-Монголбанкны Хяналт шалгалтын газрын Зээлийн мэдээллийн хэлтсийн захирал Л.Дөлгөөнөөс зээлийн оноо болон аппликейшны зээлтэй холбоотой зарим асуудлаар тодрууллаа-
-Зээлийн онооны системд шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдэж байгаа мэдээллүүдээс харахад, иргэд зээлийн оноо тал дээр хэр мэдээлэлтэй, түүнийгаа анхаардаг болсон байна вэ?
-Зээлийн онооны систем хэрэглээнд нэвтэрснээр зээлээ тогтмол төлөөд явж буй иргэдийн хувьд өндөр дүнтэй, бага хүүтэй зээл авах боломж бүрдэж байгаа юм. Өмнө нь зээлийн нэг л түүх нь муу байвал зээл олгохоос татгалздаг жишиг байсан. Энэ байдлыг арилгаж, иргэний санхүүгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх тал дээр энэхүү онооны систем нь давуу тал үүсгэж буй юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд харахад иргэд зээлийн оноог зээлийн мэдээллийн сантай хольж ойлгох тал байна. Сар бүрийн зээлийн эргэн төлөлтөөс хамаарч тухайн зээлийн оноо тогтож байгаа юм. Яагаад гэвэл зээлийн оноо нь тухайн иргэний зээл төлөлтийн зан төлөв, санхүүгийн сахилга батыг харуулж байдаг. Нэг ёсондоо зээл авчхаад төлөхгүй байж байснаа гялс төлчихвөл зээлийн оноо маань дээшилчих юм байна гэж бодож болохгүй. Сар бүрийн зээлийн эргэн төлөлтөө л тогтмол хийгээд явах чухал. Үүний үр дүнд тухайн хүн санхүүгийн сахилга батаа хадгалж, оноогоо өндөрт барина л гэсэн үг юм.
-Банкууд зээл гаргахад баримтлах зээлийн онооны босгоо өөрсдөө тогтоож байгаа юу. Эсвэл Монголбанк болон СЗХ-ноос тодорхой онооны босго тогтоодог уу?
-Монголбанкны хувьд тухайн зээлжих зэрэглэлийн оноо тооцох аргачлал тал дээр суурь ямар мэдээлэл ашиглах вэ гэдгийг л хуулиараа зохицуулж өгч байгаа. Зээлийн оноотой холбоотой босгыг тухайн санхүүгийн байгууллага өөрөө тогтоож байгаа. Учир нь энэ нь тухайн банкын өөрийнх нь зээл олголтын шийдвэр. Банк өөрөө босгоо тогтоох нь давуу талтай. Банк эрсдэл багатай сегмент рүү зээл гаргамаар байвал босгоо өндөр тавьж болно. Оноо бага иргэд рүү чиглэсэн зээл гаргамаар байгаа байгууллага ч байж болно шүү дээ. Тухайн байгуулагууд нь босгоо арай бага түвшинд тавьчихана. Тэгэхээр иргэдийн хувьд онооноос хамаараад санхүүгийн хязгаарлалтад орохгүй байх нөхцөлийг бүрдэж байгаа юм.
-Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдэж байгаа иргэдийн мэдээллийг харахад сайн, муу ямар өөрчлөлтийг үзүүлж байна вэ. Иргэд аппликейшны зээлийг гол төлөв их ашигладаг болсон. Энэ утгаараа аппликейшны зээл хэр ирж орж ирдэг вэ?
-Мөнгөн дүнгээр харвал банкны сектор том хэвээр байна. Гэхдээ аппликейшны зээлийн хувьд жижиг дүнтэй олон зээлийг гаргадаг. Аппликейшны зээлүүд нь ихэвчлэн финтек буюу банк бус санхүүгийн байгууллагууд. Эдгээр байгууллагууд нь зээлийн тоогоороо олон болчхож байгаа юм. Зээлийн мэдээллийн сан дээрх гол зүйл нь зээл төлөлтийн түүх болохоос мөнгөн дүн чухал биш. Тухайн зээл нь хугацаандаа төлөгдөж байгаа эсэхийг харах чухал учраас банк бусын зээлийн мэдээлэл нь тоогоороо олон. Банкууд гол төлөв ААН, төсөл хөтөлбөр, бизнес рүү чиглэсэн зээл, цахим зээлийн хэмжээгээрээ олон байгаа. Энэ утгаараа тоо нь банк бустай харьцуулахад бага байгаа. Аппликейшны зээлүүд тоогоороо өндөр байгаа учраас оноо тооцоололт дээр илүү нөлөөлж байгаа гэсэн үг.
-Иргэд өдөрт хамгийн багадаа аппликейшнээс 50 мянгаар 5,6 удаа аваад буцааж төлдөг тохиолдлууд их байдаг-

-Хамгийн бага дүнтэй орж ирж байгаа нь хэд байгаа вэ?
-Аппликейшны хувьд янз бүр байгаа шүү дээ. Танд магадгүй 200 мянга эсхүл 2 сая төгрөгийн эрх ч тогтож болно. Түүнээсээ хамаараад иргэн 50 мянга, 100 мянга гээд хэдийг ч авч болно. Хараад байхад зээлийн мэдээллийн сан дээр хамгийн доод дүн нь 50 мянган төгрөгөөр орж ирдэг. Өдөрт 50 мянгаар 5,6 удаа аваад буцааж төлдөг тохиолдлууд их байдаг.
-Аппликейшн ашиглаж зээл авах нь нийгэмд энгийн зүйл мэт болсон байна. Энэ нөхцөлд иргэд зээлийн оноогоо өндөр хадгалахын тулд юун дээр анхаарах ёстой юм бэ?
-Тухайн иргэн санхүүгийн сахилга батыг хадгалаад зээлээ цаг хугацаанд нь төлдөг байх нь хамгийн чухал байна. Үүнийгээ барьж чадвал оноогоо өндөрт хадгална. Хоёрдугаарт, тухайн иргэн өөрийн өр, орлогын харьцааг тодорхойлоод өрийн хэт дарамтад орохгүйн тулд олон аппликейшнээс зээл авахгүй байх хэрэгтэй. Жишээлбэл, өнөөдөр банк дээр ипотек, цалин зээлтэй байж нэмээд өдөр тутмын хэрэглээндээ ашиглахаар аппликейшны зээл авлаа гэж бодъё. Санхүүгээ зөв тооцоолоогүйгээс шалтгаалаад аппликейшны зээлээ төлж чадахгүй байдалд хүрэх, цалингийн зээл төлөлтөө хоцроох зэрэг эрсдэлд орж байгаа тохиолдлууд байна. Иймээс тухайн иргэн өөрөө санхүүгийн тооцооллоо зөв хийх шаардлагатай. Аппликейшны зээл хэт хурдан манай улсад өргөн тархсан гэдэг утгаараа иргэд нэг дор олон аппликейшнээс зээл авч, өөрсдийгөө санхүүгийн эрсдэлд оруулах нь нэмэгдсэн. Үүн дээр нь Монголбанк болоод Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой хязгаарлалт тавьж ажиллаж байгаа.
-Нөгөө талдаа зээл олгож буй ББСБ-ууд дээр ямар шаардлага тавьдаг юм бэ?
-Аппликейшнээр зээл олгож байгаа финтек байгууллагуудын эрх тооцоолох аргачлалыг СЗХ-ноос баталсан байдаг. Холбогдох нарийн мэдээллийг СЗХ-ноос авах нь зөв. Гэхдээ иргэн хамгийн сүүлд хэдэн байгууллагад 3-аас дээш байгууллагад зээл судлуулах хүсэлт өгсөн байвал автоматаар эрх үүсгэхгүй байх зохицуулалтыг сүүлд оруулж өгсөн. Мөн үннтэй адилаар Монголбанк ч гэсэн банкуудад энэ чиглэлд анхаарч ажиллах чиглэлийг хүргүүлэхээр ажиллаж байна. Бид эхний ээлжинд системийн шинэчлэл талын асуудалдаа түлхүү анхаарсан.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!