Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетт охиных нь “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсны улмаас тусгаарлагдаж эхэлсэн талаар түүний ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Н.Беннеттийн эхнэр, бусад хүүхдүүдийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг мэдэгдэлд мөн дурджээ.
Израилын “Ynet” мэдээллийн цахим хуудсанд мэдээлснээр, Н.Беннетт 14 настай охиных нь шинжилгээний хариу эерэг гарсан тул Голаны өндөрлөгт болж байсан Засгийн газрын ээлжит бус хуралдааныг орхин тусгаарлагдахаар болсон байна.
Мөн Боловсролын сайд Ифат Шаша-Битон охиных нь шинжилгээний хариу эерэг гарсны дараа буюу ням гаргаас тусгаарлагдаж эхэлсэн юм.
Н.Беннетт АНЭУ-д түүхэн айлчлал хийн эх орондоо эргэн ирэх үед нисэх онгоцонд хамт зорчиж явсан нэгэн хүний “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсны улмаас 12 дугаар сарын 14-нөөс өөрийгөө тусгаарлаад байжээ.
Израилд “омикрон” хувилбар тархсанаас хойш “COVID-19” халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болоод буй юм.