Нью-Йорк хотын цагдаагийн газрын албан хаагчийг БНХАУ-ын хууль бус төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн хэргээр баривчилжээ.
Төвөд гаралтай Баймадажие Анванг гэгч Нью-Йорк орчмын хятад иргэдийн үйл ажиллагааны талаар мэдээлж, Төвөдийн нийгэмлэгийн тагнуулд боломжит эх сурвалжийг тооцоолсон гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм. АНУ-ын иргэншилтэй тус этгээд нь Цагдаагийн газрын олон нийттэй харилцах хэлтэст ажиллаж байсан ба даваа гарагт баривчилжээ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 55 жил хүртэлх хугацаагаар хоригдох ялаар шийтгэгдэх юм байна.
Прокурорын хэлснээр Анванг нь мөн АНУ-ын армийн нөөцийн газарт иргэний хэргийн мэргэжилтнээр ажилладаг байжээ. Түүнийг Хятадын консулын газрын хоёр албан тушаалтантай холбоотой байсан гэж үзэж байна. Тэрбээр тус хотод байгаа төвөдүүдийн талаар мэдээлэхээс гадна Нью-Йорк хотын цагдаагийн газрын өндөр албан тушаалтнуудыг албан ёсны арга хэмжээнд оролцох урилгаар консулын газарт нэвтрэх боломжийг олгосон гэж мэдэгджээ.
Зургийн тайлбар: Төвөд гаралтай Баймадажие Анванг Нью-Йорк хотын цагдаагийн газрын ажилтан
Анванг Нью Йорк хотын цагдаагийн хэлтэст албан тушаал дэвшиж, цолоо ахиулснаар Хятад орондоо туслаж, эх орныхоо алдар нэрийг өргөх хүсэлтэй байдгаа тус байгууллагын цагдаагийн ажилтанд хэлж байсан гэдгийг шүүхийн баримт бичигт тусгажээ. Тэрээр мөн утсаар залилан хийсэн, худал мэдүүлэг гаргаж, албан ёсны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж буруутгаж байгаа юм.
Шүүхийн баримт бичигт түүнийг "БНХАУ-аас хэд хэдэн удаа мөнгөн гуйвуулга" авсан гэж тэмдэглэжээ.
Баримт бичигт тусгагдсанаар түүний аав нь Хятадын армид ажилладаг байсан ба Хятадын Коммунист намын гишүүн юм. Ээж нь мөн тус намын гишүүн бөгөөд төрийн албан тушаал хашиж байсан нэгэн юм. "Баймадажие Анванг АНУ-д, АНУ-ын армид болон цагдаагийн газарт өргөсөн гурван тангаргийг гурвууланг нь зөрчсөн." гэж Нью-Йорк хотын цагдаагийн газрын төлөөлөгч Дермот Ф Ши мэдэгдэлдээ дурджээ.
Эх сурвалж: www.bbc.com