
Сурагч хоорондын үл ойлголцол, маргаан бага насанд өдөр тутам тохиолддог энгийн харилцааны нэг хэсэг. Гэвч ийм жижиг маргаан бүрд эцэг эхчүүд шууд оролцож, хүүхдийнхээ өмнөөс асуудлыг шийдвэрлэхээр багш нарт нь хов хүргэх, нөгөө эцэг эхчүүд рүү чат бичиж, ярих нь ихэссэн. Тэгвэл энэ нь тухайн хүүхдэд ямар үр дагавар үзүүлдэг талаар Монгол гуравдугаар сургуулийн бага ангийн багш Э.Мөнхжаргалтай ярилцлаа-
–Бага ангийн сурагчдын дунд энгийн харилцааны үл ойлголцол, маргалдах тохиолдол хэр их гардаг вэ?
–Бага ангийн сурагчдын хувьд үл ойлголцох, маргалдах асуудал өдөр тутам гардаг. Ерөнхийдөө хүүхдийн нас бага учраас аливааг өөрийн өнцгөөс хардаг. Өнөөдөр хүүхдүүд бүрэн төлөвшөөгүй, бие даах чадвар сул байх үедээ сургуульд орж байна. Хүүхэд багаасаа “би” биш “бид” гэсэн ойлголттой болж, бусадтай хамтарч сурах хэрэгтэй. Гэтэл дөнгөж сургуульд орж байгаа хүүхдүүд ихэвчлэн “би” төвтэй байдаг. Үүнээс болоод хоорондоо үл ойлголцох, маргалдах тохиолдол их гардаг.
–Маргаан ихэвчлэн ямар асуудал гардаг вэ. Гадуурхалт, дээрэлхэлт үү эсвэл энгийн хүүхэд хоорондын маргаан уу?
–Насны хувьд бага хүүхдүүдийн дунд шоглох, дээрэлхэх тохиолдол харьцангуй цөөн. Харин өдөр тутмын энгийн маргаан их гардаг. Жишээлбэл, “Энэ миний юм”, “Би түрүүлж авах ёстой”, “Би тэгэх ёстой” гэсэн байдлаас маргаан үүснэ. Бүх зүйлд “би” гэсэн өнцгөөс хандаж байгаа учраас хамтарч суралцахад хүндрэлтэй болдог. Тухайлбал, багш нэг үг хэлэхэд “Багш эхлээд надад хэлэх ёстой”, ямар нэг зүйл тараахад “Надад түрүүлж өгөх ёстой” гэсэн хандлага гардаг.
-Хүүхдүүд хоорондоо маргалдсан үед эцэг эхчүүд шууд оролцож, хүүхдийнхээ өмнөөс гомдол гаргах тохиолдол ажиглагддаг уу?
-Үнэндээ сурагч хоорондын жижиг маргааныг эхлээд өөрсдөөр нь шийдүүлэх хэрэгтэй байдаг. Гэтэл эцэг эхчүүд энэ асуудалд байнга оролцох болсон. “Манай хүүхдийг ингэж хэлсэн”, “Та ингэж хэлэх ёстой байсан”, “Манай хүүхдэд эхлээд өгчихгүй яасан юм” гэх мэтээр гомдол мэдүүлдэг. Жишээлбэл, хоёр найз дэвтэр, цүнхээ булаацалдсан байхад “Манай хүүхдийн юмыг авчихсан байна” гэх мэтээр хүлээж авч, өдөр тутмын жижиг асуудлыг томруулдаг. Ерөөсөө “Бидний хүүхдүүд хамт сурч байна” гэж харахгүйгээр зөвхөн “миний хүүхэд” гэсэн өнцгөөс маргаан болгонд оролцож байгаа нь хүүхдийг бие даах чадваргүй болгоно. Цаашид хүүхэд анги хамт олон, найз нөхөдтэйгөө харилцахдаа жижиг асуудлыг өөрөө шийдэж, гарц гаргалгаа олж чадахгүй болох эрсдэлтэй. Бүх асуудлынх нь өмнөөс эцэг, эх нь шийдвэр гаргаад байхаар хүүхэд өөрөө дүгнэлт хийх, сонголт хийх чадваргүй болдог. Товчхондоо, бие даан сурах, асуудлыг өөрөө шийдэх чадвар сул хүүхэд бий болж байна.
–Энэ нь байдал цаг үе өөрчлөгдсөнтэй холбоотой гэж та боддог уу. 15 жил багшилсан хүний хувьд өмнөх үеийн хүүхдүүдтэй харьцуулахад ямар ялгаа ажиглагддаг вэ?
-Хэдэн жилийн өмнө эцэг эхчүүд сурагч хоорондын маргааныг том асуудал болголгүй, хүүхдүүдийг хооронд нь ярилцуулж, ойлголцуулж, асуудлыг өөрсдөөр нь шийдүүлэх хандлагатай байсан. Харин сүүлийн 5-6 жилд эцэг эхчүүдийн хандлага өөрчлөгдсөн. Магадгүй шинэ үеийн эцэг эхчүүд ихэссэнтэй холбоотой байж болох юм. Хүүхдэд асуудлаа өөрөө шийдэх орон зайг өгөхөө больсон гэж ажигладаг. Энэ нь хүүхдийг буруу хүмүүжүүлж байгаа нэг хэлбэр гэж боддог. Зөвхөн эцэг эхчүүд ч биш, эмээ, өвөө нар ч ач, зээгээ буруу хайрлаж, хэт өмөөрч өсгөж байна уу даа гэж багш хүний хувьд хардаг.
-Эцэг эхчүүд “Ямар үед би хүүхдээ өмөөрөх ёстой вэ”, “Ямар үед хамгаалах ёстой вэ” гэдгээ ялгаж ойлгох хэрэгтэй-
-“Хүүхдээ хамгаалах” болон “Хүүхдийнхээ өмнөөс бүх асуудлыг шийдэх” хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?
-Хүүхдээ хамгаалах, хүүхдийнхээ өмнөөс бүхнийг хийх хоёр өөр асуудал. Хүүхдээ хамгаалах нь мэдээж эцэг эхийн үүрэг. Гэхдээ ямар тохиолдолд хүүхдээ хамгаалах ёстойгоо мэддэг байх хэрэгтэй. Хүүхэд найз нөхөд, үеийнхэнтэйгээ үл ойлголцсон бүх асуудалд эцэг эх нь шууд оролцоод байж болохгүй. Бүх асуудалд нь оролцохоос өмнө хүүхэдтэйгээ маш сайн ярилцаж сурах хэрэгтэй. Шууд “миний хүүхэд” гэсэн өнцгөөс хандаж, хүүхдийнхээ буруу үйлдлийг ч ойлголгүй өмөөрөөд байвал энэ нь хүүхдэд буруу ойлголт өгдөг. Хүүхэд өөрийнхөө алдааг ойлгож, ухамсарлах боломжгүй болно. Цаашлаад багштайгаа харилцах харилцаанд нь ч нөлөөлнө. Нөгөө талаас, бусад хүүхдүүд тухайн хүүхэдтэй харилцахдаа хөндийрөх үзэгдэл гарч болно. Харин хүүхдээ хамгаална гэдэг нь багаас нь бие даалгаж, бусадтай хэрхэн харилцах, асуудлыг хэрхэн шийдэх, сурах чадварт нь дэмжлэг үзүүлж, өөрсдөө үлгэрлэх явдал юм. Хамаагүй зүйл дээр байнга өмөөрснөөрөө хүүхэд өөрийгөө хамгаалах чадвартай болдоггүй, харин ч өөрөө асуудлаа шийдэх чадваргүй болж байна гэж ойлгож болно. Тиймээс эцэг эхчүүд “Ямар үед би хүүхдээ өмөөрөх ёстой вэ”, “Ямар үед хамгаалах ёстой вэ” гэдгээ ялгаж ойлгох хэрэгтэй. Үүний тулд эцэг эхчүүд өөрсдөө эхлээд өөрсдөө төлөвших шаардлагатай.
-Хүүхдийг үнэхээр хамгаалах шаардлагатай нөхцөл гэдэгт юуг ойлгох вэ?
-Хэрэв тухайн хүүхэд дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байгаа бол мэдээж асуудлыг орхиж болохгүй. Ийм үед багш, эцэг эх, хүүхэд гэсэн гурван талын ярилцлага хийж, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ингэж ярилцаж, учир шалтгааныг нь ойлгуулснаар хүүхэд “Энэ үед миний зөв байсан, буруу байсан” гэдгийг ялгаж сурна.
-Хүүхдүүд хоорондын жижиг маргааныг эцэг эхчүүд хэт том асуудал болгосноор цаашид ямар үр дагавар гарч болох вэ?
-Хүүхдийн хоорондын жижиг маргаан бүрийг эцэг эхчүүд том асуудал болгож, өмнөөс нь шийдээд байвал хүүхэд өөрөө асуудал шийдвэрлэх чадваргүй болно. Мөн уур уцаартай болох, бусадтай харилцахдаа асуудалтай болох, цаашлаад дунд, ахлах ангид ороод багаар ажиллах чадваргүй болох эрсдэлтэй.
Бусдын санал бодлыг сонсохгүй, зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг хүн болж төлөвших хандлага ч үүсэж болно.
Тиймээс хүүхэд бүрийн өмнөөс асуудлыг шийдэхээс илүү тухайн хүүхдэд асуудлаа өөрөө шийдэх боломж, орон зайг нь өгөх хэрэгтэй. Эцэг эхийн хамгийн том хамгаалалт бол хүүхдийнхээ өмнөөс бүхнийг хийх биш, харин хүүхдээ өөрөө зөв шийдвэр гаргаж чаддаг хүн болгон төлөвшүүлэх явдал юм.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!