Д.Отгонжаргал: Цагдаа, дотоодын цэргийнхэн жилд 1.9 тэрбум төгрөгөөр нийтийн тээвэрт суудаг гэж төсөвт суулгадаг байсныг бодитоор тооцож, 1 тэрбум 600 сая төгрөгийн хэмнэлт үүсгэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
14 минут 7 секунд

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

----------------------------------------

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар их багтаамжийн 1200 автобус бүртгэлтэй байна. Үүнээс ажлын өдөр 1183 тээврийн хэрэгсэл, амралтын өдөр 980 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.

"НИЙТИЙН ТЭЭВЭР 1150 АВТОБУСААР ПАРК ШИНЭЧЛЭЛТ ХИЙЖ, ОРЛОГО НЬ 69.9 ХУВИАР НЭМЭГДСЭН"

-Одоогийн байдлаар нийтийн тээвэрт хэдэн тээврийн хэрэгслээр парк шинэчлэлт хийсэн бэ?

-Парк шинэчлэлт сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй хийгдлээ. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 1150 тээврийн хэрэгслийг сүүлийн 5 жилийн хугацаанд авсан байна. Ингэж парк шинэчлэлт хийгдснээр автобусны чанар хүртээмж яаж нэмэгдсэнийг иргэд харж байгаа. 1150 автобусыг худалдан авснаар нөгөө талдаа 1300 тээврийн хэрэгсэл 10 буюу түүнээс жил ажилласан хуучирсан гэх шалтгаанаар бүртгэлийн сангаас хасагдсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын удирдлага, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас парк шинэчлэлтийг бүх талаар дэмжиж ирлээ. Парк шинэчлэлтийн хүрээнд БНХАУ-д үйлдвэрлэсэн Yutong брэндийн автобус 656 ширхэг орж ирсэн. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн орлогоор өнгөрсөн жил буюу 2025 онд 100 км-ээс дээш алслагдсан газар явдаг стандартын дагуу 45 хүний суудалтай, ачаа бараа нь доороо тусдаа авч явдаг автобус 10 ширхэг орж ирсэн.

Багануур, Багахангай, Чингис хаан ОУНБ-ын чиглэлд үйлчилгээнд явж байгаа. Мөн цахилгаан тээврийн 15, угсраа автобус 31-ийг үйлчилгээнд гаргасан. Олон улсын агаар орчны бохирдлын конвенцод нэгдэн орсон орны хувьд Евро-5 түлшээр явдаг тээврийн хэрэгслээр нөхөн хангалт хийгсэн. Энэ нь иргэдийн нүдэнд ил харагдаж байгаа. Хуучин автобусны ард хар утаа хаяж, агаар орчныг ихээр бохирдуулдаг байсан. Евро-5 түлшээр явдаг тээврийн хэрэгслүүд орж ирснээр агаар орчны хоруу байдал хэд дахин буурсан. Түүнчлэн манай орны нөхцөл байдалд тохирсон өвлийн улиралд дулаан байх шаардлага нэмэлтээр тоноглогдсон тээврийн хэрэгслүүд үйлчилгээнд нэвтэрч байна. Мөн эдгээр тээврийн хэрэгслүүдэд 2024 оноос хэрэгжсэн төлбөр тооцооны шинэ систем хуучин системтэйгээ зэрэг ажиллаж байгаа. Энэ систем манай улсад өмнө нь хэрэглэж байсан төлбөр тооцооны системээс юугаараа ялгаатай вэ гэвэл бүх төрлийн банкны карт уншдаг болсон. Мөн гар утасны аппликейшн уншдаг болсон. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 410 мянган иргэн гар утасны аппликейшн татсан байна. Манай иргэд цахим хэрэглээнд нэвтэрсэн гэж ойлгож болно. Мөн гадаад улсын иргэд ч виза карт, олон улсын картаар төлбөрөө хийх боломж бүрдсэн. Бид бэлэн мөнгөний орлого төвлөрүүлэх ажлыг камерын хяналтаар бүрэн 100 хувь хянаж ажиллаж байна. Ингэснээр өмнөх жилүүдэд олдог байсан бэлэн мөнгөний орлого тэрбум төгрөгөөр, цахим төлбөр тооцооны орлого 2 тэрбум төгрөгөөр сардаа нийт 3 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

-Иргэдээс ямар төрлийн гомдол, санал, талархал танай байгууллагад хаяглагдаж ирдэг вэ?

-Өнөөдөр бүртгэлтэй байгаа 1200 тээврийн хэрэгсэл дээр 70044040 гэсэн утас иргэдэд нээлттэй байгаа. Мөн цахим хаягууд нээлттэй байгаа. Иргэдээс өдөрт 300 орчим дуудлага ирдэг. 300 орчим дуудлагын 80 орчим хувь нь мэдээлэл хүссэн агуулгатай байдаг. Үлдсэн 20 орчим хувь нь гомдол, санал, талархал. 2024 оноос өмнө 80 хувь нь гомдол байсан бол энэ систем нэвтэрснээр байр нь солигдоод талархал нь 80 хувь болсон. Товчхондоо бол иргэд болон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарын нэг нэгнийгээ хүндэтгэх хүндлэл, харилцан ойлголцох байдал эрс сайжирч байгаа гэж ойлгож болно. Ний нуугүй хэлэхэд манай нийтийн тээврийн жолооч нар бол дуртай үедээ тамхи татдаг, утсаар ярьдаг, бэлэн мөнгөний орлогыг би авах ёстой гэсэн ойлголтоор ажиллаж байсан үе бий. Иргэд ч бэлэн мөнгө дутуу өгдөг, байгаагаа өгдөг тэрийг нь жолооч нар нь авдаг байсан. Тиймээс хуулийн салбараас ирсэн хүнийхээ хувьд энэ хууль бус үйлдлийг яаж зогсоох вэ гэдэг дээр хотын удирдлагуудтай хамтарч ажиллаад хамгийн түрүүнд жолооч нарын цалинг нэмэх ёстой юм байна гэсэн шийдэлд хүрсэн. 3.5 сая төгрөг болгох зорилго нийслэлийн иргэдийн хурлаар батлагдсан. Ингээд боломжийг бүрдүүлж өгч байхад хулгай хийж болохгүй гэдэг асуудлыг бид 2 жилийн хугацаанд мөрдүүлж ирлээ. Ингэснээр иргэдийн нүдэн дээр илт мөнгө авдаг байдал бараг зогссон. Иргэдийн гомдлоор, зарим тохиолдолд манай шалгагч нарын өөрсдийн ажлын үр дүнгээр камер шүүгээд жолооч бэлэн мөнгө авч байна уу гэдэг дээр хяналт тавьж, хариуцлага тооцож байгаа. Түүнээс гадна иргэдийн бухимдлыг төрүүлдэг бас нэг асуудал байсан нь хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаар байнга ярьдаг асуудал. Энэ асуудлуудыг бид хяналт шалгалтаар, иргэдийн гомдол мэдээллийн дагуу авч ажиллаж байгаа. Бид хоёр жилийн хугацаанд 600 орчим жолоочид хариуцлага тооцож, 50 орчим жолоочийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож явуулсан байдаг. Олон жил асуудал дагуулсан буруу дадал, зуршлууд хоёр жилийн хугацаанд багассан нь хяналт шалгалтын шинэ системийн, камерын хяналтын үр дүн байгаа юм. Нөгөө талдаа манай иргэд өөрсдөө шаардлага тавьж байгаа. Өндөр цалинтай болчхоод иргэдтэй зүй бусаар харьцдаг, тамхи татаж байгаа чинь буруу, утсаар яриад байна шүү дээ, анхаарал болгоомжгүй яваад байна шүү дээ гээд гомдол, санал гаргадаг. Би иргэдийн гомдлыг шалгаж, шуурхай шийдвэрлэсээр ирсэн учраас өнөөдрийн өнгө төрх ийм байдалд ирээд байгаа. Цаашдаа нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч, албан хаагчдын ухамсар илүү сайжирч, үр дүнд хүрнэ гэсэн итгэлтэй байгаа. Манай иргэд харилцан ойлголцоод, харилцан нэг нэгнийгээ хүндлээд явбал нийтийн тээврийн салбар цаашдаа өнгөтэй, өөдтэй байх бүрэн боломж нь бүрдсэн гэж хэлмээр байна.

"НОГООН ГЭХ ТОДОТГОЛТОЙ 600 АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАХ ЗАРИМ СТАНДАРТ ХАНГАХГҮЙ БАЙГАА УЧРААС ХУВИЙН ААН-ИЙН ХАШААНД БАЙГАА"

-Таныг ажлаа авахад ногоон автобусны хэрэг ид мандаж байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-Нийтдээ 135 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагаа хийгдсэний 76 орчим тэрбум төгрөгөөр 600 дизель хөдөлгүүртэй автобусны гэрээ хэрэгжих ёстой байсан. Энэ автобусны олон нийтэд ил болсон мэдээллийг дахин давтаж хэлэхэд евро-2 мотортой автобусыг евро-5 байна гэж авсан нь тогтоогдсон. Энэ үйл ажиллагааны улмаас төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн хүмүүс ял шийтгэл авсан нь нийтийн тээврийн хар хуудас болж өнгөрлөө. 76 орчим тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ажил 2024, 2025 онд хийгдлээ. Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд байршилтай 75 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн объектуудыг улсад авч хохиролгүй болгох ажлыг зохион байгуулсан. Тэр 600 автобус хаачсан бэ гэвэл улс аваагүй. Үйлчилгээнд гаргах зарим стандарт хангахгүй байгаа учраас хувийн аж ахуйн нэгжийн хашаанд байгаа.

-Үйлчилгээнд гаргах ямар ч боломжгүй гэсэн үг үү?

-Үйлчилгээний стандарт гэж юу хэлээд байна вэ гэхээр өвлийн улиралд автобусны паар нь хангалтгүй байгаа юм. Гэхдээ паараа нэмээд евро стандартынхаа түлшийг хэрэглээд явах боломжтой гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Тиймээс бид хүлээсэн байдалтай байна. Аж ахуйн нэгжүүд хоорондоо хэлцэл хийгээд автобусыг 10, 20-иор нь авчихсан байгаа юм байна билээ. Бид нарт энэ автобусыг үйлчилгээнд гаргамаар байна гэдэг хүсэлт тавьсан. Одоохондоо өвлийн улиралд иргэдийн дулаан зорчих нөхцөл бүрдээгүй учраас стандарт нийцүүлсэн тохиолдолд үйлчилгээнд гаргах боломжтой гэсэн хариу өгсөн байгаа.

"НАСЖИЛТЫН ХУГАЦАА НЬ ДУУСААД АКТЛАГДСАН АВТОБУСЫГ ЗАРИМ ИРГЭД ЯВУУЛЫН СУУЦ БОЛГОЖ АШИГЛАДАГ"

-Насжилтын хугацаа нь дуусаад актлагдаж байгаа автобуснууд хаачдаг юм бэ?

-Эдгээр тээврийн хэрэгслүүд цаашдаа нийтийн тээвэрт явахгүйгээр ашиглаж болох заалт бий. Олон зорчигч тээвэрлэхгүй, шугаманд явахгүй байж болно. Энэ автобуснуудын заримыг нь хөдөө хувь иргэд явуулын сууц болгоод хэрэглэж байгаа мэдээлэл байна. Бараг 90 хувь нь төмрийн хаягдал руу явдаг гэсэн мэдээлэл авсан. Моторыг нь аваад том машинд тавьдаг, кузовыг нь төмрийн хаягдалд өгөөд зах зээлийн зарчмаар явдаг гэж ойлгосон.

-Цагдаа болон дотоодын цэргийн алба хаагчид нийтийн тээврээр үнэгүй зорчоод татаас авдаг байсныг бодитоор тооцоод, танаж чадсан байсан. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

-Ер нь бол автобусанд үнэгүй зорчдог хүн гэж байхгүй. Манай иргэдийн дийлэнх нь би ч өөрөө энэ байгууллагад ирэхээсээ өмнө нь үнэгүй зорчдог иргэн байдаг гэсэн ойлголттой ирсэн. Үнэгүй зорчдог иргэд хуульд зааснаар нөхөн олговортойгоор зорчдог. Өнөөдрийн байдлаар хамгийн их хувийг эзэлж байгаа нь ахмад настнууд. Нийт 35 мянган иргэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй 22 мянган иргэн байна. Үүн дотроо хамгийн бага хувийг эзэлдэг нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нөхөн олговрын мөнгө байсан. Жилд 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор авдаг. Энийг 365 хоногт хувааж үзэхээр өдөрт 4400 цагдаа, дотоодын цэргийн албан хаагч нийтийн тээврээр зорчиж байна гэсэн дүн гарсан. Ийм олон хүн явах боломж байхгүй. Товчхондоо бол хийсвэр тоо байсан. Гэтэл сард 158 сая төгрөгийг 18 аж ахуйн нэгжид хуваагаад өгчихдөг байсан байгаа юм. Энэ асуудлыг ЦЕГ-ын удирдлагуудад танилцуулаад зорчигч тоолох системд цагдаагийн үнэмлэхийг нь уншуулдаг болгосон. Ингэснээр 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 11 дүгээр сар гэхэд 1,9 тэрбум төгрөгөөс 1 тэрбум 600 сая төгрөгийн хэмнэлт үүсгэсэн. Бодит байдал дээр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид жилдээ 300 сая төгрөгөөр л явдаг юм байна аа гэдэг нь тодорхой болсон гэсэн үг. Ингээд 2026 оны төсөвт 1,9 тэрбум төгрөг биш 300 сая төгрөгийн төсөв суусан байгаа.

-Монголчууд сан гэхээр эрх мэдэлтнүүд болон тэдний тойрон хүрээлэгчид хувааж авдаг гэсэн ойлголттой болсон учир их таагүй хүлээж авдаг болсон. Нийтийн тээврийг хөгжүүлэх санд хэдэн төгрөг байдаг юунд зарцуулдаг талаар мэдээлэл өгнө үү?

-Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн мөнгө төлбөртэй ашиглуулсан автобусны эргэн төлөлт, элэгдлийн зардал, төлбөртэй зогсоолуудын төлбөр гэх мэт орлогоос бүрддэг. Нийтийн тээврийг хөгжүүлэх санд 2024 онд 32 тэрбум төгрөг, 2025 онд 34 тэрбум төгрөг цугласан. 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 30 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэйгээр 2026 онтойгоо золгосон. Хоёр жилийн хугацаанд энэ сангийн мөнгөөр 56 автобус шинээр авсан.

-Захиран зарцуулах эрх нь хэнд байдаг юм бэ?

-Засаг даргын зөвлөлийн хурлаар шийддэг. Засаг даргын зөвлөлийн хурлаар ороод дэмжигдвэл тендер зарладаг гэсэн үг. Тэгэхээр тендерийн тухай хуулиараа нээлттэй явагдаж, ААН оролцоод, худалдан авах ажиллагаа хийгддэг.

Энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулахаар төлөвлөжээ
Энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулахаар төлөвлөжээ
 
МАН БАГА ХУРАЛ: УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
МАН БАГА ХУРАЛ: УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!