
Өнөөдөр цахим орчинд 1 хогийн савыг 56 сая төгрөгөөр тавьж байна гэх мэдээлэл цацагдаж, үүнд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан. Тэгвэл ямар учиртай хогийн сав суурилуулсан талаар Чингэлтэй дүүргийн менежер Д.Уянгаас тодрууллаа.
-Ямар учиртай хогийн сав 56 сая төгрөгөөр байршуулчихав?
-Иргэд хуучин ил задгай хогийн бункер хэрэглэж байсан. Тэр нь дүүрээд, хог нь хийсэх, үнэр танар гарах, орчноо бохирдуулах гээд маш олон сөрөг үр дагавар байсан. Тиймээс ухаалаг хогийн сав гэх шийдлийг бид хэрэглээндээ нэвтрүүлээд явж байна. Энэ хогийн саванд энэ хавийн 10 гаруй оршин суугч, чипээ уншуулаад хогоо хаях боломжтой болж байна. Чипээ уншуулаад хогоо хийснээр хог нь доошоо шууд 5 тоннын хог хаягдлын чингэлэг рүү орно. Өөрөөр хэлбэл, энэ хогийн сав нь доороо 5 орчим тоннын багтаамжтай гэсэн юм. Ингээд хог нь дүүрэхээрээ шууд цаашаа автоматаар мэдээлэл дамжуулж, хогийн ажилчид ирээд хогоо аваад явна. Ер нь хогийн сав цахимжсан гэсэн үг.

-Нэгж үнэ нь 56 сая төгрөг гэж үнэн үү. Үүнийг дотооддоо хийж байгаа юу. Импортоор оруулж ирсэн үү?
-Иргэд нэг жижигхэн дөрвөлжин хогийн сав 56 сая төгрөг гэж хараад байна. Тийм биш. Газрын түвшин руу 5 тоннын чингэлгээ суурилуулна. Эргэн тойрны тохижилт, техник төхөөрөмж, ажиллах хүч зэрэг маш олон зардал шингэсэн байгаа. Иргэд энэ ухаалаг хогийн савны хэрэглээнд маш дуртай байгаа. Тиймээс ч иргэдийн зүгээс манай байрны гадаа суурилуулж өгөөч гэх хүсэлтүүд ч ирж байна. Санал хүсэлтийн дагуу үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Дотоодын аж ахуйн нэгжээр хийлгэж байна.
-ТҮК-ийн ажилчид гараараа хог ачихгүй байх боломжтой юу?

-Тийм. Газар доорх чингэлгээ өргөөд л хогоо авчихна. Тэгэхээр ТҮК-ийн ажилчид гараараараа хог ачих шаардлагагүй. Энэ нь эрүүл ахуйд нь ч эерэгээр нөлөөлнө.
-Цаашдаа хэчнээн хороонд суурилуулах вэ?
-2024 оноос хойш үе шаттайгаар тухайн жилийнхээ төсөв, боломжид суурилуулаад явж л байна.



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!