
Монголын сагсан бөмбөгийн залуу од Шаравжамцын Энхийн-Од энэ сарын 14-нд АНУ-ыг зорьж, мэргэжлийн карьерынхаа дараагийн алхмыг хийхээр бэлтгэж байна.
Тэрбээр энэ жил NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч 30 багийн аль нэгэн багт нь хараахан сонгогдож чадаагүй. Ингэснээр драфтаар сонгогдоогүй хэдий ч чөлөөт agent-ийн хувиар NBA болон NBA G League-ийн багуудтай гэрээ байгуулах боломжтой болсон юм.
Одоогоор Ш.Энхийн-Одод NBA-ийн хөгжлийн лиг буюу G League-ийн хоёр багаас санал ирсэн бөгөөд тэрбээр АНУ-д очсоныхоо дараа эдгээр саналаас нэгийг нь сонгон шинэ багтайгаа нэгдэхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь түүний мэргэжлийн сагсан бөмбөгийн замналын дараагийн чухал алхам болох юм.
Ш.Энхийн-Од өнгөрсөн хугацаанд NCAA-ийн нэгдүгээр дивизионд “Dayton Flyers” багийн бүрэлдэхүүнд тоглож, улмаар NBA-ийн драфтад нэрээ өгсөн Монголын анхны тоглогч болсон
Түүний хувьд G League-д тоглох нь NBA-ийн багуудын анхаарлыг татаж, цаашид үндсэн NBA-ийн бүрэлдэхүүнд багтах боломжоо нэмэгдүүлэх чухал шат байж болох юм. G League нь NBA-ийн багуудын залуу тоглогчид, шинэ тоглогчид болон NBA-д өөрийгөө харуулахыг зорьж буй тамирчдын өрсөлддөг мэргэжлийн лиг билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!