Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Допинг илэрдэггүй, дархлаа дэмждэг“ гэх бодисыг Ц.Хосбаяр дасгалжуулагчаас авчээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 29 секунд

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяраас 20 ширхэг бодисыг 4.6 сая төгрөгөөр авсан талаарх гэрчийн мэдүүлэг анхан шатны шүүхийн шийдвэрт байршжээ. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС харна уу.

Тодруулбал гэрчийн мэдүүлэгт дурдсанаар, 2025 оны зургаадугаар сард наадмын бэлтгэлд гарахын өмнө Н.Өсөхбаярт танил хүн нь "Ц.Хосбаяр допингийн бодис илэрдэггүй, дархлаа дэмждэг, ажиллагаа сайжруулдаг, ядралт багасгадаг бодис зардаг” гэж хэлсэн байна. Үүний дагуу Н.Өсөхбаяр тухайн бодисыг сонирхож, хэрэглэж үзэхээр болсон гэжээ. Тэрбээр эхний 10 ширхэг бодисыг авч хэрэглэсний дараа дахин захиалж, Ц.Хосбаярын гэрээс найзаараа дамжуулан 20 ширхэгийг хүлээн авсан байна. Тухайн 20 ширхэг бодисын төлбөр болох 4.667 сая төгрөгийг 2025 оны зургаадугаар сарын 21-нд дансаар шилжүүлсэн гэж мэдүүлжээ.

Мөн уг бодисыг хэрхэн хэрэглэх талаар заавар авч, 100 мл натрийн уусмалтай хольж судсаар тарьж хэрэглэсэн талаар гэрчийн мэдүүлэгт дурдсан байна. Үүнээс гадна шүүхийн шийдвэрт өөр нэг гэрчийн мэдүүлгийг тусгасан бөгөөд тэрбээр Ц.Хосбаяртай уулзах үеэрээ сонирхож байсан тариагаа допинг мөн эсэхийг асуухад “допингтой ямар ч хамааралгүй, дархлаа дэмжиж, ядралт багасгаж, ажиллах чадварыг 30 хувиар нэмэгдүүлдэг” гэж тайлбарласан талаар мэдүүлжээ.

Улмаар тухайн гэрч 70-80 орчим ширхэг бодис авахаар 21.042 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Мөн 2024 оны аравдугаар сард нэгэн тамирчин Ц.Хосбаярт 2.9 сая төгрөг шилжүүлсний дараа “Testomed E250” хоёр хайрцаг, “Primomed 100” нэг хайрцаг, “Stanozon” хоёр хайрцаг шахмал бэлдмэл хүлээн авсан талаар мэдүүлсэн байна.

Харин өөр нэг гэрчийн мэдүүлэгт хүндийн өргөлтийн дасгалжуулагч “Х” гэх хүнээс “парпонат” гэх нэртэй жижиг улаан савтай эмийг нэг ширхгийг 140 мянган төгрөгөөр тооцож, гурван ширхэгийг авч байсан талаар дурджээ.

Тухайн эмийн төлбөрийг Казахстан Улсад байгаа хүн рүү дамжуулан шилжүүлдэг байсан гэж мэдүүлсэн байна.

Допингийн эсрэг байгууллагын ажилтан мөн шүүхэд мэдүүлэхдээ “Only for Russian national team” гэх нэртэй бодисын нэг ширхгээс шинжилгээ авахад бүх цаг үед хориглосон S4-4 буюу бодисын солилцооны модуляторын ангилалд багтах AICAR (AICA-riboside, acadesine) гэх бодис илэрсэн талаар мэдээлжээ.

Тус байгууллагад мэдээлэл өгсөн тамирчдын нэг нь уг бодисыг Ц.Хосбаяр санал болгон 2.9 сая төгрөгөөр зарсан талаар хэлж, худалдан авсан баримт болон бусад мэдээллийг өгсөн гэжээ. Мөн өөр нэг хүн уг бодисыг Ц.Хосбаяраас бусдаар дамжуулан худалдан авсан гэж мэдүүлсэн байна. Хэрэгт мөн эм, биобэлдмэл, эмийн түүхий эдийг Монгол Улсад импортлохтой холбоотой мэргэжлийн байгууллагын тайлбарыг тусгажээ.

Тус мэдүүлэгт зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж эм, биобэлдмэл, эмийн түүхий эдийг импортлох боломжтой бөгөөд импортолж буй эм Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх шаардлагатай гэж тайлбарлажээ. Харин ханган нийлүүлэх зорилгоор эмийн бүртгэлгүй эм, биобэлдмэл, эмийн түүхий эдийг оруулж ирэх боломжгүй талаар мэдүүлсэн байна.

Ийнхүү Ц.Хосбаярыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, бэлдмэл, тариаг хилээр хууль бусаар оруулж ирэн спортын тамирчдад зарж борлуулж ашиг олсон гэх үндэслэлээр шалгасан бөгөөд 2026 оны тавдугаар сарын 6-ны өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхээс 5.4 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрт дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон холбогдох байгууллагуудын тайлбар, баримтуудыг тусгажээ.

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаанаар хангана
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаанаар хангана
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!