
Олон улсын хоккейн холбоо /IIHF/ Швейцарын хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Патрик Фишерийг 2030 он хүртэл үндэсний шигшээ баг дасгалжуулах эрхгүй болгожээ.
Швейцарын SRF Sport телевизийн мэдээлснээр, Фишер 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын үеэр коронавирусийн халдвартай холбоотой хязгаарлалтыг тойрох зорилгоор хуурамч вакцинжуулалтын гэрчилгээ ашигласан байна.
Өдгөө 51 настай Патрик Фишерт оногдуулсан хориг нь клубийн багт дасгалжуулагч хийх эрхэд нь хамаарахгүй. Гэхдээ Швейцарын хоккейн холбоо түүнд тусдаа хориг тавьсан тохиолдолд клубийн түвшинд ажиллах боломжгүй болох юм.
Фишер 2015 оноос хойш Швейцарын шигшээ багийг удирдсан бөгөөд энэ хугацаанд тус баг дэлхийн чансааны наймдугаар байрнаас гуравдугаар байрт хүрчээ. Швейцарын шигшээ баг 2018, 2024, 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс мөнгөн медаль хүртсэн байна.
Харин 2022 оны Бээжингийн Олимпын наадамд Швейцарын шигшээ баг шөвгийн наймд шалгарсан ч Финландын багт 1:5-ын харьцаатай хожигдож, тэмцээнээ дуусгасан юм.
Патрик Фишерийг энэ оны дөрөвдүгээр сард Швейцарын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.
Тэрбээр дасгалжуулагч болохоосоо өмнө мэргэжлийн хоккейчин байсан бөгөөд 2007 онд ОХУ-ын СКА клубт тоглож байжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!