Өнгөрсөн мягмар болон ням гаригт Израилд халдлага, зургаан хүн амиа алдсан. Хэдийгээр Израилийн аюулгүй байдлын хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн ч Тель-Авив хотын захад дахин халдлага болж, таван хүн буудуулан нас барсан байна. Халдлага үйлдсэн этгээд нь эзлэгдсэн Баруун эрэг орчмын хойд хэсгийн тосгоны оршин суугч 27 настай Палестин иргэн байжээ. Түүнийг цагдаа нар газар дээр нь буудан хөнөөсөн байна.
Израилийн Ерөнхий сайд асан, одоогийн сөрөг хүчний удирдагч Бенжамин Нетаньяху "Израиль улс олон жилийн турш терроризмын аюултай давалгааны дунд байна. Израилийн иргэдэд энх тайван, аюулгүй байдлыг өгөхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авах ёстой" гэж мэдэгдэв.
Сануулахад, өнгөрсөн мягмар гаригт эхний халдлагыг Сири дэх Исламын улс (IS) бүлэглэлд элсэхээр төлөвлөж, аюулгүй байдлын гэмт хэрэг үйлдсэн хэргээр шоронд хоригдож байсан Израилийн Араб эр үйлдсэн байна. Тэрээр Беершеба хотын худалдааны төвийн гадаа гурван хүнийг хутгалж хөнөөсөн аж.
Үүнээс тав хоногийн дараа дахин хоёр этгээд хойд нутгийн Хадера хотын автобусны буудал руу гал нээж, 19 настай хоёр цагдаа амиа алдсан юм. Энэ халдлагын ард IS байгаа гэж мэдэгджээ.