
Монголын сагсан бөмбөгийн ирээдүйтэй залуу тоглогчдын нэг Г.Хашчулуун “Selenge Bodons” багтай таван жилийн хугацаатай тамирчин хөгжүүлэлтийн гэрээ байгууллаа.
Тэрбээр “Selenge Bodons” багийн дэргэдэх “Бодонс академи”-ийн шилдэг төгсөгчдийн нэг бөгөөд Серби улсын мэргэжилтэн, дасгалжуулагч Слободан Агочийн удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийж, U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ.
Мөн өчигдөр “Selenge Bodons” болон “SG Apes” багийн нөхөрсөг тоглолтын үеэр зохион байгуулсан Slam Dunk тэмцээнд Г.Хашчулуун түрүүлж, NBA-ийн аварга, супер од Dwight Howard-аас шагналаа гардан авсан юм.
Г.Хашчулуун “Бодонс академи”-д суралцах хугацаандаа тамирчны хөгжлийг үнэлдэг BDI буюу “Bodons Development Index” үзүүлэлтээр тогтмол ТОП-10-д эрэмбэлэгдэж байжээ. Түүний ур чадвар, хөгжлийн үзүүлэлтийг үнэлж, NBA-ийн од DeMarcus Cousins түүнд тэтгэлэг олгож байсан аж.
Ийнхүү “Бодонс академи”-ийн төгсөгч Г.Хашчулуун тус академиас анх удаа цалинтай тамирчин болж, тэтгэлэгт хөтөлбөрөөс мэргэжлийн тамирчны замналд шилжиж байна.
Таван жилийн хугацаатай энэхүү хөгжүүлэлтийн гэрээ нь залуу тоглогчийг цаашид мэргэжлийн түвшинд бэлтгэн хөгжүүлэх, “Selenge Bodons” багийн бүрэлдэхүүнд тогтвортой өсөж дэвших боломжийг олгож байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!