр: Бид сөрөг хүчин учраас ЗГ-ыг эх захгүй шүүмжилнэ. Тэр ойлгомжтой
 
Улаанбаатарт маргааш 24 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 24 хэм дулаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!