
-Долоодугаар сарын 9-
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Ц.Л ажлаасаа гарсан өдрөөсөө хойш гэртээ ирсэнгүй. Ажилдаа ч эргэж очсонгүй. Ингээд нэг хүний сураг тасарч, ар гэрийнхнийх нь хувьд хүүгээ хүлээсэн урт, хүнд хоёр сар эхэлсэн байна. Гэвч долоодугаар сарын 10-нд Г гэх хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ түүнтэй маргалдаж, хутгалж амь насыг нь хохироосон байж. Өөрөөр хэлбэл, Ц.Л-ийн сураг тасарсан гэх өдрөөс ердөө нэг хоногийн дараа түүний амь нас хохирсон байжээ.
Гэвч энэ бүхнийг ар гэрийнхэн нь тухайн үед мэдээгүй. Тэд хүүгээ хаа нэгтээ байгаа, удахгүй ирнэ гэж хүлээж байв.
-Наймдугаар сарын 18-
Ц.Л-ийн найз н.Халиунаа түүний фэйсбүүк хаягаар өөрөө нэвтрэхгүй байгаа талаар ар гэрийнхэнд нь хэлжээ.
Үүнээс гадна хүүгийнх нь цахим хаягт өөр хүн нэвтэрч байж болзошгүй гэх эргэлзээ ар гэрийнхэнд нь төрсөн байна. Ээжийнх нь ярьснаар, хүүгийнх нь чатаар “Амралтаараа Хөвсгөлд ажил хийж байна, сайн явна” гэх мэтээр харилцсан байсан аж. Гэвч уг мессежийг өөр хүн буюу хүүг нь хөнөөсөн этгээд өмнөөс нь бичсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.
Мөн хүү нь урьд өмнө нь бараг мөнгө нэхдэггүй байсан ч алга болохынхоо өмнө “Мөнгө өгөөч” хэмээн давтан бичиж, үг яриа, харилцааны байдал нь өөрчлөгдөж байсан талаар ээж нь хэвлэлд ярилцлага өгсөн байдаг.
Ийнхүү эргэлзээ төрсөн даруйд ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд улмаар наймдугаар сарын 19-нд “Манай хүү Л нь долоодугаар сарын 9-нд гэрээсээ гарч яваад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тэр үед ээж нь хүүгээ амьд байгаа гэж итгэж байлаа.
-Есдүгээр сарын 4-
Хүүгээ сураггүй болсон гэх мэдээллийг олон нийтэд хүргэсний дараа ээж нь хэвлэлд ярилцлага өгсөн. Тэрбээр хүүгээ амьд мэнд олдоосой гэж өдөр бүр залбирч, хүлээсээр байгаагаа ярьсан байдаг. Түүний хувьд хамгийн хүнд зүйл нь хүү нь хаана байгаа, юу болсон, ямар байдалтай байгааг мэдэхгүй явдал байв. Мөн хүүтэй нь хамгийн сүүлд хамт байсан хүмүүсийн ярьж буй зүйл хоорондоо зөрүүтэй байгааг ээж нь онцолж, энэ нь түүнд эргэлзээ төрүүлж байгааг хэлсэн юм.
Хүүгийнх нь утас наймдугаар сарын 23-наас хойш холбогдохгүй байсан ч есдүгээр сарын 3-нд гэнэт холбогдож, залгахад нэг удаа дуугараад унтарсан талаар ч ээж нь ярьсан. Мөн тэрбээр Ц.Л-ийн амиа алдсан долоодугаар сарын 10-наас хойш фэйсбүүк ойролцоогоор гурван хоног тутамд нэвтэрч байгаа мэт харагдаж байсан гэх мэдээллийг ч өгсөн юм.
Гэвч тэр үед ар гэрийнхэн нь хүүгээ амьд байгаа гэсэн итгэлээ алдаагүй байв.
-Есдүгээр сарын 5-
Эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд хэрэгт холбогдуулан нэг хүнийг саатуулсан талаар мэдээлэл гарсан.
-Есдүгээр сарын 6-
Цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлэл өглөө. Эрэн сурвалжлах ажиллагааны явцад Ц.Л-ийн амь нас хохирсон нөхцөл байдлыг илрүүлсэн бөгөөд Г гэх этгээдийг сэжигтнээр цагдан хорьжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагад өнгөрсөн наймдугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь долоодугаар сарын 09-нд гэрээсээ гарч яваад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Эрэн сурвалжлах ажиллагааны явцад амь хохирогч Л-ийг энэ долоодугаар сарын 10-нд Г нь согтуурсан үедээ маргалдаж, хутгалж, амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, сэжигтэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тус хэрэгт холдогдуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байгаа" гэх тайлбарыг өгсөн байдаг.
Ингэж хоёр сар шахам хугацаанд “Хүү минь хаана байгаа бол” хэмээн өдөр бүр хүлээсэн нэгэн ээжийн асуултын цаана хүний амь нас хохирсон гэх аймшигт үнэн гарч ирэв.
Гэхдээ энэ хэргийн цаана зөвхөн гэмт хэргийн үйлдэл гэхээс илүү олон асуулт үлдэж байна...
Ц.Л Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч байсан.
Тэгвэл тэр долоодугаар сарын 9-нд сураггүй болсноос хойш наймдугаар сарын 18-нд ар гэрийнхэн нь өөрсдөө асуудлыг мэдэж, цагдаад хандах хүртэл хугацаанд 032 дугаар ангийн удирдлага юу хийж байсан бэ.
Алба хаагч нь ажилдаа ирэхгүй, сураггүй болсныг хэзээ мэдэгдсэн бэ.
Ар гэрийнхэнтэй нь байгууллагын зүгээс хэзээ холбогдсон бэ.
Түүнийг эрэн сурвалжлах, сураггүй болсон талаар холбогдох байгууллагад мэдээлэх ямар ажиллагааг тухайн үед зохион байгуулсан бэ.
Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авсан бол ямар арга хэмжээ авч, ямар үр дүнд хүрсэн бэ.
Эдгээр асуултын хариулт олон нийтэд тодорхой биш хэвээр байна.
Нэг хүний алтан амь, ар гэрийнхний хоёр сарын хүлээлт, үнэнийг мэдэх эрхийн тухай асуудал. Хүний амь нас бол албан бичгийн нэг мөр, бүртгэлийн нэг дугаар биш.
Ц.Л-ийн ар гэрийнхэн хоёр сарын турш хүүгээ амьд байгаа гэж найдаж, хаалгаа харан хүлээсэн.
Өнөөдөр цагдаагийн байгууллагын мэдээллээр түүний амь нас хохирсон гэв. Одоо мөрдөн шалгах ажиллагаа хэргийг эцэслэн тогтоох учиртай.
Харин түүнтэй зэрэгцэн “Яагаад энэ бүхнийг эрт илрүүлж болоогүй вэ”, “Хоёр сарын хугацаанд хэн, ямар хариуцлага хүлээсэн бэ" гэх асуулт ч хариултаа нэхэж байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!