
Халуухан хавар "халуухан намар"-аар үргэлжилж эхэлснийг төсөв дунд "нуугдсан" 3.5 тэрбумын асуудал мэдэгдлээ. Хоёрхон өдрийн дотор ч гэлээ Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд төсөв хуваарилахаар тусгасан гэх энэ асуудал аль хэдийнэ өндрийг аваад байна. Учир нь энэ "хэрүүлийн алим" ямар хэмжээнд хүрснийг Ерөнхий сайд өөрийн биеэр Авлигатай тэмцэх газрын босгыг давснаас харж болохоор. Гэхдээ энд нэг зүйл анхаарал татаж буй нь, олон нийтийн анхаарал “3.5 тэрбумыг хэн төсөвт суулгав, ашиг сонирхлын зөрчил үүсчхэж байгаа юм биш үү” гэдэгт төвлөрч байхад Ерөнхий сайдын хариултын гол түлхүүр үг нь “улстөржилт” байв. Ямар сайндаа тэрбээр "Төсвийг харлуулах гэсэн оролдлогыг зүгээр хараад суухгүй. Хэн нэгний өгсөн excel файлыг сэвээд байх шаардлагагүй" гэх эзэн хаяг нь тодорхойгүй үгийг хүртэл мэдэгдэл дундаа хавчуулж харагдана лээ.
ЕРӨНХИЙ САЙДЫН ҮГ ЗГ ДОТОРХ "30-ЫН БҮЛЭГ"-ИЙН САЙД НАР РУУ ЧИГЛЭСЭН ҮҮ
Ерөнхий сайдын АТГ-ын гадаа хийсэн мэдэгдлээс анхаарал татах нэг өнцөг нь, кабинет дотроос өөрийнх нь эсрэг ажилласан уу гэдгийг шалгуулахаа мэдэгдсэн явдал. Магадгүй Н.Учрал энэ үгээ нам доторх бүр цаашилбал Засгийн газар доторх "30-ын бүлэг" рүү хандуулсан уу гэдэг сонирхолтой. Учир нь Засгийн газарт МАН-ын "30"-ын талаас орж ажиллаж буй нэр бүхий таван сайд бий. Үүнд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Амарсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нар багтана. Үүн дээр нэмэгдээд төсөв оруулж ирсэн Сангийн сайд З.Мэндсайхан, салбарын асуудал нь сөхөгдсөн Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарыг ч хэлж байх магадлалтай. Ямартай ч Ерөнхий сайд кабинеттайгаа холбоотой асуудлыг санамсаргүй амнаасаа унагаачихаагүй л болов уу. Дүгнээд хэлэхэд, энэ нөхцөл байдал Н.Учралын ЗГ дотроо хагаралтай байгааг харуулав бололтой.
САЙД НАРЫН "МАРАФОН" ЕРӨНХИЙ САЙДАА УЛАМ МУУХАЙ ХАРАГДУУЛАВ
Өнгөрөгч хоёр өдрийн турш энэ асуудал дээр хэн үнэн хэлж байгааг хэлэхэд хэцүү байлаа. Учир нь бүхэл бүтэн салбар яамных нь Төрийн нарийн бичгийн даргын амнаас гарсан үгнийх нь "шүлс" ч хатаагүй байхад Сангийн сайд нь гарч ирээд үгүйсгэж байх жишээтэй. Үгүйсгэх үгүйсгэхдээ "Тэр нөхөр ямар зорилгоор төсвийн тодотголд байхгүй зүйлийг яриад байгааг мэдэхгүй байна" гэж үг хаясан нь бүр ч сонирхолтой. Үүнтэй залгуулаад гадаадад томилолттой яваа Боловсролын сайд нь яаран сандран гарч ирж, "Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэг хүсэлт гаргаагүйг хариуцлагатай хэлье" гэж мэдэгдэв. Ийнхүү Ерөнхий сайдаа "хамгаалах" гэсэн сайд нарын марафон өөрсдийг нь, ЗГ-ыг нь бүр ч муухай харагдууллаа. Угтаа бол үнэхээр л ашиг сонирхлын зөрчил бий болохоор зүйл байхгүй бол тоо харуулж яриад, хуулийн байгууллагын үр дүнгээ мэдэгдчихэд л болох зүйл шүү дээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!