Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУВРАЛ: УИХ-ын гишүүдийн дөрвөн жилийн орлогод 167 ТЭРБУМ төгрөг эргэлдэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 7 секунд

Сонгууль ойртсон энэ цаг үед төрийн түшээ хэмээх "цол" зүүсэн нөхдөөс хийсэн ажил, хэрэгжүүлсэн амлалтыг нь нэхэх нь зүй. Үүнтэй зэрэгцэн олон нийт тэдний орлогод хэр их өөрчлөлт гарсан талаарх мэдээллийг ч сонирхох нь лавтай. Одоогийн 76 гишүүн дөрвөн жилийн өмнө буюу 2020 оны УИХ-ын сонгуульд хүч үзэх үедээ нэр дэвшигчийн хувиар 2019 оны хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдаг. Ийнхүү тэдний дөрвөн жилийн мэдүүлгээс ажиглахад, өөрийн орлого нь 800 саяас 45 сая төгрөг болтлоо буурсан хүн байхад орлого нь тэрбум, тэрбумаар нэмэгдсэн гишүүд ч байлаа. Тэгвэл УИХ-ын гишүүдийн ХОМ-ийн өөрчлөлтийг цувралаар бэлтгэн хүргэж байна. Энэ удаа УИХ-ын гишүүдийн өөрийн болон гэр бүлийн орлоготой холбоотой дата мэдээллийг хүргэх болно.

-2019 VS 2022-

2023 оны ХОМ эцэслэгдэх хараахан болоогүй байгаа билээ. Тэгвэл хамгийн сүүлийн хугацаагаар буюу 2022 оны ХОМ болон нэр дэвшигчийн ХОМ хоёрын хооронд хэр их мөнгөн дүнгийн ялгаа гарсан талаар дээрх графикт харууллаа. Өөрийн орлогод хамгийн өндөр дүнгээр өөрчлөлт орсон 10 гишүүнийг УИХ-ын гишүүн Э.Батшугар тэргүүлж байна. Түүний хувьд нэр дэвших үедээ өөрийн орлогыг 93 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2021 оноос хойш түүний орлогод эрс өөрчлөлт гарчээ. Ингэхдээ 2021 онд 1 тэрбум 851 сая төгрөг, 2022 онд 2 тэрбум 526 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр 2019-2022 оны хугацаанд 2 тэрбум гаруй төгрөгийн орлого олсон гэсэн үг. Ингэснээр 2019 онд мэдүүлж байсан 93 сая төгрөг, 2022 онд мэдүүлсэн 1 тэрбум 851 сая төгрөг хоёрын хооронд тооцож үзвэл 1 тэрбум 757 сая төгрөгийн зөрүү гарч буй юм. Харин дараагаар нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, "Хурд"-ын гэх тодотголтой Б.Чойжилсүрэн нар жагсаж байна. Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хувьд хамгийн өндөр орлоготой гишүүдийн нэг бөгөөд түүний орлого жил бүр 1-2 тэрбумын хооронд дүнгээр хэлбэлзэл дунд байна. Тэрбээр 2019-2022 оны хооронд л гэхэд нийт 16 тэрбум төгрөгийн орлого олжээ.

-Л.Энх-Амгалангийн өөрийн орлого 5 ТЭРБУМААР буурав-

Үргэлжлүүлэн нэр дэвшигчийн ХОМ-тойгоо харьцуулахад өөрийн орлого нь хамгийн өндөр дүнгээр буурсан арван гишүүний мэдээллийг хүргэж байна. Тухайлбал, жагсаалтыг тэргүүлж буй УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувьд гишүүд дотроо нэлээн бийлэгжүүдээ орно. Түүний хувьд нэр дэвшигчийн ХОМ-тээ өөрийн орлогыг 5 тэрбум 109 сая хэмээн мэдүүлж байжээ. Ингэхдээ 2020, 2021 оны мэдүүлэгт түүний орлого 2-3 тэрбумаар нэмэгдсэн байх бөгөөд энэ нь ч өндөр үзүүлэлтдээ орох юм. Харин 2022 оны ХОМ-т өөрийнх нь орлого огцом буурч, 45 сая төгрөг болсон гэж мэдүүлжээ. Удаагаар нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, А.Адъяасүрэн, П.Анужин, Х.Ганхуяг зэрэг гишүүд багтжээ.

-76 дотроо хамгийн их орлого олсон гишүүдийн дөрвөн жилийн нийт орлого нь 4-23 тэрбум төгрөгийн хооронд байна-

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд нь ХОМ-тээ өөрийн орлогоос гадна гэр бүлийн орлогыг ч мэдүүлдэг. Ингэхдээ тэдний мэдүүлгээс харвал УИХ-ын гишүүдийн өөрийн орлогоос илүүтэй гэр бүлийн орлого нь өндөр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын өөрийн орлого 32-48 сая төгрөг хооронд байхад гэр бүлийнх нь орлого 6 тэрбум давжээ. Харин дээр жагсаалтаас жишээлвэл, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нь өөрөө 2019-2022 оны хооронд нийт 22 тэрбум төгрөг, гэр бүл нь 925 сая төгрөг олсон байх жишээтэй. Мөн эмэгтэй гишүүдээс УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл багтжээ. Мөн адил хугацаанд тэрбээр өөрийн болон гэр бүлийн орлогоороо 7.9 тэрбум төгрөг олжээ.

-Энэ парламентад хамгийн бага орлого олсон гишүүн нь Ж.Мөнхбат, Б.Пүрэвдорж нар-

Өөрийн болон гэр бүлийн орлогыг нь хамтад нь авч үзвэл, 2019-2022 оны хугацаанд хамгийн бага орлоготой гишүүдийг дээрх арван гишүүн тэргүүлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд нэр дэвшигчийн ХОМ-тээ 153 сая төгрөгийн өөрийн орлоготой гэж байсан боловч 2021 оны мэдүүлэгтээ 22 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин 2022 оны ХОМ-ээ гаргаагүй байна. Мөн гэр бүлийн орлого нь дөрвөн жилийн хугацаанд 0 байна.

-УИХ-ын гишүүдийн орлого дээр хэдэн төгрөг эргэлдэж байна вэ-

Энэ асуултын хариулт олон хүний анхаарлыг татаж буй байх. Тэгвэл эрх баригч намаас 62-уулаа, сөрөг хүчин, бие даагч нийлээд үлдсэн хувийг бүрдүүлж буй энэ парламентын гишүүдийн өөрийн болон гэр бүлийн орлого нийлээд 167 тэрбум төгрөг дотор эргэлдэж байна.

Үргэлжлэл бий...

П.Сайнзориг: Нэг автобусанд суусан 971 зорчигчийн 544 нь карт уншуулсан байна
П.Сайнзориг: Нэг автобусанд суусан 971 зорчигчийн 544 нь карт уншуулсан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.