
-Улаанбаатарын төвөөр нэг километр гаруй явсан ч нийтийн бие засах газар олдсонгүй-
Хүн бие засах хэрэгтэй болно. Энэ бол сонголт биш, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ. Харин Улаанбаатарын төвд энэ хэрэгцээгээ хангах газар олох нь өөрөө асуудал болжээ. Энхтайваны өргөн чөлөөгөөр нэг километр гаруй явж, нийтийн бие засах газар хайсан ч олсонгүй.
Гудамж дагуу дэлгүүр, үйлчилгээний газар, автобусны буудал, хүн холхилдсон төв талбай бий. Харин иргэдийн хамгийн энгийн хэрэгцээг хангах нийтийн ариун цэврийн өрөө харагдсангүй.
Сүхбаатарын талбайд харин хоёр нийтийн бие засах газар ажиллаж байлаа. Бидний очсон үед цэвэрлэгээ үйлчилгээ хэвийн, шаардлагатай хэрэгслүүд нь байршсан байв.

Тэнд ажиллаж буй ажилтнаас нийтийн бие засах газрын өнөөгийн нөхцөл байдлыг тодруулахад “Хотын төвийн хэмжээнд нийт дөрвөн нийтийн бие засах газар ажилладаг. Өмнө нь 30 байршилд байсан ч зарим нь ажиллахаа больсон. Яагаад үйл ажиллагаагаа зогсоосныг мэдэхгүй. Манайд хоёр нийтийн бие засах газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Харин хэрэглээ ихтэйгээс гадна зарим иргэн ариун цэврийн өрөөний цаас болон бусад хэрэглэгдэхүүнийг хулгайлах тохиолдол гардаг. Ер нь их бүдүүлэг санаанд оромгүй үйлдэл гаргадаг. Хот тохижилтын газраас нийтийн бие засах газрын цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийж, иргэдэд цэвэр орчин бүрдүүлэхийг зоридог” гэв.
Нийслэлийн хэмжээнд 30 байршилд нийтийн "00" ажиллаж байсан гэх. Тэгвэл яагаад хотын төвд дөрвөн нийтийн бие засах газар байгаа нь анхаарах асуудал. Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хариуцсан албан тушаалтан олдсонгүй. Мөн 120 мянгат болон баруун дөрвөн замын автобусны буудал орчмын нийтийн бие засах газар одоогоор үйл ажиллагаагаа явуулахгүй, кофе шоп болон GS-25-аар үйлчилгээ явуулдаг болсон. Учир нь тус талбай хувийн хэвшлийнх аж. Энэ байршилд иргэд ихээр зорчдог ч бие засах газар зориулалтаараа ашиглагдахгүй байгааг иргэд шүүмжилж байв.
Албаны эх сурвалжийн мэдээллээр, нийслэлд нийтийн бие засах 24 газар байгаагаас 19 нь тогтмол үйл ажиллагаатай гэх. Тэгвэл 1.7 сая хүн амтай Улаанбаатар хотод стандартын дагуу 150-170 ариун цэврийн байгууламж ажиллах ёстой. Гэтэл албан ёсны зөвшөөрөлтэй, тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг 19 нийтийн бие засах газар байна. Тоо, хүртээмж хангалтгүй энэ байдал нь хүмүүсийн эрүүл мэнд, хотын соёл, хөрсний бохирдолд сөрөг нөлөөг дагуулсаар байна.

-Харин нийтийн бие засах газаргүй орчинд иргэд яах вэ-
Хамгийн түгээмэл гарц нь кафе, ресторан, худалдааны төв, CU, GS-25 зэрэг үйлчилгээний байгууллагын ариун цэврийн өрөө. Өөрөөр хэлбэл нийтийн үйлчилгээний орон зайд байх ёстой хэрэгцээг хувийн байгууллагууд тодорхой хэмжээнд үүрч байна.

Иргэн Ц.Х “Хотын төвөөр нийтийн бие засах газар бараг байдаггүй. Яаралтай үед үнэхээр хүндрэлтэй. Ялангуяа эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирсэн үе, хүндээр бие засахад хүндрэл үүсдэг. Тиймээс CU, GS зэрэг үйлчилгээний газруудын ариун цэврийн өрөөг ашиглахаас өөр аргагүй.
Хоёр автобусны буудал тутамд биш юм гэхэд тодорхой зайд нийтийн бие засах газартай болмоор байна” гэж ярив. Харин үйлчилгээний байгууллагын ажилтны хувьд энэ нь бас өөр нэг асуудал дагуулдаг.

CU-ийн ажилтан Д.Л “Иргэдэд зориулсан нийтийн бие засах газар байхгүй учраас CU-ээс өөр орох боломжтой газар байдаггүй болохоор иргэд манай нойлыг ашиглахаас өөр яах вэ дээ. Боломжтой бол цэвэрхэн орж гараасай гэж хүсдэг. Ялангуяа ачаалал ихтэй, ганцаараа ажиллаж байгаа үед ариун цэврийн өрөөний асуудал хүндрээд, бохир заваан болох тохиолдол бий. Үүнийг үйлчлүүлэгчид ойлгоосой гэж хүсдэг” хэмээн хэлсэн юм.
Иргэн М.А "Хотын төвд төв талбайд л хоёрхон бие засах газар байлаа гээд яах вэ дээ. Хотын төвөөр явж байхад нийтийн бие засах газар олоход үнэхээр хэцүү. Яаралтай хэрэг болсон үед хаашаа орохоо мэдэхгүй, ихэнхдээ дэлгүүр, кафе руу орж асуудаг. Зарим газар үйлчлүүлэгч биш бол оруулахгүй байх тохиолдол ч байдаг. Тиймээс хүн ихээр зорчдог газруудад нийтийн бие засах газрыг тодорхой зай тутамд байгуулж, байршлыг нь ил тод тэмдэглэж өгөөсэй гэж боддог” гэв.

Ингээд харахад асуудал зөвхөн нийтийн бие засах газар цөөн байгаад дуусахгүй. Иргэдийн яаралтай хэрэгцээг хувийн байгууллагууд нөхөж, тэр хэрээр ажилтнуудад нэмэлт ачаалал үүсэж байна. Нөгөө талд нийтийн ариун цэврийн өрөө хангалтгүйгээс иргэд тохиромжгүй газар бие засах, улмаар гудамж талбай бохирдох, орчинд таагүй үнэр гарах зэрэг асуудал ч үүсэх эрсдэлтэй.

Хүүхэдтэй хүн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, удаан хугацаагаар хотын төвөөр зорчиж буй хэн бүхэнд энэ бол зүгээр нэг тав тухын асуудал биш. Хотын төвд хүн бүрийн өдөр тутамд тулгардаг хамгийн энгийн хэрэгцээг хангах орон зай хүртэл олдохгүй байгаа нь нийслэлийн үйлчилгээ, төлөвлөлтийн нэг орхигдсон асуудал биш гэж үү.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!