Ард түмнээс сонгогдсон төрийн түшээдийн хөрөнгө орлого парламентад суух хугацаанд хэр өсөж, буурав гэдэгт хариулт өгөх үүднээс та бүхэнд УИХ-ын гишүүдийн ХОМ-т орсон өөрчлөлтийг цувралаар бэлтгэн хүргэж буй. Өнгөрсөн удаад УИХ-ын гишүүдийн 2019-2022 оны хугацаанд өөрийн болон гэр бүлийн орлогод нь гарсан өөрчлөлтийг танилцуулсан. Тодруулбал, зөвхөн орлогоор гэхэд 167 орчим тэрбум төгрөг тэдний халаасанд эргэлдэж байна. Тэгвэл энэ удаа гадаад болон дотоодын банк санхүүгийн байгууллагад байрших хадгаламж дахь хөрөнгө болон түүнд гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг сонирхуулъя.
-УИХ-ын 76 гишүүн хадгаламжиндаа 33.2 ТЭРБУМ төгрөгтэй-
Төрийн өндөр дээд албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд АТГ-д мэдүүлдэг. Харин 2023 оны мэдүүлгийг олон нийтэд мэдээлэхээр байршуулах хугацаа хараахан болоогүй байгаа. Тэгвэл одоогийн УИХ-ын гишүүдийн
2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс зөвхөн хадгаламжийг нь цохон авч үзэхэд, тэд нийт 33.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай байна. Үүнээс Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нарын долоон тэрбум давсан хадгаламжтай байгаа бол 2 гишүүн огт хадгаламжгүй байна.
-Ц.Анандбазар, Ц.Мөнх-Оргил, Ц.Цэрэнпунцаг нарын хадгаламж 1-3 тэрбумаар өсжээ-
УИХ-ын гишүүд нэр дэвших үеэсээ хадгаламжийн дансандаа хэр өөрчлөлтийг бий болгосон бэ гэдэг нь анхаарал татаж буй. Иймд тэдний 2019 оны ХОМ болон 2022 оны ХОМ-ийн хооронд хэр их мөнгөн дүнгийн ялгаа гарсан талаар дата мэдээллийг дээрх графикт харууллаа. Дотоод дахь хадгаламжийн хэмжээ нь өндөр дүнгээр өссөн гишүүдийн жагсаалтыг Цогт-Очирын Анандбазар гишүүн тэргүүлж байна. Тодруулбал, тэрбээр 2019 онд буюу нэр дэвших үедээ хадгаламжгүй гэж байжээ. Харин 2020 онд 12 сая төгрөгийн хадгаламжтай байснаа 2021, 2021 онд эрс нэмэгдсэн буюу 3.7 тэрбумаар өсжээ. Эл жагсаалтыг Ц.Мөнх-Оргил, Э.Бат-Амгалан, Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд удаалж байна.
Түүнчлэн тус графикт дурдагдаагүй гишүүдээс, Х.Баделхан 83 саяар, Д.Батлут 92 сая, Т.Доржханд 9 сая, Ш.Раднаасэд 39 сая, Э.Батшугар 90 сая, Ж.Батсуурь 123 сая нэмэгдсэн байх жишээтэй. Харин хадгаламж нь хамгийн бага дүнгээр өссөн гишүүдэд Л.Энх-Амгалан 1.1 сая, Б.Бейсен 3.2 сая төгрөгийн үзүүлэлтээр багтаж байна.
-Ж.Ганбаатарын хадгаламж 22 тэрбумаар, Д.Өнөрболорынх 6 тэрбум төгрөгөөр БУУРАВ-
Хадгаламж дахь хөрөнгөөсөө хамгийн өндөр дүнгээр алдсан эхний арван гишүүний мэдээллийг харууллаа. Тодруулбал, Оргилын гэгдэх Ж.Ганбаатар, Д.Өнөрболор, Б.Дэлгэрсайхан нар эл жагсаалтыг 3-22 тэрбум төгрөгийн "алдагдлаар" тэргүүлсэн юм. Тухайлбал, Ж.Ганбаатар нь нэр дэвших үедээ буюу 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дотоодын хадгаламжиндаа 25 тэрбум төгрөгтэй, гадаадын банк санхүүгийн байгууллагад хадгаламжгүй хэмээн мэдүүлж байжээ. Харин 2022 оны мэдүүлэгтээ 2.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэжээ. Өөрөөр хэлбэл, түүний УИХ-ын гишүүнээр гурван жил ажилласны дараах хадгаламжийн дүн нь 25 тэрбум төгрөгөөс 2.2 тэрбум болтлоо буурсан байна.
Харин бусад гишүүдийн тухайд, хадгаламж нь хамгийн бага дүнгээр буурсан гишүүн нь одоогийн Хотын дарга Х.Нямбаатар байгаа юм. Тэрбээр 2019 оны ХОМ-тээ 12.8 сая төгрөгийн хадгаламжтай гэж байсан бол энэ дүн 2022 оны ХОМ-т мөн л 12.5 сая гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, түүний хадгаламжийн дүнд огцом өөрчлөлт ажиглагдаагүй боловч энэ хугацаанд 339 мянган төгрөгийг хадгаламжаасаа алджээ.
-Мөнгө хадгалдаггүй хоёр гишүүнтэй-
Нэр дэвшихээсээ эхлээд хадгаламжгүй гэж мэдүүлж явж ирсэн хоёр ч гишүүн байна. УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболд, Жамъяны Мөнхбат нар дотоодод ч, гадаадад ч хадгаламжгүй гэнэ.
-"Найзуудаараа" гадаадад хадгаламжтай-
УИХ-ын гишүүд зөвхөн дотоод дахь хадгаламжаасаа гадна гадаадын банк, санхүүгийн байгууллагад өөрийн нэр дээр байгаа хадгаламжийн дансны мэдээллээ ч ХОМ-тээ оруулдаг. Харин өнөөгийн УИХ-д гадаадад хадгаламжтай тун цөөхөн гишүүн байна. 2022 оны ХОМ-гээс харахад, дээрх дөрвөн гишүүн хадгаламжтай хэвээр байна. Хадгаламж дахь мөнгөөрөө толгой цохиж буй нь "Ажнай" Д.Бат-Эрдэнэ. Мөн УИХ-д анх удаа сонгогдсон гурван залуу улстөрч эл жагсаалтыг удаалж байх юм. Тэднийг УИХ дотор "найзууд" хэмээн харах хүмүүс олон байдаг.
Харин гадаад дахь хадгаламжийн мэдээлэл болон түүний өсөлт, бууралтыг харахад дараах гишүүдийн мэдээлэл анхаарал татлаа.
-Гадаадад 3 тэрбумын хадгаламжтай "Ажнай"-
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ээс харахад, одоогийн 76 гишүүнээс тав нь гадаад хадгаламжтай хэмээн мэдүүлж байжээ. Тэдний дунд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ багтаж байж. Гэвч хамгийн сонирхолтой нь тэрбээр 2019 онд буюу анх 68 сая төгрөгийн хадгаламжтай гэж байснаа 2020, 2021 онуудад 0 заажээ. Улмаар 2022 оны мэдүүлэгтээ буцаад гадаад хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байна. Энэ үедээ мэдүүлсэн мөнгөн дүн нь өмнөхөөсөө хэд дахин өндөр буюу 3 тэрбум 76 сая төгрөг гэжээ.
-Ц.Анандбазар 2.7 тэрбум төгрөгийн гадаад дахь хадгаламжаа "алджээ"-
Бүх талын хөрөнгө оруулалтаараа тэргүүлдэг Ц.Анандбазар гишүүн гадаад дахь хадгаламжтай гишүүдэд ч багтаж байв. Гэвч тэрбээр 2019 онд нэр дэвшигчийн ХОМ-тээ гадаадад 2.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байжээ. Харин УИХ-ын гишүүнээр ажилласны дараах жилүүдэд тэрбээр хадгаламжаа "татсан" бололтой. Тодруулбал, түүний 2020, 2021, 2022 оны ХОМ-тээ тухайн хадгаламж нь байхгүй гэж мэдүүлсэн байна.
-"Спикер"-ийн гадаад дахь хадгаламж нь багассаар О заасан-
"Спикер" энэ удаад гадаад дахь хадгаламжтай гишүүдийн тоонд багтсан. Гэхдээ тэрбээр 2020 оны сонгуульд оролцох үедээ мэдүүлсэн 2019 оны ХОМ-тээ 13 сая төгрөг гэсэн байх бөгөөд дараагийн 2020, 2021 онуудад багассаар 2.8 саяд хүрч буурчээ. Харин 2022 оны ХОМ-дээ хадгаламж нь О заасан байх аж.
Үргэлжлэл бий...