Баавгай суурьшлын бүсэд үзэгдэх нь нэмэгдсэн тул энэ онд самар түүхийг хориглолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Суурьшлын бүсэд хүрэн баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2026.09.10/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир шуурхай хуралдаан хийлээ.

Хуралдаанаар зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол болон 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны мэдээллийг хэлэлцэж, энэ онд самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж, бэлтгэхийг хориглох шийдвэр гаргалаа.

БОУАӨЯ-ны дарга Т.Балжинням мэдээлэхдээ, он гарснаас хойш хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Увс аймгуудад холбогдох албан даалгаврыг хүргүүлж байгааг хэлэв.

Тэрбээр “Хүрэн баавгай идэш тэжээл дутмаг байгаагаас суурьшлын бүсэд орж ирдэг. Мөн иргэд самар, жимс түүхдээ машин, тоног төхөөрөмжтэй ойн бүсэд зорчиж байгаа нь зэрлэг амьтдыг дайжихад нөлөөлж байна. Түүнчлэн сэг зэм, хог хаягдлыг ил задгай хаяхгүй байхад иргэд анхаарах хэрэгтэй” гэв.

Мөн хил залгаа ОХУ-ын бүс нутгаас Монголын нутагт баавгай орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Суурьшлын бүсэд орж ирж буй баавгайнуудын дийлэнх нь идэш тэжээлийн хомсдолд орсон, туранхай болон бамбаруушаа дагуулсан байдалтай байгаа аж.

Ийм тохиолдолд баавгайг суурьшлын бүсээс холдуулж, ойд нь буцаах арга хэмжээ авч байгаа бөгөөд хүн, эд хөрөнгөд эрсдэл учруулсан нөхцөлд шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байгааг яамнаас мэдээлэв.

Монгол Улсад хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх хугацаа, хэмжээг жил бүр холбогдох шийдвэрээр зохицуулдаг. Харин 2026 онд самрын ургац болон зэрлэг амьтдын идэш тэжээлийн нөхцөлтэй холбоотойгоор самар түүж, бэлтгэхийг хориглож байна.

Ерөнхий сайд Н.Учрал өөрийнх нь хамаарал бүхий “Их засаг кинг“ сургуультай холбоотой асуудлаар АТГ-т хандахаар болжээ
Ерөнхий сайд Н.Учрал өөрийнх нь хамаарал бүхий “Их засаг кинг“ сургуультай холбоотой асуудлаар АТГ-т хандахаар болжээ
 
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!