
Монгол Улс шатахууны нийлүүлэлтийг урт хугацаанд тогтвортой болгох, дотоодын газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх, цаашлаад түлшийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлээр БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням БНХАУ-д ажиллах үеэрээ тус улсын газрын тос, эрчим хүчний салбарын томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж, шатахууны нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж болон нүүрс-химийн үйлдвэрлэлийн асуудлыг хэлэлцжээ.
Энэ хүрээнд CNPC компани есдүгээр сард Монгол Улсад 10 мянган тонн автобензин, 4000 тонн онгоцны түлш, 3000 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон байна. Мөн Монголын талаас есдүгээр сард нэмэлтээр 5000 тонн АИ-92 автобензин, 20-30 мянган тонн дизель түлш, аравдугаар сард 10 мянган тонн АИ-92, 30-40 мянган тонн дизель түлш нийлүүлэх хүсэлт хүргүүлж, шийдвэрлэхээр болжээ.
Түүнчлэн Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн олборлолтыг нэмэгдүүлэх, шинэ цооног өрөмдөх, нөөцийг дахин үнэлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр талууд тохиролцсон байна. АҮЭБ-ын сайд Г.Дамдинням шатахууны худалдааг цаашид богино хугацааны худалдан авалтаас урт хугацааны гэрээ, баталгаат хэмжээ, ил тод үнийн томьёолол болон төмөр замын логистиктой уялдсан тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байгааг онцолжээ.
Үүнээс гадна БНХАУ-ын CHN Energy Investment компанитай Монголын хүрэн нүүрсний нөөцийг түшиглэн нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах боломжийг хамтран судлахаар, NORINCO Group-тэй нүүрсийг гүн боловсруулах, нүүрс-химийн цогцолбор байгуулах чиглэлээр технологи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг судлахаар болсон байна. Ингэснээр Монгол Улс шатахууны импортын нийлүүлэлтийг тогтвортой байлгахын зэрэгцээ дотоодын газрын тосны олборлолтыг нэмэгдүүлж, урт хугацаанд өөрийн түлшний эх үүсвэртэй болох боломжийг эрэлхийлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!